О.Амартүвшин: Дэлхийн эдийн засгийн форумаас өгсөн зөвлөмжийг нэг ч хүн анхаардаггүй

 

        “UFC” группийн ерөнхийлөгч, Улаанбаатарын худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшинтэй ярилцлаа.

 

-Монголын эдийн засгийн чуулган саяхан болж өндөрлөлөө. Долоон жил дараалан болж буй чуулганыг үр дүн багатай болдог болсон тухай шүүмжлэл өрнөх болж. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

 

-Хэрэгтэй мэдээллээ шингээж чадахгүй, зөв бурууг нь ялгаж салгахгүй учраас ийм шүүмжлэл гарч байгаа юм. Хэрэгтэй мэдээллээ шингээж чадахгүй байна гэдэг нь чуулганы үеэр хэлэлцсэн асуудал ажил болж чадахгүй байна гэсэн үг. Уг нь Дэлхийн эдийн засгийн форумын загвар суурин дээр бий болсон л чуулган шүү дээ. Дэлхийн эдийн засгийн форум яагаад хүчтэй байдаг вэ гэвэл хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн энгийнээр хэлэхэд хэлэлцэх гэж байгаа сэдвээ зүгээр нэг сонгочихдоггүй. Ингэхийн тулд маш их судалгаа явуулж, ямар зүйл дээр анхаарах шаардлагатай байгаагаа тодорхойлдог. Үүнийгээ дахин нарийвчилж судлаад улс орон бүхнээс сонгосон сэдэвтэйгээ хамааралтай хүмүүсийг урьж оролцуулна. Үндсэндээ сонгосон сэдвийнхээ гүн рүү нь орохын тулд олон хэлэлцүүлгийг жилийн турш зохион байгуулдаг. Улс орнууд ч тодорхой хэмжээнд захиалгаа өгнө. Энэ бүхнийхээ эцэст Доваст очиж хэлэлцдэг. Үүний дараа зөвлөмжийг нь гаргаж өгдөг. Монголд ч гэсэн зөвлөмж гаргаж өгсөн. Гэтэл бид тэр зөвлөмжийг хүлээж аваагүй байхгүй юу. Тухайлбал, БНХАУ хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжиж байгаа тул Хятадын түүхий эд боловсруулах үйлдвэрийг Монголд ихээр байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Үүнийг анхаарч үзсэн нэг ч хүн байхгүй. Бид ийм байдлаар л хандаж байна. Гэтэл өмнөд хөрш маань өгсөн дөрвөн зөвлөмжид суурилан “Хятадын мөрөөдөл” гэж зарлаад ажил хэрэг болгоод явж байна. Гол ялгаа нь энэ л байна. Бид ч эдийн засгийн чуулганаар болох болохгүйгээ ярилцаж байгаа. Үүнийг харин шийдвэр гаргагчид хүлээж аваад ажил хэрэг болгох шаардлагатай юм. Энэ мэт алдаа дутагдал байдаг хэдий ч үр дүнгүй гэж тодорхойлж болохгүй. Олон хүн яавал зөв байх, юу нь буруу вэ гэдгээ ойлгож, үзэл бодлоо нэгтгэж байна гэдэг харин ч сайн.

 

-Эдийн засгийн хүндрэлд засаглалын хямрал нөлөөлсөн тухай шүүмжлэл чуулганы үеэр их гарсан. Хойшид богино хугацаанд засаглалаа сайжруулахын тулд яах ёстой вэ?

 

-Сайн төр гэдэг цомхон төр юм гэдгийг энд байгаа гол намуудын төлөөлөл хүлээн зөвшөөрч байна. Бид буруу яваад байна гэдэгт ч санал нэгдэж байгаа. Тиймээс сонгуулийн дараа мөрийн хөтөлбөртөө тусгаад сайн төрийг байгуулъя гэж ярьж байна. Танхимд байсан оролцогчид хүртэл анх сонгосон замаасаа буруу явсан гэдгийг хэлсэн. Энэ бол ойлголцол. Ямар нэгэн бэрхшээлийг ярихгүй, хэлэлцэхгүйгээр ажил хэрэг болгоно гэж байхгүй.

 

-Манай улсын хувьд үйлдвэрлэлээ хөгжүүлж, төмөр замаа ч барьж чадаагүй байна. Ийм байтал экологийн бодлогоо тэргүүнд тавих ер нь зөв юм уу?

