Д.Гансүрэн: Яруу найрагч бусдаас илүү зовлон үүрэх шалтгаан болдог
- 2016-04-16
- Үнэн
- 0

Хан Хэнтийн утга зохиолын салбарын тэргүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Гансүрэнтэй хөөрөлдлөө.Тэрбээр яруу найргийн “Дүрслэлүүд”, “Хэлбэргүй дүрслэлүүд” зэрэг ном хэвлүүлжээ.
-Хоёулаа яриагаа таныг яруу найрагт анх дурлаж, хэрхэн шүлэг бичиж эхэлсэн талаар эхлэх үү?
-Яруу найраг, шүлэг бичих болсон шалтгаан гэж яривал зөв байх. Яруу найрагчид төрдөг л дөө. Тийм болохоор энд дурлалын тухай ярих утгагүй юм.
-Та Хэнтийн утга зохиолын салбарын тэргүүн. Хан Хэнтийн яруу найргийн школын талаарх дурсамжаасаа хуваалцана уу?
-Монголын шинэ үеийн утга зохиол бий болох цагаас аваад 1990-ээд оны утга зохиолын шинэчлэлийн үед Хан Хэнтийн найрагчид утга зохиолын шинэчлэлийн тэргүүн эгнээнд явж байсан юм. Хан Хэнтийн яруу найргийн школын тухай асуудал Монголын утга зохиол судлалын гадуур яваад байгаа нь үнэн тул энэ тухайд бичиж судалгааны хүрээнд оруулах нь зүйтэй гэж бодож “Хан Хэнтийн яруу найргийн школын гэрэлт дурсамжийг хөглөхүй” гэж дурсамж бичсэн. Цаг хугацаа улиран одох бүр гэрэл гэгээт андууд минь алдран одож дурсамжууд бүдгэрсээр байна. Шинэ үеийн утга зохиолын үндсийг тавигчид болох Д.Догсом, Ч.Бат-Очир, М.Ядамсүрэн, Х.Пэрлээ, Ц.Цэдэнжав нараас үргэлжлээд уянгын өгүүллэгийн хаан С.Эрдэнэ баавай, романы оргил Б.Нямаа, яруу найргийн шинэчлэгчид болох Н.Нямдорж, Р.Чойном, за тэгээд л хүүхдийн утга зохиолын “Загалмайлсан эцэг” Д.Содномдорж, Ш.Цэндгомбо, Л.Нямаа, Б.Галсансүх, Б.Одгэрэл, Б.Энхжаргал гээд Хэнтий аймгаас төрөн гарсан найрагч уран бүтээлч олон бий. 1990-ээд оны эхэнд Монголын утга зохиолд шинэчлэл явагдаж байх үед утга зохиолын “Хэрлэн тооно” бүлгэм байгуулагдаж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Нямаа удирдан хөдөө орон нутагт анхны утга зохиолын сонинг гаргаж байлаа. Ингээд яривал “Хүрээ хөвгүүд”, “Зүс бүгэг андууд” “Жиг дуун” зэрэг тухайн үеийн утга зохиолын шинэчлэгч бүлгүүдтэй нэгэн цаг үед төрж, Хан Хэнтийн яруу найргийн школ бүрэлдэж бүтээж туурвиж шинэчилж байсан гэсэн үг.
-“Хэлбэргүй дүрслэл” номынхоо талаар ярина уу. Хэдий хугацаанд бичсэн шүлгүүд тань энэ номонд оров?
