П.Отгонбаатар: Хуучрын аялгуу ухаарал, бодрол өгдөг
- 2016-03-19
- Энтертайнмент
- 0
Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын хуучирч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан П.Отгонбаатартай ярилцлаа.
-Таны үеийн хөгжимчид ихэвчлэн сонгодог хөгжмийн ангид суралцаж төгссөн байдаг. Та ардын хөгжим тэр дундаа хуучрыг яагаад сонгон сурах болов?
-Би цэцэрлэгт байхаасаа л хөгжим тоглосон. Аав ээж минь үндэсний хөгжим, ардын дуунд дуртай. Энэ нь намайг хуучирч болоход нөлөөлсөн. Би тавдугаар ангиасаа хуучир хөгжмийг сонгон хичээллэсэн. Хүмүүс эрэгтэй хүн хуучир тоглохыг хараад гайхаж хүлээн авдаг шүү.
-Та Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин. Цэргийн хөгжимчин байна гэдэг бусдаас илүү дэг шаарддаг уу?
-Би2005 онд Соёл урлагийн их сургуулийг төгсөөд чуулгадаа хөгжимчнөөр ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм. Цэргийн чуулгын уран бүтээлч болсноо би аз хэмээн боддог. Би чуулгынхаа буянаар улсынхаа торгон хилийг тойрсон хүн. Эх орноо манаж буй цэрэг эрсийн адил манай чуулгын уран бүтээлчдийн зүрх Монгол Улсын энх тайван байдлын төлөө цохилдог.
-Та олон хуучраар хөгжимдсөн байх. Тэднээс хамгийн эрхэм нь ямар хөгжим байдаг вэ?
-Би дөрвөн хуучир хөгжмөөр тоглосон. Хөгжимчин хүн зэмсгээ сольж сэлгэх нь зүйн хэрэг. Тэднээс аавынхаа1990-ээд оны эхээр авч өгсөн төмөр бортогтой хуучиртаа хайртай. Анх тэр хуучраар хөгжимдөж энэ зэмсгийг эзэмшиж сурсан учраас дурсгалтай байдаг юм. Орчин үед технологи хөгжиж, хятадууд уламжлалт гэхээс илүү цахилгаан хуучраар тоглодог болсон. Манай улсад ч гэсэн цаг үеэ дагаад хуучир хөгжмийн эргэлт хийх болсон байх аа.
-Монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдээр гадаадын симфони зэрэг олон аялгуу тоглодог. Хуучраар тоглож болдог уу?
-Монгол үндэсний аль ч хөгжмийн зэмсгээр дэлхийн сонгодог бүтээлийг тоглож болдог. Ер нь үндэсний хөгжмийн зэмсгүүдээс дэлхийн сонгодог бүтээлийг анхлан тоглосны нэг нь хуучир. Анх 1952 онд дэлхийн залуучууд, оюутны их наадмаар Монгол Улсын гавьяат жүжигчин Цэрэндолгор гуай Ф.Щубертын “Үдшийн дуу” бүтээлийг тоглож алтан медаль хүртсэн байдаг. Дараа нь Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цэвэлмаа багш 1960-аад оны сүүлчээр хийлд зориулсан бүтээлийг хуучрын хөг, дефозон/ багтаамж, цараа/-д тохируулж хөрвүүлсэн. Ингэснээр хуучраар дэлхийн сонгодог бүтээлийг хөгжимдөх бүрэн бололцоотой болсон юм. Ер нь хуучир дефозон өндөртэй учраас ямар ч ая тоглож болдог хөгжим. Тиймээс цөөхүүл болон оркестрт аялгууны хөгжмийн үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ дандаа хавсрахгүй. Гоцлох үе ч бий. Сонгодгуудаас Ф.Щубертын “Үдшийн дуу”, П.Чайковскийн “Романс”, А.Моцартын“Рондо” зэрэг бүтээлийг манай хуучир хөгжимчид ихэвчлэн тоглож байна.
-Хятад хуучраар манай хөгжимчид тоглож байгаа харагддаг. Монголд хуучир урлаач олон бий юү?
