Д.Оюунчимэг: Уран бүтээлч бид гэрэл гэгээний хойноос хөөцөлдөх учиртай

 

        Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгтэй хөөрөлдлөө. Тэрбээр “Харанхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэл” шүлгийн түүвэр, “Гэсгээгдэгсэд”, “Тэнгэрийн цаг болоогүй” зэрэг туужаа хэвлүүлж, Хорхе Луис Борхесийн“Зүүдний ном”, Хулио Кортасарын“Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүвэр, Милорад Павичийн “Салхины дотоод тал”, Венедикт Ерофеевийн “Москва Петушки”, Исаак Зингерийн “Шоша” романыг монгол хэлнээ орчуулсан билээ.

 

-Юуны өмнө уншигчдадаа “Оройн ганц мод” романаа өргөн барьсанд баяр хүргэе. Утга зохиол судлаач Л.Нямаа, Д.Нямдорж, Я.Баяраа нар нэлээд ам сайтай байна лээ. Дараагийн дэвтрийг нь бичнэ гэж сонссон? -Баярлалаа. Номыг минь хүлээн авч уншиж байгаа уншигчдадаа танай сониноор дамжуулаад баярлаж байгаагаа илэрхийлье. Сайн ном гаргах гэж их чармайлаа. Хүмүүсийн сэтгэлд хэр хүрч байгааг сайн мэдэхгүй байна. Анхны роман учраас алдаа мадаг зөндөө байгаа байх. Дараа дараагийн уран бүтээлд илүү сайн анхаарч ажиллахыг хичээнэ ээ.

 

- Утга зохиолын ертөнцөд юу таныг татсан бэ. Хэзээ шүлэг бичиж эхлэв?

 

-Сургуульд орсон цагаасаа л. Арван жилийн сурагч байхдаа ч шүлэг бичдэг байлаа. Сүүлд нь оюутан болчихоод ч үргэлжлүүлэн бичсэн. Ер нь их олон жилийг шүлэг бичихэд зарцуулж, яруу найраг гэж юу юм, миний олж чадах зүйл юу байна гэдгээ их олон жил эрж хайсан. Эцэст нь санаанд хүрсэн тэр зүйлээ бичиж чадсан. Сайн, муу алин болсныг мэдэхгүй, ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд маш сэтгэл хангалуунаар яруу найрагтай салах ёс хийсэн.

 

-“Очирт уулын бичиглэл” бол хаана ч үзүүлэх шүлгийн ганц ном маань юм. Харин одоо бол ондоошоод, бичсэн зүйл маань өөр цаг үед харьяалагдаад, минийх байхаа больсон байна” гэж ярьж байсан. Юуны учир тэр вэ?

 

- Ер нь бол миний араншин шиг байгаа юм. Аливаа зүйлийг сайн хийхийн төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж, дараа нь эргэж харахгүйгээр орхиж чаддаг. Бичсэнээ хэвлүүлж гаргаагүй байхад их хэцүү байдаг юм билээ. Жишээлбэл, сая хэвлүүлдэг “Оройн ганц мод” романы санааг хэсэг хугацаанд тээж явлаа. Маш хүнд, төвөгтэй байсан. Нэг хийх ёстой юм байгаад байдаг, хийж чадахгүй. Бичсэн шүлэг ч гэсэн хэвлэгдээгүй байхад яг тэр мэдрэмжээр зовоодог. Яагаад вэ гэхээр би эдгээр шүлгээ бүр 1990-ээд онд бичээд2000 он гаргаж байж хэвлүүлсэн. Тэр хугацаанд хэвлүүлж чадахгүй яваад л байсан. Тэр орчуулгын шүлгүүд маань ч гэсэн ялгаагүй. Ном хэвлүүлэх хүүхэд төрүүлэх хоёр адилхан юм шиг. Өөрт байж байгаад гараад явдаг. Асар их энергийн их алдагдалд ордог. Зарим зохиолч энэ үедээ сэтгэлээр унана, архи дарс ууна, хоосролыг мэдэрч гунигт автана. Энэ нь тодорхой хэмжээнд өөрт байсан энергиэ гадагшлуулж байгаатай холбоотой юм байна л даа. Миний хувьд хэсэг хугацааны дараа тэр ондоошиж, минийх байхаа больдог. Ерөөсөө тэр бүтээлийг муулж байсан ч гомдохгүй, сайн хэлэвч баярлахгүй. Хүний юм ярьж байгаа юм шиг, аа тийм үү гээд өөрөө дотор нь ороод муулахад ч бэлэн байна. “Оройн ганц мод” романаа яарч хэвлүүлсэн нь ч хэдэн жил надад хуримтлагдсан зүйлээсээ салах гэж яарсных. Үүнээс болоод алдаа мадагтай зүйл багагүй гарсан байх.

