“Эмнэлэг эрүүлжүүлэх болсон уу?”
- 2015-01-08
- Эрүүл мэнд
- 0

Яг энэ асуудлаар үүсээд буй нөхцөл байдлыг нэхэн сурвалжилснаа цөөн мөрөөр сийрүүлье.
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулинд өөрчлөлт оруулснаар 2014 оны 10 сараас эхлэн Эрүүл мэндийн салбарт уг хуулийг хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг өгснөөр асуудал эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээр тус салбарт хүндрэлтэй, ээдрээтэй олон асуудлууд үүсч, улмаар дарамт болж байна гэдгийг эмч, ажилчид, эмнэлгээр үйлчлүүлэгчид хэлж байна.
Согтуу иргэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр очсон эмч нарт биеэ үзүүлэхгүй агсам тавих, зодох, цохих зэрэг зүй бус авир гаргаж, эмч, эмнэлгийн ажилчдын биед гэмтэл учруулсан тохиолдол цөөн бус удаа гарчээ. Мөн архины хордлого тайлах эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт ирсэн согтуу иргэдийг эмчлэх явцад эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, танхайрах, тухайн орчноо нус, шүлс, бөөлжис гээд биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх бусад хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулах болжээ. Эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад тэдгээр зөрчил гаргагчид эмч, ажилчид, бусад эмчлүүлэгчдийн эрх ашигт халдаж байгаа нь нүднээ бэлхэн аж. Өөрийгөө ч мэдэхгүй байгаа тэдгээр хүмүүс эмнэлгийн эрүүл ахуйн байдлыг алдагдуулж байгаа нь тодорхой харагдаж байв.
Эмч, эмнэлгийн ажилтнууд агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл, эрх зүйн орчин байдаггүй. Зөрчил дутагдал араасаа дагуулсан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулиа эргээд нэг харах хэрэгтэй болжээ. Хуулийн төсөл хэлцэгдэж байх үед дээрх нөхцөл байдал үүсч болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн салбарынхнаас удаа дараа сануулж, хуулийн төсөлд саналаа өгсөн байдаг. Гэвч хууль батлагдсан учраас өнөөдөр эмч, эмнэлгийнхэн өөрсдийн нөөц бололцоогоо шавхан эл хуулийг хэрэгжүүлээд л явж байна. Эрүүл мэндийн салбараа өөдтэй өнгөтэй болгоё гээд яриад байдаг ч энэ мэт хар бараанаар будаад байвал эрүүл мэндийн салбар чинь яаж өндийх юм бэ. Өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод эхлэхээрээ хэдэн эмч нь эмнэлгээсээ айж дүрвээд явчих вий.
Эмнэлгийг эрүүлжүүлэх байртай зүйрлэн согтуу хүн бүрийг эрүүл мэндийн байгуулагад хүлээлгэн өгөх ташаа ойлголт цагдаа, цагдаагийн байгууллагад ч байгаа гэдгийг гэрчтэйгээр хэлэх хүн байна. “Цагдаагийн эргүүл согтуу иргэдийг эрүүлжүүлэхгүйгээр шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрээд байна” хэмээн яаралтай тусламжийн тасгийн эмч нар хэлж байна. Эрүүлжүүлэх үйл явцад архины гүн хордлогод орж амь нас тэнссэн, зүрх судас, амьсгалын дутагдалд орсон иргэдийг эмнэлгийн байгуулагад авчирч хүлээлгэн өгөх, эмчийн үзлэг, эмчилгээг цагдаагийн хяналт дор үзүүлж ар гэрийнхэнд хүлээлгэн өгч байх хуулийн заалтыг тэр бүр биелүүлэхгүй байна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байх юм.
Бүх эмнэлгүүдэд орны хүртээмж хангалтгүй, хүлээгдэл ихтэй байдаг. Үүнээс үүдэн зөвхөн Нийслэлд жил болгон дунджаар 65500 иргэн эрүүлжүүлэгддэг гэж үзвэл хэвтэн эмчлүүлэгчдийн 40% нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болох юм. Түүнчлэн улирлын чанартай томуу, томуу төст өвчний халдвар ихэссэн үед тус өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед эрүүлжүүлэх тусламж үйлчилгээ аль ч эрүүл мэндийн байгуууллагад хүндрэл учруулж байна.
Дээрхи хуулийн 6.1-д Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тусгай байр нь аймаг, нийслэлд эрүүлжүүлэх байр нэртэйгээр байна гэжээ. Эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн салбарт одоогоор байхгүй. “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлд тусгаарлах өрөөний асуудлыг зохицуулж, өрөөний цонх нь сараалжин хамгаалалттай, хаалга нь гадна талаасаа түгжээтэй, хянах шагайвартай, агааржуулах салхивчтай, модон шалтай байна гэж заажээ. Гэвч эмнэлгийн байгууллагад ийм дүр зураг бүхий өрөө, тасалгааг бий болгочихоор тэнд эмчлүүлж буй бусад хүмүүс, эмч, ажилчид гээд эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл зүйд хүнд тусахгүй гэж үү. Хуулийг хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдээгүйгээс сүүлийн үед ажлаа хийж явсан эмч эмнэлгийн ажилчид шүүх, цагдаагийн байгууллагуудад байнга дуудагдах тохиолол нэг бус удаа гарч байгаа аж. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийг “албадан эрүүлжүүлэх” шинэ чиг үүрэг эмч нарт ноогдож, эмнэлгийн байгууллага “эрүүлжүүлэх байр” болох нь. Эмч өвчтөн, үйлчлүүлэгчдээ эмчлэх үүрэгтэй хүмүүс. Эрүүл мэндийн тухай хуульд “эмчлэх” гэдгийг өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагаа гэж тодорхойлж өгсөн байдаг.
“Эмнэлэг хоног төөрүүлэх газар биш”. Олон асуудлыг араасаа дагуулсан “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийг гуувиулагчид гарчээ. Архи хэтрүүлэн хэрэглэгчид эргүүлийн цагдааг ирэхээр жүжиглэж биеэ хянах чадваргүй болсон мэт жүжиглэж эмнэлэгт хурдхан хүргүүлэхийг боддог гэнэ. Дулаан тохилог, дээр нь цэвэрхэн тэр газар оччихоод эмч нарыг үзлэг хийх, эмчилгээнд оруулах гэхээр татгалзаад, төрөл бүрийн авир гаргадаг гэнэ. Цагдааг харахаар туйлын зовлонтой, босох, дуугарах ч тэнхэлгүй болж жүжиглээд, гараад явахаар нь жинхэнэ авираа гаргаж байна гэнэ. Элдэв юм авч шидлэнэ, эмнэлгийн хонгилоор орилж, хашгичина. Ачаалал ихтэй эмнэлэг энэ мэт зарим этгээдийн хоног төөрүүлэх газар болох нь.
ЭМСЯ-наас 2014 оны 10 сараас хойш 3 сарын хугацаанд Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлгүүдэд согтуугаар ирсэн 2890 иргэнд эмнэлгийн тусламжийг үзүүлж, 47 орчим сая төгрөгийн зардал гаргасан гэсэн тооцоог гаргажээ. Энэ зардал нь эмнэлгийн байгууллагын төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэнд тусгагдаагүй байдаг аж.




Сэтгэгдэл (0)