-Манайд хөгжмийн зэмсгийг гайхалтай сайхан урладаг урлаач олон байсан талаар багш нар минь дурсдаг юм. Тэднээс П.Байгалжав, Батбаяр, Буурал зэрэг хөгжмийн зэмсэг урлаачийн тухай сонсч байсан. Хуучрыг олон жил хадгалж, хатаасан модоор урладаг. Одоо Монголд хуучрыг олон тоогоор урладаг урлаач бараг л байхгүй. Алдарт урлаач Буурал гуайн урласан жижиг хуучир ахмад хөгжимчдөд байдаг. Ер нь манай одоогийн хуучир хөгжимчид Хятадад урласан хөгжмөөр тоглодог. Өөрөөр хэлбэл, Хятадын мастер хуучраар Монголын хөгжимчид тоглодог гэсэн үг.
-Зарим хүн хуучрыг Хятадаас гаралтай хөгжмийн зэмсэг гэж ярьдаг юм билээ?
-Хуучир нь хятадаар нүүдэлчдийн хөгжим гэсэн утгатай үг. Олон судлаач Монголын үндэсний хөгжим, Монголоос гаралтай гэдэгтэй санал нэгддэг. Хуучир хөгжим анх үүсэхдээ морин толгойтой, дөрвөн утастай байсан тухай домог бий. Түүх сударт хуучрыг Өгөөдэй хааны ордны хөгжим хэмээн бичиж үлдээсэн байдаг. Тиймээс хуучир бол монголчуудын эртнээс уламжилсан үндэсний хөгжмийн зэмсэг юм.
-Морин хуур Монголын уудам талыг, цуур хөгжмийн аялгуу Алтайн сүрлэг уулсыг эрхгүй санагдуулдаг. Харин хуучир хөгжмөөрөө тоглож байхад танд юу бодогддог вэ?
-Хуучир бол цаанаасаа тансаг дуугаралттай, чамин хөгжим. Тиймээс уянгалаг, тансаг аялгуу тоглохыг эзнээсээ шаарддаг зэмсэг. Ажиглаад байхад хуучрын уянгалаг аялгуу сонсогчдод хүрдэг. Хуучрыг аргадаж дуугаргадаг хөгжим ч гэж ярьдаг. Би хуучраа тоглож байхдаа дотоод сэтгэлээ хөгжимтэйгөө нэгтгэхийг хүсдэг. Хуучрын аялгуу надад ухаарал, бодрол өгдөг.
-Ер нь хуучирд зориулсан хөгжмийн бүтээл олон бий юү. Энэ хөгжимд зориулан бичдэг хөгжмийн зохиолчид байдаг уу?
-Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд хуучрын урын сангийн ихэнх хувийг эзэлдэг. Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, З.Түмэнжаргал, С.Гончигсумлаа, Х.Билигжаргал, Л.Мөрдорж нарын бүтээлээс нэрлэж болно.
-Хуучир хөгжмийг тоглож сурахад сонсголоос гадна юу шаарддаг вэ?
-Хуучирдаж сурахад асар их тэвчээр шаарддаг. Хуучрыг анхлан сурахад хөгжимдөхөөс илүү хөгжимтэйгөө харьцах эв дүйгээ олох нь хэцүү байдаг юм. Мөн сонсгол, мэдрэмж зэрэг хөгжимчний үндсэн шалгуураас гадна хуучирч болох хүний гарын алга том, хуруу урт байх шаардлагатай.
-Сүүлийн үед морин хуур, шанз, ятга зэрэг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглодог хөгжимчид ганцаарчлан болон хамтлагаараа уран бүтээл туурвих болжээ. Харин хуучир хөгжимчид тэр бүр уран бүтээл хийдэггүй нэг л амбицгүй байх шиг санагддаг?
-Сонсогчид хуучрын аялгууг тэр бүр сонсоогүй байж магадгүй. Тиймээс сайн сурталчлах хэрэгтэй болов уу. Гэхдээ манай эмэгтэй хуучир хөгжимчид бие даасан уран бүтээлээ туурвиж, сонсогчдод хэдийнэ танил болжээ. Миний хувьд үндэсний болон, сонгодог бүтээлээс бүрдсэн хоёр цомог хэвлүүлсэн. Монгол ардын дуу“Сийлэн бөөр”, “Сүнжидмаа”, оркестрт зориулсан “Хэнтийн өндөр ууланд” зэрэг бүтээлийг хөгжимдсөн. Мөн хийлд зориулсан хятад, япон аялгууг тоглож сонсогчдын хүртээл болгосон. Ер нь Азийн орнуудын хөгжмийн бүтээлийг хуучраар тоглоход тохиромжтой байдаг.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)