О.Жаргалсайхан: Манайд хос хэлтэй зохиолч хэрэгтэй
- 2016-04-25
- Үнэн
- 1

Орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхантай хөөрөлдлөө. Тэрбээр Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл”, Фүкүзава Юкичи “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлс“Өөртөө туслах ухаан”, Дэлхийн анхны роман, манай эриний Х зуунд Мүрасаки Шикибү зохиосон“Гэнжийн туульс” нэгдүгээр боть, Мүраками Харүки “1Q84” гурамсан роман зэрэг өгүүлэл, эссэ орчуулж уншигчдын хүртээл болгожээ. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 2005 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2012 онд Япон улсын Засгийн газрын шагналаар тус тус шагнажээ.
-Та яагаад уран зохиолын орчуулгад шимтэх болов. Хамгийн анх ямар зохиол орчуулж байсан бэ?
-Би 1981 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн орсон. Тэр үед Чой.Лувсанжав тэргүүтэй эрдэмтэн багш нарын нөлөө, бодлогоор Дорно дахины судлал руу анхаарч, судлаач, орчуулагч бэлтгэж эхэлсэн. Үүний дагуу япон хэл сонгон судлах боломж олдсон. Япон хэлийг анх Монголдоо тэр дундаа МУИС-д сурсан. Дараа нь Япон улсад Японы засгийн газрын тэтгэлгээр суралцсан юм. Тэнд боловсрол судлал, боловсролын философийн чиглэлээр суралцсан. Суралцах хугацаанд хэлний бэрхшээл багасч ном уншдаг болсон. Японд сурч байхдаа орчуулгын анхны бүтээлээ өлгийдсөн дөө. Нүүдэлчдийн соёл иргэншил, хүний хөгжил, гэгээрэл боловсрол, цэвэр утга зохиол гэсэн гурван чиглэлээр орчуулга хийж байна. Шиба Рёотаро гэж нүүдэлчдийн соёл иргэншил, монгол хүн ардын ахуй амьдрал түүхийг олон жил судалсан зохиолч байдаг. Тэрбээр зохиол бүтээлээ бичих онгодоо монголчуудаас олж, нүүдлийн соёл иргэншлээр утга зохиолын чиг хандлагаа тодорхойлсон. Би энэ хүний “Тал нутгийн тэмдэглэл” номыг анх 1997 онд орчуулсан. Дараа нь хүний хөгжил, боловсролын тухай Фүкүзава Юкичи“Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлс, Накамүра Масанао орчуулга“ Өөртөө туслах ухаан” номыг орчуулсан юм. “Өөртөө туслах ухаан” бол орчин цагийн Япон улсыг бий болгоход суурь болсон ном. Тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуай энэ хоёр номын өмнөтгөлийг бичиж өгч байлаа. Эдгээр ном нүүдэлчний өвөрмөц феодализмаас социализм руу, тэндээсээ шууд капитализм руу “үсэрсэн” бидэнд либерал үзэл цэгцтэй номлосон бараг анхны томоохон зохиол болов уу гэж боддог. Хүмүүс одоо хүртэл тэр номыг сонирхож уншсаар байдаг юм билээ.
-Та дэлхийн анхны роман “Гэнжийн туульс”-ыг орчуулсан. Эл номыг орчуулах хэцүү байв уу?
-Эл ном миний уран зохиолын орчуулга хийсэн анхны ном. Дэлхийн анхны роман. IX зууны үед бичигдсэн. Манай нууц товчооноос хоёр зуун жилийн өмнө туурвигдсан бүтээл. Би өөрөө халгаад барьж авч чадахгүй байсан. Маш олон эх байдаг. Япончуудын хүлээн зөвшөөрдөг эхийг орчуулахгүй бол зөвшөөрдөггүй. Дэлхийн уран зохиолын тавин ботийг эмхэтгэх ажилд уг номыг оруулах нь зүйтэй гээд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай үзээд санал тавьсан. Үүнийг орчуулахыг надад даалгасан ч гэж хэлж болно. Энэ ном мянганы шилдэг зохиолчийн бүтээл. Нөхөр нь дайнд үрэгдсэн хааны ордонд ажилладаг эмэгтэй зохиосон. Тэр хааныг унтахад нь 20 минут ном уншиж өгдөг байж. Бид нууц товчоогоо эрхэмлэн дээдэлдэг шиг япончууд “Гэнжийн туульс”-аараа бахархдаг. Энэ туульс тавин зургаан шастиртай. Би зөвхөн зургааг нь л орчуулсан. Одоо хоёр дахь боть руугаа орсон байгаа.
