Ханиад хавтгайрч, эмийн үнэ тэнгэрт туллаа
- 2015-01-12
- Эрүүл мэнд
- 0

Сүүлийн үед ханиалгаж, толгой нь өвдөж, хамар нь битүүрсэн хүн энд тэндгүй алхах боллоо. Жил бүрийн өвөл буюу хүйтний улиралд иргэд ханиад томуунд дарлуулдаг гэхэд буруудахгүй. Тэр дундаа энэ жил цас багатай, дулаахан байснаас ханиад томуу агаарт дэгдэж, олон нийтийг хамраад байгаа юм. Ажлаа таслахгүйг бодсон иргэд, хичээл номоо цалгардуулахгүй гэсэн оюутнууд гээд ханиад туссан хүн бүр эмийн санг зорьж байна. Тэд өглөө босоод гэрээсээ гарч, эмийн сан ороод ажил, сургуульдаа явна. Харин орой нь ажлаа тараад дахиад л эмийн сан ороод гэртээ харина. Ийм л дүр зураг сүүлийн үед бидний дунд тодрох боллоо. Гэтэл энэ байдлыг далимдуулан эмийн сангууд эм, тарианыхаа үнийг аль хэдийнэ нэмээд амжжээ.
Эмийн сангууд ихэвчлэн ханиадны төрлийн эмнүүд дээрээ 300-2000 төгрөг нэмсэн байх жишээтэй. Энэ нь эдийн засгийн хямралд өртсөн ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа юм. Хоногийн хоол, түлээ нүүрсээ арай ядан аргацааж буй тэд ханиадны эмийг хэлсэн үнээр нь худалдаж авах боломжгүй учир шаардлагатай эм, тариагаа ширхэгээр авахыг илүүд үздэг байна. Гэтэл эмийн санчид орлогоо бодож эм, тариагаа ширхэгээр худалдаалдаггүй аж. Ингээд л хүмүүсийн ханиад томуу хүндэрч, хатгалгаа болж эмнэлгийн хаалга татахад хүрдэг гэнэ. Ийм нөхцөл байдалд хүргэхгүйн тулд зарим аймаг сургууль, цэцэрлэгтээ хөл хорио тогтоожээ. Харин нийслэлийн хувьд одоогоор сургууль, цэцэрлэг амарсан байгаа учир ханиад томуу бага зэрэг намжсан гэдгийг III шатлалын эмнэлгийн эмч нар хэлж байна. Харин хөл хөдөлгөөн ихэссэн үед ханиад томуу дахин газар авч, хүндэрсэн иргэд эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж магадгүй гэнэ. Энэ үед яах ёстой вэ. Эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүйн тул хөл хорио тогтоох нь зөв үү эсвэл, гэсэн сонголттой тулж байна. Эмийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг эмийн санчид ингэж тайлбарлаж байна. Тэд “Эмийн бөөний төвүүд үнээ нэмсэн учир бид ч мөн ялгаагүй нэмэхээс аргагүйд хүрсэн. Тэгээд ч ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнэ цаг үеэ дагаж нэмэгддэг шүү дээ” гэсэн хариултыг хэлж байлаа.
Тиймээс бид “Бөмбөгөр” худалдааны төвийн урд байрлах “Эм ханган нийлүүлэх бөөний төв”-үүдийг зорьсон юм. Биднийг очих үед “Ханиад хүрчихлээ. Ямар эм уувал сайн вэ гэж сурсан иргэн олон байв. Харин зарим нэг нь эмчийн бичиг, заавар зөвлөгөөг дагахгүйгээр найруулж уудаг сиропыг сонгож байх юм. Тэдгээр нь хамгийн багадаа 1500 төгрөгийн үнэтэй байв. Цаг үеэ дагаад гэдэг нь Цагаан сарын үеэр хэвийн боов, ууц, гарын бэлэг зэргийн үнэ тэнгэрт хаддаг. Үүнтэй л адил гэсэн санааг хэлж байгаа бололтой. Бараа бүтээгдэхүүний үнийг цаг үеэ дагаад нэмдэг нь үнэн. Гэхдээ эмийн үнэнд ийм байдлаар өөрчлөлт орж боломгүй. Учир нь, эрдэнэт хүний алтан амьтай холбоотой. Ханиад томуу болон ямар нэг төрлийн өвчин гарахад түүнийг дагаж тэр төрлийн эм бэлдмэл, тариа тарилганы үнэ тэнгэрт хадах нь шударга бус. Нэг ширхэг эмийн цаана нэг хүний эрүүл мэнд, нэг хүний цаана улс орны ирээдүй байдаг юм.
С.НЭМЭХ

Сэтгэгдэл (2)
Zochin (150.129.143.5)
Mongoloo aldsan tsagaan hoolton gegch
ЗОЧИН (103.10.23.62)
МАХАА ИДЭЭД ДАРХЛАА САЙТАЙ, ХАНИАД ХҮРЭХГҮЙ ЯВАА НЬ ХААНА БАЙНА, ЦАГААН ХООЛТНУУДЫГ МУУ ХЭЛЭЭД Л БАЙДАГ, МАХ ИДЭСНЭЭРЭЭ ЭРҮҮЛ САРУУЛ БАЙДАГ БОЛ МОНГОЛЧУУДЫН ДУНДАЖ НАСЛАЛТ 100 БАЙХ НЬ ЯАСИЙ, ХАР ЗАЛУУГААРАА ГҮЗЭЭГЭЭ УНЖУУЛСАН ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ Л БАЙНА, ЭРҮҮЛ САРУУЛ АМЬДРАХ УХААН ГЭЖ ОДООГИЙН МОНГОЛЧУУДАД ЕР НЬ БАЙНА УУ