-1990-ээд онд цэл залуу байхдаа бичиж байсан ихэнх шүлгээ устгасан. Би өөрийгөө олохын тулд олон жилийг зарцуулжээ. 2008 онд анхныхаа “Дүрслэлүүд” номыг хэвлүүлж байлаа. Энэ номонд130 гаруй дүрслэл орсон. С.Амартайван, Ай.Төмөр-Очир нартай уулзан “Этюдүүд” гэсэн номоо гаргах гэсэн юм гэж ярьсан чинь Ай.Төмөр-Очир “Монгол сайхан хэл байхад чи “Этюдүүд” гэж нэр өгөхдөө яадаг юм” гэж зэмлэж байлаа. Тэгэхэд нь би зөрүүдлэн яадаг юм би хотын шүлэг бичдэг хүн. Тэгээд үүнээс өөр ямар нэр өгөх юм гэхэд дүрслэлүүд гэдэг нэр өг гэж зөвлөсөн. Сүүлд бодоод байхад их оносон нэр өгсөн байна билээ. Би бусад найрагч шиг жилд нэг удаа ном гаргах хэмжээний шүлэг бичиж чаддаггүй. 2010 оноос хойш таван жилийн хугацаанд бичсэн шүлгүүдээ эмхэтгэн “Хэлбэргүй дүрслэлүүд” номоо хэвлүүлсэн. Бид юмыг заавал хэлбэржүүлэн харж, барьж, үзэж байж танин мэддэг. Өнөөгийн нийгэм хүмүүсийг материаллаг чиглэл, сонирхол руу өдөөн дуудаж байна. Зүгээр л хэрэглээний нийгэм болчихлоо шүү дээ. Үүнээс аль болох зугатах, бидний амьдран байгаа ертөнцийн гадна хэлбэргүй нууцлаг оршихуй байна гэдгийг мэдрүүлэх гэж оролдон дүрслэлүүдээ барьж байна. Ямар ч байсан Н.Нямдорж багшийнхаа санаж хүсч явсан өнгө төрхийг нь олсон байвал энэ хорвоод төрсний минь том завшаан. Яагаад гэвэл Н.Нямдорж багш Б.Одгэрэл, Б.Галсансүх бид гуравт гурван өөр ном өгч уншуулдаг байлаа. Б.Галсансүхэд Иосиф Бродский, Б.Одгэрэлд Франсуа Вийон, надад Гийом Апполинерийг уншуулдаг байсан. Багшийн шавь нараас хамгийн муу нь би. Монголын утга зохиолд илт үгүйлэгдээд байгаа урсгал төрхүүдийг бий болгох гэсэн их хүний том ухаан байсныг хожим ойлгосон гэх үү дээ.
-Уран бүтээлээ ямар орчинд туурвих дуртай вэ?
-Надад зарим хүний яриад байдаг онгод гэдэг зүйл байхгүй. Магадгүй тэр онгод залуу настай минь өнгөрсөн байх. Харин одоо бол бодож тунгааж байж бичдэг. Шүлэгтээ засвар хийх дургүй. Ихэвчлэн шөнийн цагаар нам гүм орчинд бичдэг. Шүлэг бичих, өдөөгдөх шалтгаан гэж байна. Энэ орчлон дахь янз бүрийн шалтгаан өөрөө сэдэл болдог. Зарим нэг шүлгийг олон цаг сууж байж бичнэ. Санамсаргүй бичигдээд тэр дороо гараас гарах шүлгүүд ч байна. Ер нь өдрийн өнгөнөөс л шалтгаална даа.
-Сайхан дүрслэл сэтгэлд буугаад байдаг, дүрсэлж чадахгүй тохиолдол хэр байдаг вэ?
-Байна. Хүн чинь төгс биш, хүний бодол санаа ч төгс биш. Завсрын ертөнцөөс бидэнд илгээж байгаа дохиог онож барих эрдэм дутсан тохиолдол надад олон бий. Тухайн агшинд төрсөн дүрслэлийг буулгаж чадалгүй дараа нь мартчихдаг шүү дээ. Үүнийг би хэнэггүй зангийн төлөөс нүгэл гэж боддог шүү.
-Яруу найрагчид нас тогтоод ирэхээрээ үргэлжилсэн үгийн зохиол руу ордог жишиг байх шиг.Танд үргэлжилсэн үгийн зохиол бичих бодол байна уу?
-Бичиж байгаа шүү. Хэн нэгнийг давтаж, дуурайгаагүй шинэ зүйлийг гаргана гэж бодож байна.
-Хэзээ уншигчдадаа өргөн барих вэ?
-Мэдэхгүй байна. Би их залхуу хүн.
-Уран бүтээлээ туурвих эрч хүчээ юунаас олж авдаг вэ?
-Энэ ертөнцөд дурлах эрч хүчээ олж авах шалтгаан дүүрэн байна. Яруу найрагч бидэнд бурхан гоо сайхныг олж харах билгийн нүдийг харамгүй заяасан гэж боддог. Бусдаас илүү эмзэг, гярхай учраас бүсгүй, дарс, байгаль мөн их хотын энэ их хэмнэл оршин байгаа бүхий л зүйлээс эрч хүч авдаг.