-Мүраками Харүкигийн “1Q84” цуврал романыг орчуулахад хэдий хэр хугацаа зарцуулав. Таны өмнө нь орчуулж байсан зохиолоос юугаараа онцлог байв?
-“Гэнжийн туульс” намайг уран зохиолын амтанд оруулсан. Түүнээс хойш утга зохиолын орчуулга сонирхол татах болсон. Тийм үед Мүраками Харүкиг орчуулах санал гарсан юм. “Адмон”-ы Р.Энхбат надад“1Q84” номыг орчуулах санал тавиад бараг гурван жил болсон юм. Мүраками Харүки дэлхийн супер од учраас бүтээлийнхээ орчуулгад маш их анхаардаг. Орчуулагчдыг их голдог. Би дэлхийн анхны роман, Японы арав гаруй бүтээлийг орчуулсан учраас намайг бүтээлийг нь орчуулахыг зөвшөөрсөн байх. Мянга гаруй хуудастай гурван том дэвтэр романыг орчуулах нэлээд хэцүү байлаа.
-Мүраками Харүки гээд хүмүүс хошуураад байна. Чухам энэ хүн юугаараа хүмүүсийн анхаарлыг татаж байна вэ?
-Миний бодлоор өвөрмөц үндэстний онцлогтой япон утга зохиолыг өрнөдийн тунгалагшсан, цэвэршсэн утга зохиолтой эрлийзжүүлээд байгаа юм. Үүнийг ялгадаг салгадаг, сэтгэлгээний задрал, оюун санааны хурд хүч хүлээж авдаг тал буюу уншигчдад цогцолсон байна тэгээд л хошуурч байна. Дэлхийн утга зохиол шинэ шатанд гарлаа гэхээс илүүтэй уншигчид шинэ шатанд гараад байна гэсэн гаргалгаа бас бодит байдалд дөхөх юм. Манайд тийм хувьсал маш эрчимтэй явагдаж байгааг үгүйсгэж болохгүй.
-Орчуулах юмсан гэж боддог зохиол?
-“Гэнжийн туульс”-ыг барьж авсных бүрэн гаргах алсын бодол бий. Зургаан бүлгийг нь орчуулахад жилийн хугацаа зарцуулсан. Эл номыг орчуулахад бүх насаа зориулах байх. Ойрын хугацаанд Мүраками Харүкигийн зохиолоос хэдийг нь гараас гаргах санаа бий. Ирэх сард нээлтээ хийх болов уу. “Өнгөгүй Тазаки Цүкүрүгийн горооны жил”-ийг орчуулж бүрэн дуусгасан одоо засах нягтлах шатандаа явж байна.
-Орчуулга хийгээд амьдралаа залгуулж чадаж байна уу?
-Ер нь бол ном зараад хүн баяжихгүй гэдэг шүү дээ. / Баабар магадгүй юм. инээв/ Хэдэн номоо зарах гээд бариад гүйх сонирхол надад байдаггүй. Тийм болохоор “Адмон”, “Монсудар” зэрэг хэвлэлийн компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Бусад хэвлэлийн газруудтай ч хамтрахад бэлэн.
-Гадаад хэлнээс монгол руу хөрвүүлдэг орчуулагч олон. Харин Монголынхоо зохиолыг гадныханд зориулж орчуулах хүн яагаад гарч ирэхгүй байгаа юм бол. Танд монгол зохиолоо гадаад хэл дээр орчуулах бодол бий болов уу?
-Надад тийм бодол бий. Манайх утга зохиолын өв сан тийм ч муу улс орон биш. Ер нь гадагшаа гарч чадахгүй байгаа л болохоос Монголд сайн бүтээл байлгүй яах вэ. Хувь хүнийхээ хувьд таалагдсан, япон хүний утга зохиолын санд орохуйц бүтээлээс орчуулах бодолтой явдаг.
-Монголчуудын бичсэнийг хөрвүүлдэг гаднын сайн орчуулагч бий юү?
