Төв банкны бие даасан байдлыг хүндэтгэх ёстой
- 2015-03-12
- Үнэн
- 0
-Хөтөлбөр дангаараа улс орныг хөгжилд хүргэхгүй, харин цаашдын хөгжилд зайлшгүй шаардлагатай эдийн засгийн бүтцийг бий болгоход тусалдаг. Энгийнээр хэлэхэд шийдвэр гаргагчдыг популист тэнэг үйлдэл хийхгүй байхад нь тусалдаг-
Монголбанкны Ерөнхийлөгч асан Ж.Үнэнбаттай ярилцлаа.
-Төвбанкны бие даасан, хараат бус байдал гэдгийг та тайлбарлаач.
-Төв банкны бие даасан байдал гэдэг нь төв банкны үйл ажиллагаа улс төрийн хувьд Засгийн газрын нөлөөллөөс ангид байж хангагдах учиртай. Мэдээж, орчин үеийн практикт үнэмлэхүй хараат бус ажиллана гэж хаана ч байхгүй, гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын бага зэрэг нөлөөлөл оршсоор байна. Манай улс бусад олон улсын хандлагыг дагаад Төв банкны улс төрийн болон эдийн засгийн бие даасан байдлыг хуулиар баталгаажуулж өгсөн. Төв банкны үндсэн зорилгыг хуулиар тогтоож түүнд хүрэх бодлогоо бие даан тодорхойлж байгаа нь үүний гол шалгуур болохоос гадна удирдлагын томилгоо, төсвийн бие даасан байдал чухал байдаг. Монголбанк нь манай улсын макро эдийн засгийн бодлогыг тодорхойлогч гол институт болохын хувьд Монголбанкны нэр хүнд нь мөнгөний бодлогын нэр хүнд, түүнд итгэх итгэлтэй салшгүй холбоотой. Монголбанк ч үүнийгээ харуулах ёстой, улстөрчид ч төв банкны бие даасан байдлыг хүндэтгэх ёстой.
-Сүүлийн үед Төв банкны ажилтнуудад олгож буй орон сууцны зээлийн дэмжлэг тусламжийн талаар мэдээлэл гарах боллоо. Төв банкны хувьд хүний нөөцийн бодлого чухам ямар байх ёстой юм бэ?
-Монгол Улсын эдийн засгийн бодлого тодорхойлоход оролцож буй Төв банкны хувьд хүний нөөцийн бодлого нь тогтвортой, урт хугацааных байх ёстой. Мэдлэгтэй, чадвартай, бүтээмж өндөртэй боловсон хүчнийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах нь аль ч байгууллагын хүний нөөцийн бодлого байдаг. Монголбанкны үе үеийн удирдлагууд хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч ажиллаж байсан. Төрийн бусад байгууллагатай харьцуулахад Монголбанкны ажилтнууд сонгуулийг мөчлөгийг дагаж өөрчлөгддөггүй нь ийм учиртай. Үүнээс гадна Монголбанк бол мэргэжлийн чиглэлээр үе үеийн шилдэг боловсон хүчнийг бэлддэг байгууллага. Намайг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад манай дэд ерөнхийлөгч Ерөнхий сайдын албанд нэр дэвшиж манай газрын хоёр ч захирал Сангийн сайдад нэр дэвшсэнээс нэг нь томилогдож өөр нэг газрын захирал Хууль зүйн сайд болсон жишээтэй.
Орон сууцны зээлийн дэмжлэг тусламжтай холбоотой энэ асуудал бол зөвхөн Монголбанкаар ч хязгаарлагдахгүй, Монголын төрд ажиллаж байгаа бүх шатны нийтийн албан хаагчдад хамаатай. Ер нь Монголын төр нийтийн албан хаагчдынхаа орон сууцны хангамж болон ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын асуудлыг байнга анхаарч байх ёстой гэж боддог. Харин ийм бололцоо нь төсвийн хувьд бие даасан Монголбанкны хувьд илүү байдаг, гагцхүү хэрэгжүүлэх хугацаа, хамрах хүрээгээ оновчтой тогтоох нь зүйтэй болов уу.
