М.Тогмид: Малаа заазалж, чанаржуулахад анхаармаар байна

 

        Мал сүрэг хэт өсч, чанар нь муудаж байгаа талаар түүхч, зохиолч М.Тогмид бидэнтэй санал бодлоо хуваалцлаа.

 

-Та Монголын мал аж ахуйн талаар судлаад байгаа юм уу?

 

-Нэлээд зүйл үзэж, судалж байна. Монгол бол мал аж ахуйн орон. Ер нь хүн төрөлхтөн үүссэн цагаас амьжиргааны эх үүсвэр нь мал байсан. Манай мал аж ахуй ч эртний уламжлалтай болохоор мал маллагаа, арчилгаа тордлого нь ч төгс төгөлдөр болсоор ирсэн. Иймд монгол хүний хөгжин дэвжих, ялалт амжилт, баяр баясал бүхэн малтай холбогддог. Өөрөөр хэлбэл, мал бол монголчуудын баяр баясгалан, аз жаргал юм. Тиймээс малтай холбоотой ардын аман зохиол ихэд хөгжсөн байдаг. Энэ талаар “Монголын нууц товчоо”-оос ихийг уншин, ойлгож болно. Дээр үед монголчуудыг “Гүүний сүүгээр цэнгэгчдийн орон” гэж хэлдэг байлаа.

 

-Одоо ч малчид малаа өсгөөд ашиг шимийг нь хүртээд сайхан байгаа юм биш үү?

 

-Малгүйгээр монгол хүнийг төсөөлөхийн аргагүй л дээ. Одоо Монголын мал түүхэнд байгаагүйгээр их өслөө. Гэтэл мал ингэж их өсч байгаагийн цаана ноцтой зүйл ажиглагдаад буй юм. Дээр үед айл өрх бүр тодорхой тооны малтай, тэр малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж, амьжиргаагаа залгуулдаг байлаа. Ер нь бид мал сүргээ өөртөө ашигтайгаар, бодлого, төлөвлөгөө, чиглэлтэйгээр удирдан жолоодож байх учиртай юм.

 

-Та мал өсч буйг буруутгах гээд байгаа юм уу?

 

-Одоо манайхан жилийн жилд өсөн нэмэгдэж буй малынхаа тоо толгойг ихэд дэвэргэн, бахархан ярих боллоо. Улс аймаг сум, тэр бүү хэл малчид хүртэл мал өсч байна, олон сая малтай боллоо гээд ам уралдан яриад байх юм. Гэтэл энэ мал өсөөд байгаагийн цаана ноцтой алдаа, завхрал яваад буйг би ярих гэсэн юм.

 

-Юун алдаа завхрал вэ. Мал өсвөл мах элбэгших юм биш үү?

 

-Таныг би хөгшин малын хатуу, туранхай мах идэх сонирхолтой гэж бодохгүй байна. Манайхан өнөө үед зааз малын тухай ярьдаггүй болж л дээ. Энэ тухай бараг мартаж байх шиг. Социализмын үед есдүгээр сар орчимд бүх малаа тоолж, зааз малаа ялгаж, толгойд нь тэмдэг тавьж тусгайлан малладаг байсан. Энд нэгэн зүйлийг хэлэхэд монголчууд малынхаа толгойг ингэж будаж тэмдэглэдэггүй бүр цээрлэдэг байсан.

 

-Зааз мал ялгахгүй болсны уршиг юу вэ?

 

-Зуд болоход хамгийн эхэнд зааз мал л үхэж, үрэгддэг юм. Хөгширсөн муу мал үхэхээс өөр яах вэ. Үхсэн малын сэг зэмийг очоод үзэхэд, муу мал л байдаг. Ийм муу малаа тоондоо оруулж, малын тоо толгойг өсгөөд байгаа юм. Чанартай цөөн тооны хэдэн малтай байх тухай ярьдаг атлаа хэрэгжүүлэхгүй байгаагийн уршиг ийн илрэн гарах боллоо.