-Бий бий. Японоос бусад улсыг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Японд маш сайн монгол хэлтэй орчуулагч байдаг. Кимүра Аяако, миний багш Азийн их сургуулийн профессор Койбүчи Шинь Ичи, Токиогийн гадаад судлалын дээд сургуулийн Монголын уран зохиол судлаач профессор Окода Казүюүки нараас авахуулаад олон хүн бий. Миний багш Койбүчи гэхэд л “Мандухай сэцэн хатан”, “Чингис хаан” зэрэг киноны зохиолыг япон хэлнээ орчуулсан байдаг. Эдгээр хүмүүсийг татах сэтгэл зүйн болоод бас бус хөшүүрэг хэрэгтэй. Ганц Монголоос ч биш япончуудын сонирхол бас байх болов уу.
- Манай улсын орчуулгын уран зохиолын хөгжил ямар төвшинд яваа гэж бодож байна вэ?
-Ер нь бол манайх орчуулгын маш өндөр чадамжтай улс. Олон зууны уламжлал ярина шүү дээ. Манж, төвд, хятад, санскрит хэлнээс зохиол орчуулдаг байсан уламжлалтай. Бурхан шашны зохиолоо төвд хэл, санскрит хэлээр бичдэг, орчуулдаг агуу соёл бий. Нэг хэлнээс нөгөө рүү шилжүүлэх энэ үйл явц бол бидний хувьд суурь уламжлал сайтай уураг тархинд нь суусан тийм үндэстэн. Орчин үеийн утга зохиолын орчуулга ч муугүй. Орос хэлээр дэлхийтэй танилцсан гэхэд болно. Тийм болохоор орос хэлнээс орчуулсан ном руу хошуурдаг олон жилийн уламжлалтай юм. Өөрөөр хэлбэл, уншаад сурчихсан гэх үү дээ. Бусад хэлнээс хэчнээн сайн орчуулаад гарсан номыг “мэддэггүй”. Харин одоо цаг өөрчлөгдөж байна. Хятад, Японы утга зохиол руу сонирхдог болжээ. Тийм бүтэн үе өсч бойжиж байна. Турк, хятад, японоос болон герман хэлт ертөнцийн алдартай бүтээлүүд ч гарч байна. Сайн бүтээлүүд сайн ч орчуулагдсаар байна.
- Дэлхийн сонгодог бүтээлүүдийг уншиж, орчуулж халуун амьсгаагаар холбоотой багагүй хугацааг туулсан хүний хувьд манай улсын орчин үеийн утга зохиол дэлхийтэй харьцуулахад хаана явна гэж та боддог вэ?
-Нобелийн шагнал, түүний өмнөх шатны жишээ Франц Кафкагийн шагнал ч гэх юм уу Иерүсалимын шагналыг авах хэмжээний монгол зохиолч одоохондоо гараагүй байна. Энэ чухал биш ч үгүйсгэж боломгүй хэмжүүр. Энэ нь нэг талаар гадаадад Монголын уран зохиол гарч чадахгүй байгаатай холбоотой байх. Нөгөө талаар англи хэлээр зохиолоо бичдэг хос хэлтэй чадварлаг зохиолч манайд алга. Дэлхийн олон зохиолч зохиол бүтээлээ англи хэл дээр бичдэг. Манай Чинагийн Галсан гуай герман хэлээр зохиолоо бичээд Европт алдаршаад байна. Ч.Галсан гуай шиг хос хэлтэй хүн ховор юм уу даа. Мүраками Харүки япон, англи хэлээр уран бүтээлээ гаргадаг. Тийм учраас дэлхий түүнийг сонирхоод Азийн уран зохиолыг түүний уран бүтээлээр төсөөлж биширч байгаа тал бий. Манайд хос хэлтэй зохиолч хэрэгтэй болж дээ гэж боддог юм. Зохиолч нарыг ийм тийм байна гэж хэлэхэд түвэгтэй юм. Дээр нь уншигчийн төвшин чадал чансаа гэж их чухал зүйл бий. Уншаад уйлаад байдаг номнуудыг харахад“уйлах” гэдэг ухагдахуун өөрчлөгдсөн болов уу гэмээр байх нь ч бий. Ер нь сайн зохиол бүтээл уншигчийн чадлыг сорих нь бий. Уншигч чадалтай байж сайн зохиол бүтээл бий болдог тал ч бас бий болов уу.
