ДОХ-ын халдвартай иргэдийн эмчилгээнд 190 сая төгрөг төсөвлөжээ
- 2014-12-02
- Эрүүл мэнд
- 0
Дархлалын олдмол хомсдол/ДОХ/-той тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиов. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас удирдамж батлан гаргаж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, “Бид хамтдаа сэргийлж чадна” өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгууллаа. 1988 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ болон ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж хэвшсэн. Энэ өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан бөгөөд 1996 оноос НҮБ-ын дэргэдэх “UNAIDS” байгууллага зохион байгуулах болжээ. Хамгийн аюултай халдварт өвчний нэг болсон/ХДХВ/ ДОХ-ын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, энэ өвчинтэй илүү үр дүнтэй, уялдаа холбоотой хамтран тэмцэх, дэлхий даяар урьдчилан сэргийлж, хор уршгийг нь ухуулан таниулах зорилгоор энэ өдрийг онцолдог. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-өөс өчигдөр хийсэн мэдээллээр манай улсад ДОХ-ын халдвар тээсэн 181 хүн байгаа аж. Одоогоор 24 хүн ДОХ-ын улмаас нас барсан бөгөөд 117 нь уг өвчний вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Мөн ХДХВ болон ДОХ-ын халдвартай хүмүүсийн шинэ тохиолдлын 20 гаруй хувийг 15-24 насныхан эзэлдэг гэсэн харамсалтай мэдээлэл байна. ХДХВ-ын халдвартай11 эх төрсний10 ураг нь эрүүл төрсөн хэмээн оношилсон байна. Мөн2015 онд190 сая төгрөгийг халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээллээ. “UNAIDS”-ийн мэдээлснээс үзвэл, өдгөө 15-49 насны 35.7 сая хүн ДОХ-ын халдвартай бөгөөд тэдний 26 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг аж. ДОХ- ын халдвар шинээр авсан хүний 30 гаруй хувь нь Сахарын цөлөөс өмнө зүгт орших Африкийн найман оронд бүртгэгддэг байна. ДОХ нь хүний дархлал хомсдолын вирусээр дамжин халдварлаж дархлалын тогтолцоог гэмтээдэг өвчин юм. Өвчний төгсгөлийн шат буюу ДОХ өвчин хүндэрвэл тухайн хүний дархлааны систем устаж, гадны халдвараас хамгаалах чадваргүй болдог аюултай. Дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг бүрэн төгс эмчилгээг хайж байгаа хэдий ч хараахан олоогүй байна. Харин вирусыг саармагжуулах эмчилгээг л хийж байгаа юм. ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагддаг байна. Манай улсад одоогоор ДОХ-ын нийт 181 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд анхны тохиолдлыг 1992 онд бүртгэж байжээ. Эдгээр тохиолдлын 98 хувь нь бэлгийн замаар халдвар авсан учир иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулах нь чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Б.дэлгэр

Сэтгэгдэл (0)