-Яруу найрагч байхын сайхан хийгээд хэцүү зүйл нь юу вэ?
-Яруу найрагч байна гэдэг бусдаас илүү зовлон үүрэх шалтгаан болдог. Сайхан байна гэж бараг байхгүй дээ. Зүгээр энгэр дүүргэх алдар цол гуншин л биш бол яруу найрагч байх нь тийм дурлаад байхаар сайхан зүйл яавч биш. Гэхдээ л энэ хорвоо дээрх хамгийн эрхэм цол гуншин бол яруу найрагч шүү дээ. Энэ л хамгийн сайхан нь байж болох юм. Хэцүү зүйл гэвэл зөндөө. Ертөнцийн хүмүүн хийгээд орчлонгийн шаналан гуниг яруу найрагчдын зүрхэн дундуур дайрч өнгөрдөг гэдэг сайхан үг бий шүү.
-Зохиолчдыг хүн судлаач гэдэг. Таны ажиглаж байгаагаар энэ цагт хүмүүсийн мөн чанар өөрчлөгдөж байна уу. Өнөөгийн Монголын нийгмийг хэрхэн харж байна?
-Язгуураар нь хандах хэрэгтэй л дээ. Ерөөсөө л бидний бүтээн босгож байгаа нийгэм өөрөө хэт их хэрэглээний, бас дахин хэрэглээнийх болж шуналдаа дарагдаж байна. Хүн төрөлхтөн өөрсдийгөө аль болох амар хялбар амьдруулахын тулд янз бүрийн бүтээл туурвиж түүнийгээ хэрэглээ болгон түүндээ шатаж байна. Энэ нь эргээд биднийг хүн байх шинжээс улам холдуулж байна. Хэрэглээний боол болсон хүн хэзээ ч сайн сайхан амьдрахгүй. Монголчууд бид дэлхий нийтээрээ хошуураад байгаа мөхлийн нийгмээс татгалзаж оюун шүтсэн цоо шинэ нийгмийг цогцлоох учиртай.
-Та Монголын яруу найргийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Яруу найрагт хөгжил гэж байхгүй, цаг хугацааны шалгуур л байдаг. Бидний үеийн яруу найрагчдын зарим нь хорь, гучин жилийн дараа мартагдаж, нөгөө хэсэг их л цөөхөн нь үлдэнэ. 1990-ээд онд дэлгүүрийн лангуу, хүмүүсийн ходоод хоёр хоосон байхад бидний “мөнгөн үе”-ийхэн яруу найрагчид монголчуудаа тархийг нь цатгалан байлгаж оюуны өлсгөлөнд оруулалгүй нуруундаа үүрээд аваад гарсан. Энэ утгаараа “мөнгөн үе”-ийнхэнд Монголын утга зохиол хэзээ нэгэн цагт мэхийнэ биз ээ. Г.Мэнд- Ооёо ахад мөн талархах учиртай. Дэлхийд гарах үүдийг нээлээ шүү дээ. Түүний хүчинд ч бидний үеийнхнээс А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх нар дэлхийн яруу найргийн хүндтэй шагналыг хүртлээ. Энэ нь Монголын яруу найргийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч буйн тодорхой жишээ юм.
-Хамгийн сүүлд бичсэн шүлгийн хэсгээс уншигчдад сонирхуулж болох уу?
Нүдээ харах
Нүгэл юм
Нүдээ ирмэх
Нүгэл юм
Нүдээ аних
Нүгэл юм
Нүдтэй байх
Нүгэл юм
Нүдгүй байх л
Буян юм..,
..................................
Ааш минь албин юм
Аашиндаа багтаж амьдрах
Сайхан юм,
Ааш минь зоргоор юм
Аашнаасаа хальж амьдрах
Зовлон юм,
Ааш минь номоор юм
Аашиндаа дарагдаж амьдрах
Үхэл юм..,
2016.04.06.
Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл (1)
XlKiRGctTroGvIf (46.161.9.32)
OMw2gU xdiiyykzmeda, [url=http://jupjnnlgxfnl.com/]jupjnnlgxfnl[/url], [link=http://tatxlqumrroe.com/]tatxlqumrroe[/link], http://kkgeejxmkfeq.com/