 

-Тухайлбал?

 

-Монголчууд урьд нь малынхаа чанарт ихэд анхаарч, хүн хүч, бэлчээр, ус, боломж хэрэгцээндээ тохируулан тоо толгойг нь барьж чаддаг байсан. Шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол малыг сайндаа л 6-7 нас хүрэхэд заазалдаг байсан. Бэлчээр гүйцэхгүй, төл өгөхгүй, сүү сааль, үс ноос муутай, зуд турхан даахгүй малыг заазлах ёстой. Гэтэл малыг заазлахгүй байсаар байгаад хөгшрүүлж байна.

 

-Малчдын хотонд нас гүйцсэн, сайхан ирэг сэрх байж л байдаг шүү дээ?

 

-Монгол ухаан их өөр юм. Малчид хотондоо сүргийн ахлаач гэж нас бие гүйцсэн сайхан ирэг, ганц нэг сэрхийг сэтэрлэж тавьдаг. Малын сор, сүргийн ахлаач болсон тийм мал цас зудад сүргээ түүчээлэн дагуулж замчилж явдаг. Малчид малынхаа сор болсон сүргийн ахлаачийн тухай ер ярихгүй байна.

 

-Сүргийн ахлаачийн үүрэг юу вэ?

 

-Ийм мал нэг талаар эзэн хүний бахархал. Тэр сайхан шар халзан ирэг, даргар эвэртэй сэрхийг сэтэрлэн хотондоо тавьснаар тухайн айлын малын сор, таних тэмдэг, бэлгэдэл нь болдог. Сэтэрлэсэн малыг эдлэхгүй, алж идэхгүй, зөнгөөр нь орхидог. Үнэхээр тэр айлын малын гоё сайхныг илтгэж байдаг.

 

-Хөгшрөхөөр нь заазлахгүй юм уу?

 

-Эдлэхгүй, алж идэхгүй зөнгөөр нь орхидог тухай би дээр хэлсэн. Үхсэн үед нь өндөр ууланд гаргаж хүндэтгэн тавьдаг юм. Бид ч багадаа чирч аваачиж тавьж байсан. Сүргийн ахлаач шиг ийм малыг татвараас чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлдэг байгууштай санагддаг.

 

-Бод малыг бас сэтэрлэж, унаж эдлэхгүй байх уу?

 

-Адуунд гэхэд л дэл сүүлийг нь аваагүй шанхыг нь их гоё тавьсан морь л явна. Тэр морио баяр ёслол, найр наадмын үед хааяа унана. Үхэрт бол сайхан амбан шар байх. Хавь ойрынхон нь ч андахгүй. Сүргийн ахлаач, сүр болсон ийм малаар нутаг усныхан нь тэр айлын малыг андахгүй таньдаг, тэмдэг нь юм. Одоо ч зарим айлд тэмдэг болохуйц ийм мал бий байх.

 

-Та мал сүрэг хэт олширч буйд сэтгэл эмзэглэснээ ярьж байсан шүү дээ?

 

-Харин тийм ээ. Өнөө үед малын тоо толгой хэт олон болжээ. 56 сая малтай боллоо гэж бахархан яриад байна. Мал ингэж их өссөн нь байгаль экологид аюул учруулж байгаа юм. 56 сая малын 20-30 хувь нь зааз мал болчихоод байгаа юм. Зааз мал ус ууж, өвс идэж, хужир шүү долоож бэлчээр сүйтгэсээр яваад зүгээр л үхчихдэг. Ер нь мал бол байгаль дэлхийд маш их сүйтгэл учруулдаг амьтан. Жишээлбэл, Европ тивд ямаа, Англид хонь ихээхэн аюул учруулсан байдаг.

 

-Учруулсан аюул нь юу вэ?