 

-Үйлдвэрлэл гэдэг чинь эцсийн эцэст байгаль орчны эсрэг л ойлголт шүү дээ. Гэтэл бид өнөөдөр хуримтлал ч байхгүй, юу ч үгүй байна. Ийм үед эко амьдарна гэвэл Д.Урианхай гуайн хэлдгээр ганц хүний онолоор явах уу. Үнэхээр эко амьдармаар байгаа бол уулын мухарт 10 ямаа, хоёр үнээ маллаад түүнийхээ ашиг шимээр аж төрж болно. Бид ингэж амьдарч чадна. Гэвч ийм амьдралыг хэн хүсэх юм бэ. Тиймээс бид дэлхийн хөгжилтэй хөл нийлэхээс өөр ямар ч гарц байхгүй. Сайныг нь аваад, мууг нь хаяад дэлхийн хөгжлийг дагах л ёстой. Өнөөдөр бид сайн сайхан, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч боловсрохын тулд мөнгө хэрэгтэй. Үүнийг баялаг бүтээж, үйлдвэрлэл эрхэлж байж босгоно. Бүтээгдэхүүн үйлчилгээ экспортолж, үүнийг дэмжсэн гадна, дотнын хөрөнгө оруулалт татаж байж мөнгийг бий болгоно. Маш их хэмжээгээр аялал жуулчлалыг хөгжүүлж байж мөнгөтэй болно. Гэтэл манай улсад энэ бүхэн хасах үзүүлэлттэй байгаа. Мөнгөтэй болох гурван том зүйл бидэнд бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, монгол хүн буюу хүний нөөц, өв соёл юм. Үүнийг л бид нэмүү өртөг шингээн борлуулж чадаж гэмээнэ сайн сайхан амьдралд очно. Өнөөдрийн нөхцөл байдлаар бол жаахан “юм” бий болгохоор хоорондоо үзэлцээд эхэлж байна. Жаахан мөнгөтэй болоод ирэхээр яаж идэхээ мэдэхгүй болчихож. Энэ бол юмгүй байсны зовлон. Гэвч мөнхийн ийм байхгүй, туулах ёстой зүйлээ үзчихлээ. Тэгэхээр уул уурхайгаа түшиглэсэн хөрөнгө оруулалтаа хуримтлал болгох, боловсрол эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх замаар үйлдвэржилтийг бий болгох учиртай. Нөгөө талд өрсөлдөөнийг бид хэтэрхий хялбараар төсөөлөөд байгаа юм. Эсгий улавч хийгээд зарчих тухай боддог олон хүн байна. Үнэндээ хэн ч түүнийг хийж чадна. Гэтэл бидэнд харьцангуй давуу тал бас бий. Миний харж буйгаар төр өөрөө тогтвортой, цэгцтэй, замбараатай, мөнгө олох процессоос ангид байвал бид харьцангуй давуу талаа ашиглах боломжтой. Төрийн гол үүрэг бол Үндсэн хуульд заасан 18 эрхийг хангахад л үйлчлэх юм. Харин бизнесийнхэн баялгийг бий болгох зэрэг бүх эрхийг эдэлнэ. Үүнийг ялгаж салгаад, ажилламаар байна.

 

-Тэгвэл ирэх он жилүүдийг та хэрхэн харж байна вэ. Үнэндээ олон хүн айдастай байна. Бондуудын өр төлж эхлэх зэргээс цаашлаад эдийн засаг хүндрэх магадлалтай тухай ч мэдээллийг олон хүн санаатай болон санамсаргүй цацах боллоо?

 

-Одоо манай улсад валют олж байгаа түүхий эд, бүтээгдэхүүн байхгүй болж байна. Өнгөрсөн хугацаанд дэд бүтцээ ч хийж чадаагүй. Ядаж төмөр замаа тавьчихсан бол байдал өөр байх байсан. Тувагаас Хятад руу нийлүүлж байгаа нүүрсний тээврийн өртөг манайхаас тав дахин хямд байна. Одоо байдал үнэхээр хүнд байна. Бидэнд боломж хомс байна. Манайхыг харж сонжих сонирхол ч буурсан. Ганц гайгүй явж байгаа “Оюутолгой”-д хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт хийнэ л гээд байгаа. Дахиад л тал талаас нь мэрээд эхэллээ. “Оюутолгой” гэдэг өөрөө дэлхийн хэмжээний том төсөл. Энэ төсөл манайд хэр хүндрэлтэй ажиллаж байгаагаас шалтгаалж, олон жижиг уурхай, хайгуул хийдэг компаниуд, банк санхүү, хууль эрх зүйн компаниуд орж ирнэ. Ер нь гадны хөрөнгө оруулалтыг татахгүй, энэ сонирхлыг бий болгохгүйгээр эдийн засаг сайжрах тухай ярих ямар ч арга байхгүй. Энэ бүхний эцсийн үр дүн бол улс төрийн тогтвортой байдал юм.

 

-Төгрөгийн ханш гадаад валютын эсрэг тасралтгүй унасаар байна. Эрх баригчид гадаад худалдаа хийхэд ашигтай тухай ярьж байна. Бизнесмэний хувьд үүнийг хэр бодитой гэж дүгнэх вэ?