-Сайн уншигчийг хэрхэн бэлтгэх хэрэгтэй юм бол?
-Дэлхийд нэрд гарч байгаа бүтээлүүдийг сайн орчуулж уншигчдад хүргэх хэрэгтэй. Орчуулгын чанарын асуудалд анхаарах хэрэгтэй юм. Ер нь орчуулагчийн хөдөлмөрийг миний хувьд гүүш, соёлын том зүтгэлтэн, цэц мэргэний туйл гэж хардаггүй. Харин нуруун дээрээ дүүрэн ачаатай илжиг гэж боддог. Тийм хүнд хөдөлмөр байдаг. “Адуу дагаж илжиг точигноно” гэж үг бий. Адууныхаа урд гараад хатираад байдаггүй, тийм эрх бүүр ч байхгүй. Орчуулагч хүн зохиолчийнхоо зохиол бүтээл, дээр нь амьдарч буй нийгэмтэй нь, тэр зохиолчийн боловсрол, авьяас чадамжтай нь бүр байтлаа ааш араншинтай нь нуруун дээрээ ачиж явдаг. Тэрнээс А.Пушкинтай зэрэгцэж давхих гээд байвал эмгэнэл шүү.
-Таны уншиж, судалснаар дэлхийн уран зохиолын чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?
-Энгийн үгээр гүн гүнзгийг илэрхийлж, хар дотроос цагааныг, цагаан дотроос харыг шүүрдэх дүрэм өөрчлөгдөж байгаа юм болов уу гэж хардаг. Утга зохиолд тансаг уран үгээс илүүтэй бат нот бядтай бичлэг, хурц мэдрэмжтэй баялаг төсөөлөх хүч, хурд хүч хэрэгтэй тийм цаг үе иржээ. Түүнээс гадна хүн хэмээх“ гений хөсөг”-ийн тархины хэмжээ хоёр сая гаруй жилийн дотор дөрөв дахин нэмэгдээд нийт энерги зарцуулалтын45 хувийг дангаараа эзэлдэг гэж эрдэмтэд бичсэнчлэн ой санамжийн тухай ойлголт их өөрчлөгдсөн байна, түүнийг ухаж гаргаж ирэх нь утга зохиолын үүргийн нэг болжээ. Энэ бүхэн шинэ утга зохиолын хэв шинж байсаар байх болов уу.
Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл (3)
(112.72.8.90)
Сайхан ярилцлага байлаа. Орчуулагчдаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. О.Жаргалсайхан орчуулагчдаа хандаж хэлэх нэг санаа байна. Шибо Рёотаругийн " тал нутгийн тэмдэглэл", " Орос орон" бас нэг зохиолыг нь санахгүй байна 3ш зохиолыг нэг ном болгон дахиж хэвлүүлвэл уншигчид таатай хүлээж авах ба борлуулалт сайн байх болов уу хэмээн боддог. Эдгээр номууд Японы аум синрикёгийн тухай биш монгол улсын түүхийг хөндсөн сонирхолтой олдворууд билээ.
зоÑин (43.242.242.183)
ÑÐ½Ñ Ð¼Ñндаг ÑмÑгÑÑй бÑÑ ÐµÑÐ¾Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ð¾Ð³Ñ Ð½Ð°ÑÑ Ñм биÑиж Ð¾Ð³Ñ Ð±Ð°Ð¹Ñан ÑÑ Ð°Ð°Ð»Ð°Ð³ Ñ Ñн байна.Ñ ÑÐ¹Ñ ÑедÑÑ Ð¾ÑÑÑÑлага биÑлÑгийн аÑга баÑилааÑаа ÑÑÑÐ³Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð² ÑÑ.дÑÐ»Ñ Ð¸Ð¹Ð½ номÑÑдÑг оÑÑÑÑлдаг монгол Ñ Ñн Ð¾Ð¾Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð° ÑÑ
зоÑин (103.26.194.70)
ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ ÑÑилÑлага Ñ Ó©Ð´Ó©Ð»Ð¼Ó©ÑÑ Ð¾ÑÑнлаг Ñ Ò¯Ð½ Ñанд ÑалаÑÑ Ð»Ð°Ð°