 

-Англи улс цэмбэний үйлд вэр хөгжүүлэхийн тулд хонь ихээр өсгөснөөс бэлчээр гүй дэн, ургамлын бүтэц асар их өөрчлөгдөж, хонь нь багтахгүйд хүрсэн гэдэг. Үүнтэй нэгэн адил Европын ургамлын бүтцийг ямаа өөрчилсөн.

 

-Манайхан ч ямаа их өсгөж байна шүү дээ?

 

-Манайхан ямаа өсгөснөөр бэлчээрийг цөлжүүлсээр байгаа юм. Энэ тухай малчид ч ярьсаар байна. Ямаа тал хээр, говийн бүсэд аюул учруулдаг. Гэтэл ямаа өндөр ууланд зохицсон амьтан. Уул хаданд ургасан өвсийг үндсээр нь сугалж иддэггүй, тийм газрын өвс усанд зохицсон мал.

 

-Таны яриад байгаа дээрх асуудлыг хэрхэн яаж, зохицуулах ёстой юм бэ?

 

-Миний бодлоор Монголд малын тухай хууль байдаггүй. Хэрэв ийм хуультай байвал аль бүсэд ямар малыг түлхүү өсгөж үржүүлэхээс эхлээд малыг хэрхэн тээвэрлэх, тамгалж тэмдэглэх, юуг хориглох, зөвшөөрөх зэрэг олон зүйл заалтыг тусгах хэрэгтэй. Тэр бүү хэл малын баяр тэмдэглэж хэвшмээр байгаа юм. Бид мал шүтэн амьдардаг атлаа малын баяр хийдэггүй. Малын баяраар сүргийн ахлаачийг мялааж тахих юм уу, шилдэг мал шалгаруулах, өргөл өргөх зэрэг сайн үйлс өрнүүлдэг байвал сонирхолтой болно. Ийм хэлбэрийн уламжлалт ажил мартагдчихаад байна шүү дээ.

 

-Малыг чанаржуулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад юу дутаад байна вэ?

 

-Төр, засгийн зохистой бодлого үгүйлэгдээд байна. Малыг заазалж, тоо толгойг нь зохистой төвшинд барихгүй байгаа нь төр, засгийн буруу бодлоготой холбоотой. Би нэг малчны өвөлжөөгөөр орсон юм. Тэнд янгир шиг эвэртэй сэрх, хөгшрөөд үхсэн иргийн сэгийг жалганд овоолоод хаясан байсан. Тэр сэг зэмийг зун нь өт идэж, намар араг ясыг нь шатаадаг гэж малчин ярьж байсан. Өмнөх нийгмийн үед ийм юм байгаагүй. Тэр үед малын нас гүйцээгүй байхад хоршоонд өгч явуулдаг байлаа. Мал махыг бодлоготой бэлтгэдэг, тууварт өгдөг байсан болохоор сүргийн бүтэц алдагддаггүй, заазлахаар мал цөөн үлддэг байсан. Тэгэхээр одоо төр, засаг бодлого явуулах, ХХААЯ, аймаг сумын удирдлагууд малыг заазалж чанаржуулахад анхаармаар байгаа юм. Бид 60-аад сая малтай болчихлоо гэж бахархахдаа биш юм. Жишээлбэл, Улс, аймгийн сайн малчинг тодруулахдаа тэдний малын хэдэн хувь нь зааз байгааг шалгах хэрэгтэй. Зааз олонтой бол тэр сайн малчин биш. Үүний тулд жил бүр малыг тоолж, бүртгэхийн сацуу зааз малыг ялгаж хэвшвэл малын бүтэц, чанарт эрс өөрчлөлт гарна. Монгол хүн их олон мал харахаараа сэтгэл тэнүүн амгалан болчихдог. Малаа өсгөж байна гээд заазаар хот дүүргэх хэрэггүй л дээ. Иймд бид чанар, ашиг шим арвинтай мал сүрэгтэй болмоор байна. Ямаанд хязгаар тогтоож, хонь, ямааг тогтмол саадаг фермтэй болох зэрэг хийх ажил их байна.

 

Н.Бөхдамбий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)