Ходоод гэдэс хямраадаг ханиад их байна
- 2015-09-14
- Эрүүл мэнд
- 0

Бага насны хүүхдүүдийн дунд суулгаж, бөөлждөг ханиад дэлгэрсэн талаар иргэд ярих болсон. Үнэхээр ийм шинж тэмдэгтэй ханиад тархсан эсэх талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрүүл мэнд хариуцсан зохицуулагч их эмч Б.Ононгоос тодрууллаа.
-Бага насны хүүхдүүдийн дунд суулгаж, бөөлждөг ханиад дэлгэрсэн гэж байна. Үнэхээр ийм төрлийн ханиад тархаа юу?
-Сургууль, цэцэрлэг эхлэхээр хүүхдүүдийн дунд ханиад томуу их гардаг. Суулгалт, бөөлжилт хавсарсан шинж тэмдэгтэй ханиад бий. Нэг талаар самар, жимс их гарсан учир ариутгаж цэвэрлэлгүй идсэнээс үүдэж хордлого нэлээд гарч байна. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд суулгалт өвчин их байгаа бол 5-12 хүртэлх насныхны дунд ходоод гэдэс хямраадаг ханиад их байна.
-Ходоод гэдэс хямрахаас гадна ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Халуурах, хамраас шингэн нус гарах, бага зэрэг ханиалгахын зэрэгцээ бөөлжиж, гүйлгэнэ. Энэ шинж тэмдэг нь таваас нэг долоо хоног хүртэл үргэлжилж болно. Ямар вирусээр үүсч байгааг нь хараахан судлаагүй байна.
-Ямар эмчилгээ хийх вэ?
-Бөөлжиж, суулгаж байгаа тохиолдолд хордлого авсан уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд эхний ээлжид харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг, хоёр дахь шатлалын хүүхдийн эмч нарт хандах хэрэгтэй. Үзүүлснээр хордлого байна уу эсвэл ходоодны замыг барьсан ханиад байна уу гэдгийг тодорхойлж эмчилгээ хийнэ. Эцэг, эхчүүд үүнийг мэдэлгүй хүүхдээ хордлого авсан аль эсвэл тархи нь доргисон гэж бодоод буруу эмчилгээ хийлгэдэг.
-Урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд ямар арга хэмжээ авах вэ?
-Хүүхдэдээ жимс ногоог сайн ариутгаж өгөх нь чухал. Бохир гараар дамжаад суулгалт өвчин үүсдэг учраас гарын ариун цэвэр сахих нь мөн чухал. Хүүхдүүд цэцэрлэгт яваад хоёр гурав ч хоноогүй ханиад хүрч байна. Өглөө, оройдоо сэрүүхэн өдөртөө бага зэрэг халж байна. Ийм үед цаг хугацаанд нь тохируулж хүүхдээ зөв хувцаслах хэрэгтэй. Хоёрдугаарт, сэрүүний улирал эхэлж байгаа болохоор ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ дархлааг сайжруулах хэрэгтэй. Мөн нэг гэр бүлийнхэн халдварлаж өвчилдөг тул эцэг, эхчүүд өөрсдөө эрүүл байвал хүүхэд өвдөхгүй.

Сэтгэгдэл (0)