 

-Яруу найрагчид нас тогтоод ирэхээрээ үргэлжилсэн үгийн зохиол руу ордог жишиг байх шиг. Тэгэхээр яруу найраг бол залуу насны зүйл гэж ойлгож болох уу. Танай үеийнхэн буюу1990-ээд оны төлөөлөл болсон яруу найрагчид бараг бүгд зохиол бичиж, роман туурвих боллоо. Энэ шилжилтийн үеийг та юу гэж харж байна вэ?

 

-Яруу найраг гэдэг бол өөрөө яалт ч үгүй залуу нас шиг сайхан зүйл. Нөгөө талаар үгээр урлах бүтээлийн анхан шатных нь яруу найраг байдаг. Яруу найргийг хорин хэдтэй залуу, арван хэдтэй хүүхэд ч бичиж болно. Анхны бууж байгаа сэрэл мэдрэмж шүү дээ. Яруу найрагч зөвхөн би баатрын өмнөөс бичдэг учраас хялбар. Хүүрнэл зохиол болоод жүжгийн зохиол руу ороод ирэхээр хааны өмнөөс, тэнэгийн өмнөөс, жартай өвгөн сайдын өмнөөс бодох, ярих хэрэг гарна. Хэцүү л дээ. Манай үеийнхэн бяр нь ханаж, өөрсдийгөө арай том төрлөөр сорих хэмжээнд хүрч яваа юм байлгүй дээ.

 

-Уран бүтээл туурвих эрч хүчээ юунаас олж авдаг вэ?

 

-Энэ их төвөгтэй хэцүү асуудал байна. А.Сүхбат аварга “Барилдахынхаа өмнө доошоо хараад хэвтээд байдаг. Хүнтэй гар бариад, юм яриад эхэлбэл эрч хүчээ алдчих гээд байх шиг санагддаг” гэж хэлэхийг нь сонсч байсан. Би сая “Оройн ганц мод” роман бичихэд яг иймэрхүү зүйлийг мэдэрлээ. Аль болох өөрөөсөө юуг ч гаргахгүйг хичээж, ном ч уншихгүй байсан. Болж өгвөл хүнтэй ч уулзалгүй, бүх хүчээ өөртөө нөөж, дотоод ертөнцдөө төвлөрөхийг хичээсэн. Мэдээж сайхан хөгжим, урлаг, байгаль гээд хүнд эрч, хүч өгөх олон зүйл байна. Одоо бол төрсөн нутаг руугаа явахсан гэж маш их хүсч байна.

 

-Уран бүтээлээ ямар орчинд туурвих дуртай вэ?

 

-Би амар хялбар байдлаар, гэртээ сууж байгаад ч юм уу зохиол бичиж чаддаггүй, төвөгтэй. Өдөр тутмын амьдралтай зууралдаад босон суун юм бичнэ гэдэг миний хувьд боломжгүй зүйл. Өөрийгөө бүрэн тусгаарлаж, вакум орчинд сууж юм хийх дуртай. Тэгээд нэг урлан гэх үү, ажлын өрөө гэмээр тэр орчиндоо хаалгаа түгжиж байгаад бичвэл их таатай байдаг.

 

- Та Исаак Зингерийн “Шоша” роман, Хорхе Луис Борхесийн “Зүүдний ном” өгүүллэгийн түүвэр, Милорад Павичийн “Салхины дотоод тал” роман, Хулио Кортасарын “Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүврийг орчуулсан. Орчуулга хийхийн хүнд хэцүү бас сайхан зүйлсээс ярьж өгнө үү?

 

-Эдгээр номыг өөрөө сурч, мэдэж авахын тулд орчуулсан юм. Надад ашиг тусаа өгсөөн. Нэг үгээр хэлбэл, маш сайн сургуулилт болсон. Ерөнхийдөө зохиолчдын намтраас харж байхад залуудаа орчуулга хийж уран бүтээлийн гараагаа эхэлдэг юм билээ. Энэ нь өөрийгөө боловсруулах маш том сургууль болж, нөгөөтэйгүүр нэрд гараагүй залуу хүнд талхны мөнгөө олох хэрэгсэл нь болдог. Энэ ч гэсэн намайг дайрсангүй. Гэхдээ би их удаан залуу зохиолч хэвээрээ байлаа шүү.

 

- Даяаршлын энэ эрин зуунд монгол ахуйг дүрсэлсэн зохиол дэлхийн төвшинд Монголыг гаргах уу аль эсвэл өөр зохиол бүтээл биднийг таниулах уу?

 

-Даяаршил гэдэг үгэнд би дургүй. Үүнээс их айдаг. Энэ нь манайх шиг жижиг улсын хувьд их аюултай зүйл. Гэхдээ миний хүслээс үл хамааран даяаршиж байгаа үед бидний хийж чадах ганц зүйл бол өөрийн гэсэн, төрөлх, язгуурын үнэт зүйлээсээ үхэн хатан зууралдах л байна даа. Нэг талаас харахад ардчилал, хүний эрх, даяаршил гээд л сайхан зүйл сонсогдоод байгаа боловч цаагуураа бидэн шиг жижигхэн үндэстнийг арчихад маш хялбар арга зам ороод ирж байгаа юм. Бидэнд тэр Валентиний баяр энэ тэр ямар хамаа байна? Цаашдаа Монгол үндэстэн байя л гэж бодож байвал өөрийн үндэснийхээ онцлогийг хадгалах хэрэгтэй. Дэлхийн утга зохиолыг нэгэн том далай гэж үзвэл тийшээ очиж цутгах нэгэн гол бол нүүдэлчдийн сэтгэлгээ, зан заншил, онцлог мөн.