 

-Онолын хувьд үнэн гэж толгой дохиж болно. Гэтэл бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн гадаад зах зээл дээр уначихсан. Нүүрс, төмрийн хүдрийн үнэ ойролцоогоор дөрвөөс тав дахин буурлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний уналт бидэнд сөрөг нөлөөлөл авч ирнэ үү гэхээс нааштай байна гэж байхгүй. Хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний экспорт өндөр хувь эзэлдэггүй юм. Харин тодорхой хугацааны дараа манайд байгаа харьцангуй давуу тал болох уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортын чиглэлд нийцүүлсний дараа ашигтай байж магадгүй. Түүнээс өнөөгийн нөхцөл байдалд ам.доллар өсөөд байна гэдэг аль ч талдаа сайн үр дүн биш.

 

-Үүний зэрэгцээ хувь улстөрчдийн бодлогогүй үг, өгүүлбэр агуулгаараа эдийн засагт их хэмжээний эрсдэл авч ирдэг юм биш үү?

 

-Энэ бүхнийг сонгуулийн тогтолцоо бий болгочихоод байгаа юм. УИХ-ын гишүүн болохын тулд маш их хэмжээний мөнгийг зарцуулж, тэнэг балай зүйл ярьж байж гарч ирнэ. Үнэндээ бусдын төлөө тэнэг зүйл ярьж, таалагдах шаардлага байхгүй биз дээ. Нэгэнт сонгуулийн тогтолцоо ийм учраас нам нь ч гэсэн хэн их мөнгө өгсөн хүнд сонгуулийн тойрог өгч байна. Тойрогт очоод хэн их тэнэгтэж, балайрсан нь ард түмэнд таалагддаг. Ийм сонголт хийчихээд төр нь замбараагүй, эрх баригчид маань мулгуу байна гэж яриад байж болмооргүй байгаа юм. Тийм л учраас сонгуулийн системийг өөрчлөх шаардлагатай. Бүх төвшинд шударга өрсөлдөөний тухай ярьж эхэлж байна. Намуудын санхүүжилт гэх мэт шалтгаанаар болохгүй бүтэхгүй хүн орж ирэхийн аргагүй болтол болдог. Болж бүтэхгүй хүнтэй нам бас л болохгүй зүйл хийж таарна. Үүнийг бид эргэж харах ёстой болчихоод байгаа юм. Мөн төрд гарахаараа тендер зэрэг олон боломж эдэлдгийг болиулах ёстой. Уг нь, УИХ гэдэг хууль тогтоох, иргэд хоорондын болоод бизнесийн харилцааг зохицуулах, бизнесийн орчныг хамгаалах эрүүлжүүлэх гэх мэтийн эрх зүйл зохицуулалтыг хийх ёстой байгууллага. Түүнээс өдөржин шөнөжин уралдаад мөнгө хуваарилаад байх тухай ойлголт биш л дээ.

 

-Та бүхэн Улаанбаатар хотын худалдааны танхимыг үүсгэн байгуулсан. Танай танхим ойрын үед ямар ажил хийж байна вэ?

 

-Төр бидэнтэй зэрэгцээд бизнес хийдэг боллоо. Мөн ямар нэгэн байдлаар хувийн хэвшилдээ дарамт үзүүлдэг болсон. Энэ бүгдээс бизнесийн орчноо хамгаалах ёстой. Цаашдаа зөв ойлголцож, хамтарч зөв ажиллах ёстой. Бизнесийн орчин тогтвортой байна гэдэг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, цаашлаад ажлын байрны тухай л ойлголт шүү дээ. Энэ зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд нэгдэж Худалдааны танхим байгуулсан. Бид Улаанбаатарыг бизнес эрх лэхэд таатай, иргэд нь амьдрах орчин сайтай хот болгоё л гэсэн зорилгоор нэгдсэн. Ингэхийн тулд бид нийслэлтэйгээ хамтарч хөрөнгө оруулалт хийж байж, дэлхийн жишигт нийцсэн хот болгож чадна. Энэ утгаараа “Хотын хөгжлийн корпораци”-ийг хамтарч байгуулж байна. Үүгээр дамжиж нийгмийн асуудлуудыг шийдэх, гаднаас татсан томоохон хөрөнгө оруулалтуудыг хамтарч хэрэгжүүлэх юм. Мөн бизнесийн орчныг хамгаалахтай холбоотой Улаанбаатар хотын арбитрыг байгуулсан. Э.Бат-Үүл дарга “Хотын бүх худалдан авалт, гэрээ хэлцэл Улаанбаатар хотын арбитраар дамжина. Ингэж байж бизнесийнхэн төрийн өмнө эрх ашгаа хамгаалах боломжоор хангагдаж байгаа” гэж мэдэгдсэн. Энэ мэт олон санал санаачлагыг хэрэгжүүлж байна.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)