-Энэ асуудал нь хуультай хэрхэн нийцэж байдаг вэ?
-Монголбанкинд Нийгмийн хөгжлийн сан гэж бий. Нийгмийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа Төв банкны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад дотоод журмуудаар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хуулинд “Төрийн албан хаагч нь төрөөс орон байраар хангагдах, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр тэтгэмж авах баталгаагаар хангагдана” гэж заасан байдаг бол Төв банкны тухай хуульд “Монголбанк өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангана” гэсэн байдаг. Монголбанк өөрийн ажилтан, албан хаагчдынхаа орон байрны болон нийгмийн асуудлыг төрөөс үүсгэн байгуулсан бусад байгууллагын адил шийдвэрлээд явах нь зүйтэй дээ. Ер нь тэгж шийдсээр ч ирсэн.
-Таныг Монголбанкны Ерөнхийлөгч хийж байх үед /1992-1996 он/ ажилтнуудынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байсан бэ?
-Тухайн үед одоогийнх шиг найман хувийн хүүтэй ипотекийн зээл гэж байсангүй. Тэр үед сайн ажилтнууддаа шууд орон сууц л өгчихдөг байсан. Ер нь ч яамд, агентлагууд, төрийн гэх бүхий л байгууллага тийм байдлаар сайн ажилтнаа үнэлдэг, орон байрны баталгааг нь хангаж өгдөг байсан. Бас хүссэн хүн болгон төрөөс орон байр аваад байдаг ч юм биш. Тодорхой шалгуур нөхцөл байлгүй яахав. Эрхэлсэн ажилдаа онцгой үр дүн гаргаж, үнэнхүү зүтгэн хичээж, бүхнээ дайчлан шавхаж, зарим үед ажлынхаа төлөө өөрийгөө ч золиосолж байж төрөөс орон байраар хангагдана. Түүнээс биш төрийн албан хаагч нэр зүүчихээд юу ч хийхгүй, бүтээмж гаргахгүй, биеэ оторлоод суусан хүнд өгөөд байдаг дэмжлэг ч биш л дээ. Нэгэнт хууль, журам нь байдаг учраас Төв банк иймэрхүү асуудлыг тэдгээр зохицуулалтынхаа хүрээнд бие даан шийдээд явах учиртай. Ер нь бол Төв банкны ажилтнуудын нийгмийн асуудал гэдэг бол төв банкны бодлого, түүний үр дүн, нөлөөлөлтэй харьцуулахад өчүүхэн асуудал юм шүү дээ.
-Ярианыхаа сэдвийг эдийн засаг руу шилжүүлбэл дургүйцэхгүй биз. Монголын эдийн засаг хямралтай байгаа. Засгийн газраас хоёр хувилбар дэвшүүлсэн. Та аль замыг сонгосон бэ?
-Нэгэнт аль нэгийг нь сонгох байсан тул хоёр дахь хувилбар буюу төсвийг танах гэдгийг сонгосон. Уг нь хамгийн оновчтой нь хоёуланг нь зэрэг хийх ёстой. Ингэвэл эдийн засгаа ч дэмжээд төрийн оролцоогоо ч зохистой хэмжээнд хүргэх бололцоо гарахсан.
-Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх нь хямрал үргэлжлэх нь гэсэн байр суурь их явж байна. Эдийн засгийн гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ? Хямралтай тэмцэх бэлэн жор гэж байдаггүй. Засгийн газраас боловсруулж байгаа "жор"-уудаас аль нь манай улсын хямралд хэрэгтэй вэ?
-Түүхий эдийн үнийн өсөлт түүнийг дагасан хөрөнгө оруулалтаас болж манай эдийн засаг тэлсэн, тэр нь зогсохоор эргэж байрандаа орох гэж зовж байна. Зээл бондын мөнгөөр нэг хэсэг аргаллаа. Энэ нь хүндрэлийг хойшлуулснаас шийдвэрлэсэнгүй. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаас гадна зах зээлийн механизмыг дэмжсэн, төрийг оролцоог багасгасан, популист бус ч алсдаа хэрэгтэй шийдвэр гаргах цаг мөч туллаа гэж харж байна.
