Улаанбурхнаар өвчлөгсөд хэвтэх оргүй, хэрэглэх эм тариагүй байна
- 2015-05-06
- Эрүүл мэнд
- 0

Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчинд иргэд нэрвэгдэж, эмч нар ч эмчилгээ хийх эм, тарианы хангамж байхгүй болсныг хатуухан шүүмжилж байна. Учир нь, Засгийн газар энэ оны төсвийг батлахдаа эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаар гуравдугаар шат-лалын эмнэлгүүдийн төсвийг нэг тэрбумаар танасан. Эмнэлгүүдийн төсвийг танаснаас өвчтөнг эмчлэх эм, тарианы нөөц багасч, иргэдийн халааснаас эмчилгээний зардал гарах болсон. Нэг үгээр хэлэхэд, эрүүл мэндийн салбарын төсвийг танасны горыг өвчтөнүүд амсч эхэллээ. Өчигдөр л гэхэд ахындаа очиход дөрвөн настай охиных нь биеэр улаан тууралт гарч, халуурсан байдалтай хэвтэж байв. Учрыг тодруулахад “Өнгөр сөн баасан гаригт ХӨСҮТ-д үзүүлж, шинжилгээ хийлгэсэн. Улаанбурхан тусчихаж. Хэвтүүлэх ор байхгүй. Эмийн нөөц хомсодсон. Хоёр хоног жорын дагуу эм уулгаж байгаад даваа гаригт ирж үзүүл гэсэн” гэлээ. Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, аюулын харанга дэлдэж байгаа энэ үед “Эмийн нөөц хомсодсон” гэх үг өөрийн эрхгүй анхаарал татаж байсныг нуух юун. Эмийн нөөц үнэхээр хомсодсон уу, өвчтөнд эмчилгээ хийх хэдэн сарын нөөц байгааг тодруулахаар ХӨСҮТ-ийг зорив. Биднийг 11.00 цагийн үед очиход Хүлээн авах тасаг нэлээд ачаалалтай ажиллаж байв. “Улаанбурхан”, “Салхин цэцэг, “Гахайн хавдар” гэсэн бичигтэй хаалганы дэргэд хүмүүс урт дараалал үүсгэн зогсжээ. Тэдний дийлэнх нь хүүхдүүд байв. “Нэг блоконд нэг л өвчтөн үздэг тул та бүхэн хүлээцтэй хандана уу. Халдвартай тул хооронд хольж болохгүй” гэсэн сэрэмжлүүлгийг энд тэндгүй наасан байлаа. Нүүрээр нь улаан тууралт гарсан. Амны хаалт зүүсэн долоо орчим насны хүү “Ээж ээ, хамаг биеэр халуу төөнөөд загатнаад байна. Эмчид хурдан үзүүлье” гэж эхэр татан уйлах аж. Эмчид үзүүлэхээр дугаарлаад зогсч буй хүмүүсийн нүүрээр улаан тууралт гарчихаж. Бүгд л амны хаалт зүүж, өвчиндөө шаналсан дүр зураг л ажиглагдаж байлаа. Тэд хоорондоо “Хоёр, гурван цаг хүлээлээ. Яасан удаан үздэг юм бэ. Хүүхдээ үзүүлчихээд ажилдаа явах юмсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд улаанбурхны өвчлөл их байна. Хорио цээрийн дэглэм тогтоох хэрэгтэй. Халдвар эрчимтэй тарж байна” гэж ярилцаж байв. Нийслэлийн найман дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурхан өвчний нийт 2974 сэжигтэй тохиолдлыг бүртгэсэн байна. Үүнээс 388 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэл зүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д нийт 502 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс 165 хүний биеийн байдал хүнд байгаа бол 17 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Эмчид үзүүлээд улаанбурхан өвчин туссан, биеийн байдал хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгааг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг онцлон хэлж байсан юм. Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Сүүлийн хоёр сард улаанбурхнаар өвчлөгсдийн тоо огцом нэмэгдлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Улаанбурхан өвчний дэгдэлт дээд хэмжээндээ хүрчихсэн. ХӨСҮТ 530 ортой. Гэтэл одоо 792 ортой болтлоо өссөн байгаа юм. Сүрьеэгийн тасаг 204 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэнд нь улаанбурхан өвчнөөр өвдсөн хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Бага насны хүүхдүүд болон оюутнууд өвдөх нь ихэслээ. Их, дээд сургуулийн оюутнуудад вакцин хийгээгүй. Тиймээс бие биедээ тараагаад тархалт ихэсч байна.
-Эм, тарианы хомсдолд орж байна гэсэн. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн өөрөө эм, тариагаа авч байгаа нь үнэн үү?
-Эм, тарианы хангамж муу байна. Засгийн газраас эм тарианы хангамжид 400 орчим сая төгрөг төсөвлөж өгсөн. Одоогоор эм, тарианы хангамж ирээгүй. Зайлшгүй шаардлагатай эм тарианыхаа захиалгыг өгсөн. Өвчтөнөөр эм тариа авахуулсан тохиолдол цөөхөн. Ямар ч байсан зохицуулаад ажиллаж байна.
-Хоёр цаг хүлээж эмчид үзүүлж байна. Нэг эмч өдөрт хэчнээн хүнд үзлэг шинжилгээ хийж байна вэ?
-Эмч нар ачаалал ихтэй ажилладаг. Нэг эмч өдөрт 60-70 хүн үзэж байна. Хүлээн авахад гэхэд өдөрт 270 өвчтөнд үзлэг, шинжилгээ хийдэг.
-ХӨСҮТ-ийн төсвийг танаснаас зургадугаар сар гэхэд эм, тарианы хомсдолд орно. Өвчтөн эм, тариагаа өөрийнхөө халааснаас гаргана гэж ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн салбарын төсвийг танах нь буруу. Нэг тэрбум гаруй төгрөгөөр танасан. Манай эмнэлэг ДОХ, сүрьеэгээр өвчилсөн хүмүүст эмчилгээ хийдэг. Тухайлбал, сүрьеэгийн эм, тариа мэс заслын багаж төхөөрөмж их үнэтэй байдаг. Уушги тарьдаг аппарат гэхэд л 700, уушгины идээ соруулдаг аппарат 200 гаруй мянган төгрөг. Тэгэхээр төсөв танахаар иргэдэд л хэцүү шүү дээ. Сүрьеэтэй ядарсан ард түмэнд л хүндрэл үүснэ. Энэ бүхэнд ард түмэн их бухимдалтай байна шүү дээ.
-Манай улс улаанбурхан өвчнийг устгасан гэдэг. Яагаад ахин гарах болов?
-Амьсгалын замын өвчин. Миний бодлоор суурь өвчтэй хүүхдүүд вакцинд хамрагддаггүй. Тэр хүүхдүүд халдвар авснаас үүдэлтэй байж болзошгүй. Манай улсад дархлаажуулалтын вакциныг сайн хийсэн. Дархлаажуулалтын вакциныг захиалаад авсан. Энэ сарын 15-25-ны хооронд хийнэ. Вакцин хийгээд эхлэхээр улаанбурхны өвчлөл буурах байх.
С.Ичинхорлоо

Сэтгэгдэл (1)
(119.40.97.97)
baga angiin suragchidiig arai ert amraaj boldoggyi yum uu Bolovsroliin saidaa