 

- Зохиолчдыг хүн судлаач гэдэг. Таны ажиглаж байгаагаар энэ цагт хүмүүсийн мөн чанар өөрчлөгдөж байна уу. Өнөөгийн Монголын нийгмийг юу гэж харж байна?

 

-Распутины зохиол шиг хүн чанар хайсан, хадгалсан, хүний дотоод сэтгэл, хүнийг бичдэг зохиол өнөөгийн цаг үед амин чухал хэрэгцээтэй. Бид техник технологийн дэвшилд багалзуурдуулж, дотоод мөн чанараа алдаж байна. Болж өгвөл манай зохиолчид яг хүн рүүгээ хандсан бүтээл туурвиасай. Монгол хүн гэхээр заавал малчин байх албагүй, бидний мах цусанд генээр дамжаад ирсэн нэг өгөгдөхүүн байгаа шүү дээ. Тэр маань юу вэ гэдгийг олж мэдэх ёстой. Нэг хэсэг манай уран зохиолд Кафка, Камю нарын философи санаанаас үүдэлтэй, хүн гэж их муухай амьтан юм, энэ муу муухайг нь л гаргаад байх хэрэгтэй гэсэн үзэл орж ирсэн. Хүнийг муухай гэж харвал муухай л амьтан, түүнд чөтгөрийн өгөгдөхүүн байдаг, сайхан гэж харвал сайхан л амьтан, түүнд бурхны гэрэл гэгээ бий. Тэгэхээр уран бүтээлч бид заавал тэр муухайтай нь ноцолдож, муу байлгах гээд яахав, энэ ертөнц ямар муу муухайгаар дутсан биш. Би хүүхэд байхдаа“Хүн хэзээд тэнгэр өөд тэмүүлдэг” гэсэн нэг үг уншиж байсан. Адгийн гэмт хэрэгтэн ч гэсэн өөрийгөө цайруулах зөвтгөлтэй байдаг, хэзээ ч тэр муу муухайгаараа бахархаж чаддаггүй. Ингээд бодохоор хүн болгонд сайн сайхан байх гэсэн, түүнд тэмүүлсэн дотоод эрэлхийлэл байгаа биз. Уран бүтээлч бид бусад хүн түүнийг мартчихсан, огт тоохгүй байлаа ч сэтгэлийн гүнд байгаа тэр гэрэл гэгээний хойноос хөөцөлдөх учиртай.

 

-Дэлхийн уран зохиолын чиг хандлага хаашаа чиглэж байна. Бид ер нь дэлхийн уран зохиолын хаахна нь явна вэ?

 

- За би нэг их юм мэддэг ч хүн биш. Гэхдээ надад анзаарагдаж байгаа зүйл бол өнгөрсөн зууны дунд үеэс хойш өрнө дахин дорнын дотоод ухааныг хүлээгээд авчихлаа. Маш олон гэгээнтүүд Европ руу гарч, амьдрал бясалгалын хичээл зааж байна. ТэгэхээрXXI зууны уран зохиолын сэдэв бол хүссэн хүсээгүй хүний дотоод ертөнц, дотоод ухаан руу чиглэсэн байх болно. Тэгэхээр энэ зууны хүн төрөлхтний сонирхох сэдэв бол бидний л сэдэв. Нэг хэсэг гадаад хүчин зүйл рүү их хошуурсан. Энэ нь өрнийн хандлага. Өрнийн хандлага бол гадагшаа харж, гаднаас арга зам олж, сайжруулаад өнөөдрийн бидний хэрэглэж байгаа технологийн дэвшилд хүрэхийн тулд явсан. Харин дорнынхон бол дотоодоосоо хайж ирсэн ард түмэн юм. Нисье гэхэд пуужин энэ тэр хийж зовох шаардлага байхгүй, дотооддоо төвлөр. Дотоод ухаанаа хөгжүүлчих юм бол саран дээр ч хүрч болно. Бид Буддын шашныг хэдэн зууны турш өөрийн болгоод хүлээгээд авчихсан ард түмэн. Тэгэхээр бидэнд асар арвин туршлага байгаа гэсэн үг. Монголын уран зохиол дэлхийн жишигт хүртэл хол байна аа, хол байна. Харин би өөрөө шүлэг бичиж байсан, сонирхдог хүний хувьд манай яруу найраг маш өндөр төвшинд хүрснийг хаана ч хэлж батална. Яагаад гэвэл бид язгуураасаа яруу найраглаг ард түмэн. Бидний амьдарч ирсэн орчин нөхцөл маань өөрөө яруу найраг шиг юм.

 

Б.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)