-Ингэхэд Тавантолгойгоо урагш нь хөдөлгөсөн нь дээр үү, эсвэл Стэнд бай хөтөлбөрийг сонгосон нь илүү юу. Энэ талаар таны бодлыг сонсьё. "Стэнд бай" хөтөлбөрийг сонгосноор эдийн засагт ирэх сөрөг үр дагавар нь юу вэ?
-Би түрүүн хэлсэн. Төсвийг багасгах, хөрөнгө оруулалтыг урагшлуулах хувилбарыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй гэж. Хэрэв төсөв багасгах гэдэгт Стэнд байг ярьж байгаа бол Тавантолгойг урагш хөдөлгөхтэй зөрчилдөөд байх зүйлгүй байх. ОУВС-ийн хөтөлбөрүүдийг дэлхий даяараа шүүмжилдэг нь хөтөлбөрийг авснаар аливаа улс орныг хөгжүүлчих юм шиг ойлгодогт байгаа болов уу. Хөтөлбөр дангаараа улс орныг хөгжилд хүргэхгүй, харин цаашдын хөгжилд зайлшгүй шаардлагатай эдийн засгийн бүтцийг бий болгоход тусалдаг. Энгийнээр хэлэхэд шийдвэр гаргагчдыг популист тэнэг үйлдэл хийхгүй байхад нь тусалдаг.
-Монголбанк долларын ханшийг барьсангүй, барьж чадахгүй байна гэх хандлага их боллоо. Хөрөнгө оруулалт, өөр бусад хүчин зүйлтэй хамааралтай л баймаар юм ?
-Долларын ханшинд эрэлт нийлүүлэлт нөлөөлж байгаа. Мэдээж үүнд мөнгөний бодлого ч хамаарах боловч Төв банк руу бүхнийг чихэх хандлагыг буруу гэж үзэж байна. Харин Төв банкнаас валютын ханш зах зээл дээр чөлөөтэй тогтоогддог интервенци багатай бодлого явуулах нь зүйтэй.
-Компанийн засаглалын тухай та сүүлийн үед нэлээд ярьж байгаа. Монголд засаглал сайтай компани байна уу?
-Одоохондоо засаглалын түвшин зохицуулалтаас нэлээд хамаарч байна. Ийм ч учраас Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, Монголбанкны зохицуулалтын дор ажилладаг арилжааны банкуудын засаглал харьцангуй сайн байгаа.
-Компанийн засаглал сайжрах нь нийт эдийн засагт ямар эерэг үзүүлэлт авчирдаг вэ?
-Засаглал сайтай компаниуд хөрөнгө оруулалтыг татдаг. Үүгээрээ компани томорч үйл ажиллагаа сайжирч эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг.
-Монголд эдийн засгийн гэхээсээ илүү засаглалын хямрал нүүрлэсэн нь нөлөөлж байна гэж зарим судлаачид дүгнэж байгаа?
-Магадгүй, эдийн засгийн оновчтой бодлого явуулах нөхцөл бүрдэхгүй хэмжээндээ тулж байгаа бол ингэж үзэхээс аргагүй. Ер нь нийт хүмүүсийн цаашдын эрх ашигт нийцэх оновчтой бодлого явуулах нь засаглалын эздээс өнөө маргаашаа золиослох эр зориг, тэвчээр хүлээц шаардсан ажил гэдгийг хэлэх ёстой.
-Эдийн засгийн тогтворгүй байдалд дэлхийн зах зээлээс гадна манай улсын бодлого нөлөөлдөг. Хамгийн түрүүний хөгжлийн чөдөр юу вэ гэж та дүгнэж байна вэ?
-Ямар ч үнээр хамаагүй дахин сонгогдох гэсэн улстөрчдийн тоглоом, тэр тоглоомд нэн донтсон нийгмийн ерөнхий сэтгэхүй.
Ж.ЭРХЭС

Сэтгэгдэл (0)