Зорилтот бүлгийнхэнд элэгний шинжилгээг үнэгүй хийнэ
- 2015-10-02
- Эрүүл мэнд
- 0

Өрхийн эмнэлгүүд элэгний вирусыг тодорхойлдог болсон нь иргэд B, С вирустэй эсэхээ мэдэх боломж олгосон билээ. Харин үүнээс арай өндөр өртөгтэй буюу 70 мянган төгрөгийн төлбөртэй авдаг шинжилгээг зорилтот бүлгийн иргэдээс үнэгүй авч эхэлсэн талаараа “Хаппи Веритас” төв, нийслэлийн Халамж үйлчилгээний газрын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын тамгын газар, Халамж үйлчилгээний газар, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи Веритас” эмнэлэг хамтран зорилтот бүлгийн иргэдийг элэгний хатуурлын шинжилгээнд үнэгүй хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Элэгний хатуурлын шинжилгээнд энэ сард багтаан 1000 иргэнийг хамруулахаар болжээ. Судалгаагаар Улаанбаатар хотод нийгмийн эмзэг бүлэг болох өрхийн орлого маш бага 30 мянган өрх, 140 мянга орчим иргэн байдаг аж. Эдгээр иргэд болон дундаж амьдралтай 800 орчим хүнийг судалгаанд хамруулан, элэгний В, С вирустэй хүмүүст хатуурлын зэрэг тодорхойлох“Фиброскин” шинжилгээг үнэгүй өгөх эрхийн бичгийг өгчээ. Өдөрт 25-30 хүнийг дээрх шинжилгээнд хамруулах боломжтой юм байна. Өчигдрөөс Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэд элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд хамрагдаж эхэлжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд элэгний хавдар, хатууралтай холбоотой нас баралт манай улсад хурдацтай нэмэгдэж, элэгний хатуурал нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэх болсон гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байна. Иймээс энэхүү шинжилгээнд зорилтот бүлгийнхнийг хамрулахаар болсон аж. Шинжилгээнд орох бичгийг иргэд өрхийн эмнэлгээсээ авах юм байна.

Сэтгэгдэл (0)