Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалт болно
- 2016-03-16
- Улаанбаатар
- 0

Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх юм.
Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ялгүйд тооцох болон ялгүй болох хугацаа, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацаа, мөн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг шалган судалгаанд хамруулна.
Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэх юм. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу. Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авчирна.
Шалгалттай холбогдсон мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулна.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269243 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

Сэтгэгдэл (0)