Ш.Энхбат: Өвчтөнг эм тариагүйгээр эмчлэх болоод байна
- 2015-04-10
- Эрүүл мэнд
- 0
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбаттай ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарын төсвийг танасан. Зургаан сар гэхэд эмнэлгүүд эм тарианы нөөцгүй болно гэх мэдээлэл бий. Тэгэхээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн эм, тарианыхаа мөнгийг хувиасаа гаргана гэсэн үг үү?
-Эмнэлгүүд эм, тариа нийлүүлдэг компаниудаас яг одоо зээлээр эм авч байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмийн төсвийг 30 хувиар танасан. Дээр нь төсөвлөхдөө 1500-гаар нэг ам.долларыг бодсон. Гэтэл одоо 2000 төгрөгт хүрчихлээ. Өвчтөнд өгөх дөрвөн ширхэг эмийн нэг нь байхгүй болж байна гэсэн үг. Эмийн төсвийн 30 хувийг танахаар гурван ширхэг эмийн нэг нь бас л байхгүй болно. Дэлхий дахинд эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнийг огцом нэмсэн. Өнгөрсөн онтой энэ жилийг харьцуулахад эмийн төсвийн 50 хувь нь байхгүй болчихлоо. 50 хувь нь байхгүй болно гэдэг олон сөрөг асуудлыг араасаа дагуулах нь тодорхой. Эрүүл мэндийн байгууллагууд жилийн турш иргэдэд үйлчилж, эмчилгээ хийнэ. Зургаан сард нь эм тариатай өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин үлдэх саруудад нь эмч нар өвчтөнд ямар ч эм, тариагүй эмчилгээ хийх болчихоод байгаа юм. Тэгэхээр эмнэлэгт хүн хэвтэхгүй. Эсвэл өвчтөн өөрөө эм тариагаа худалдаж авахаас өөр ямар ч гарцгүй болж байна.
-Манай улс эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хаанаас оруулж ирдэг вэ?
-Дийлэнхийг нь Орос, Хятад улсаас оруулж ирдэг. Манай улсад зайлшгүй шаардлагатай 300 гаруй эм бий. Эрүүл мэнд, спортын яам шаардлагатай эмийг хүртэл бүрэн гүйцэд бүртгэж чадаагүй. Бүртгэж чадаагүй учраас хяналт тавих ямар ч механизм байхгүй.
-Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох тухай холбогдох албаныхан ярьж байсан. Гэтэл одоо чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болж байна вэ?
-Зам тээврийн яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгоно, төсөв мөнгийг нь шийдвэрлэчихсэн гэж ярьж байсан. Гэтэл одоо чимээгүй болчихлоо. Тухайн үед би хэлж байсан. Дараа жилийн арваннэгдүгээр сар гэхэд мартагдана гэж. Нэг Засгийн газар гарч ирээд эмнэлгийг контор болгодог. Дараачийн Засгийн газар нь контороо эмнэлэг болгож байна. Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод шинээр нэг ч эмнэлэг бариагүй. Барихгүй байгаа шалтгаан нь ард иргэдийн буруу биш. Бодлого хэрэгжүүлж буй яамны буруу. Төсөв мөнгөгүйдээ биш. Мөнгөөр бялхсан, энэ мөнгөөр юу хийх вэ гэсэн үе байсан шүү. Гэтэл Монгол Улсад ус агаар шиг хэрэгтэй зүйл эмнэлэг болчихоод байна.
-Дөрөвдүгээр төрөх эмнэлгийг хэзээ ашиглалтад оруулах вэ. Ажиллах боловсон хүчин хангалттай байгаа юү?
-Зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна. Тус эмнэлэгт ажиллах боловсон хүчнээ бид бэлтгэж байна. Өнгөрсөн онд 25 мэргэжилтэн бэлтгэлээ. Энэ жил 20 эмч бэлтгэж байгаа. Харамсалтай нь, манай улсад сувилагчийн тоо эрс багасч байна. Гадны улсад нэг эмчид гурван сувилагч ноогддог. Харин манайд нэг эмчид нэг сувилагч хүрэлцэхгүй байна.
-ХСҮТ-ийн төсвийг нэг тэрбумаар танасан. Иргэд хорт хавдрын хагалгаа хийлгэхэд зайлшгүй шаардлагатай “Ethicon”, “Аutosuture” эмийг гурван сая төгрөгөөр худалдан авч байна. Өмнө нь ХСҮТ-өөс тодорхой зардлыг нь гаргадаг байсан. Үүнийг шийдвэрлэх гарц бий юу?
-Миний хариуцах ажил биш л дээ. Гэхдээ эмч хүнийхээ хувьд тайлбар өгье. Дэлхийн бусад оронд өндөр үнэ өртөгтэй мэс ажилбарыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг. Мөн тухайн өвчтөний оролцоо тодорхой хэмжээгээр байдаг. Өртөг өндөртэй, эмнэлгийн тусламж, санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалаас хийнэ гэх заалтыг хуульд оруулж өгсөн. Зургадугаар сарын 1-нээс хуулийн дагуу иргэдэд үйлчилнэ
-Өнгөрсөн онд “Эрүүл мэндийн довтолгоо” нэрийдлээр 2.9 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Энэ ажлын хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлж, өрх бүрт тараана гэсэн ч өнөөг хүртэл алга. Эрүүл мэндийн салбарын бодлого буруу тийшээ явааг шүүмжлэх хүн олон бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эрүүл мэндийн сайд асан С.Удвалын үед Соёлын довтолгоо гэх ажлыг зохион байгуулсан. Гэтэл тэр нь огт хэрэгжилтгүй, үр дүнгүй ажил болоод өнгөрсөн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед олон тэрбум төгрөгийг салхинд хийсгээд хаячихсан. Ер нь аливаа ажлыг хийхдээ судалгаан дээр үндэслэж хийх ёстой. Ямар ч судалгаагүй, санааныхаа зоргоор хийж болохгүй. Бодлого нь буруу гарчихаар хэрэгжилт нь яаж зөв байх юм.
С.Ичинхорлоо

Сэтгэгдэл (1)
zochin (103.229.121.120)
Ene odoo uuruu eruul mendiin yamand chuham emnelgiin tuslamjiin gazriin darga hiij bhdaa emnelgee barichihgui yasiin? Muu horchin, agentlagiin darga bhdaa licenz, tusgai zuvshuurul, eruul mendiig demjih san geed estoi tsulmuj ugsun nuhur du. ATG shalgadaggui l ium bh da