Дөрөв дэх засаглал бидэнд бий юу?

 

        Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг орон бүрийн сэтгүүлчид жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн энэ өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан байдаг. Энэ өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчимыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. 

 

1991 онд Африкийн нэгэн жижиг улс Намибид тус тивд оршдог орнуудын сэтгүүлчдийн өргөн төлөөлөл хуран чуулж хэвлэл мэдээллийн эрх чөлөө хийгээд олон ургалч үзлийг дээдэлдэг хараат бус бие даасан хэвлэлийн тухай хэлэлцээд, улмаар тусгай тунхаг бичиг гаргажээ.Хожим Виндхукийн тунхаг хэмээн алдаршсан тэрхүү бичиг батлагдсан өдөр болох тавдугаар сарын 3-ныг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар шийд¬вэрлэсэн байдаг.

 

Анхандаа Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэж байснаа төдөлгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн нэрлэх болсон. Энэ өдрийг тохиолдуулж НҮБ-аас орон, орны төр засаг, олон нийтэд хан¬даж илгээлт явуулахдаа ардчилал, хүний эрхийн тул¬гуур зарчим, гол шалгуур, үндсэн үзүүлэлт болох хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлж, үзэл бодлоо илэр¬хийлэх эрх ямар бай¬далтай байгаа болон цаашид яах ёстойг тодорхойлж томъёолдог.

 

Хэвлэлийн эрх чөлөөний тухай “...Хэвлэлийн тухай хуулинд ч гэсэн нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсганасан ухуулга, суртал нэвтрүүлэг хийхийг хориглодог.Мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг сурталчилсан үйл ажиллагааг хязгаарласан байдаг.Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг ч хориглодог.Мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах өөр нэг хүчин зүйл бол улсын нууцтай холбоотой аливаа мэдээ, баримтыг ил тод болгохыг хориглох явдал юм.Энэ талаарх болон олон нийтийн мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг олон хууль эрх зүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг.

 

Мэдээллийн эрх чөлөөг баталгаатай болгоход 1989 онд Улсын хэвлэлийг хянах газрыг татан буулгаж, 1992 онд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах” Засгийн газрын журмыг шинэчлэн баталсан явдал чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа 1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хууль хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахыг, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад цензур тавихыг хориглосноор олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн юм” хэмээн Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа” томъёолжээ.

 

Тэгвэл бидэнд “Хэвлэлийн эрх чөлөө” бий юу?  Эрх чөлөө гэдэг чухам юу болох. Ардчилсан Монгол Улсын иргэнийхээ хувьд бид Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, халдашгүй чөлөөтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгө эзэмших эрхтэй. Энэ бол та бидний хүн байх жам ёсны эрх чөлөө. Гэвч эдгээр нь зөвхөн монгол хүний эрх бус, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд туссан хүн гэх эрхэм хувь заяанд төрсөн бүхний үндсэн эрх.Жам ёсны энэхүү эрх чөлөөгөө эдлэхэд маань дутаж болохгүй нэгэн чухал эрх бол мэдэх эрх, эрх чөлөө билээ.Тэр тусмаа үзэл сурталжсан, мушгин гуйвуулсан, хэн нэгний эрх ашигт нийцүүлсэн бус, үнэн бодит байдлыг байгаагаар нь мэдэх эрх.

 

Мэдэх эрх хуулиар нээлттэй ч хүн болгон өөрийн гэсэн оногдсон ажилтай, амьдралын ачаатай тул тэр болгон  мэдээллийг цаг тухайд нь сонсож чаддаггүй. Харин та биднийг мэдэх эрхээ эдлэх боломжоор хангаж өгдгөөрөө хэвлэл мэдээлэл бидний мэдэх эрхийн маань хүндтэй манаач юм. Иймээс л хэвлэл мэдээллийн салбарын зүрх, тархи нь байх учиртай сэтгүүлчдийг дэлхий нийтээр хүний эрхийн манаач гэдэг.

 

Хэвлэл мэдээллийн салбар дээр дурдсан онцгой үүрэгтэй учраас л энэ үүргээ гүйцэтгэх боломжийг нь хуулиар баталгаажуулж хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах ёстой юм.Түүнээс бус хэвлэлийн эрх чөлөө бол хүмүүсийг ажил мэргэжлээр нь ялгаварлаж нэг хэсэгт нь онцгой эрх олгож байгаа хэрэг огт биш.
Өөрөөр хэлбэл хэвлэлийн эрх чөлөө бол хүний эрхийг, Та бидний эрхийг хамгаалахын тулд л онцгойлж үздэг эрх. Үүгээрээ хэвлэлийн эрх чөлөө бол юуны өмнө бодит байдлыг мэргэжлийн ёс зүйн үүднээс үнэнээр нь мэдээлэх үүрэгтэй сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа чөлөөтэй явуулах эрх чөлөө юм. 

 

Ардчилсан оронд хэвлэл мэдээлэл ийнхүү хүмүүст мэдэх эрхээ эдлэх боломж олгодог, түүгээрээ бусад эрхээ хамгаалах чухал баталгаа бүрдүүлж өгдөг учраас л түүнийг дөрөв дэх засаглал гэж үздэг. 

 

Сайн засаглал оршин байхын тулд үзэл баримтлал нь оновчтой, хууль нь тодорхой, дүрэм журам, стандарттай, тэр бүхэн нь хэрэгждэг байх ёстой.Дөрөв дэх засаглал сайн засаглал болоход ийм нөхцлийг хангах Хэвлэлийн эрх чөлөөний хууль онцгой чухал юм.Дэлхийн жишгээс харвал ийм хуулиар юуны өмнө сэтгүүлчийн мэргэжлийн эрх чөлөө, хараат бус ажиллах нөхцөл баталгаажих ёстой ажээ. Бас энэ хуулиар сэтгүүлч эрх чөлөөгөө хариуцлагатайгаар эдлэх, үүргээ ёс зүйтэй, чанартай гүйцэтгэх шаардлага, нөхцлийг ч бүрдүүлэх ёстой болж байна.

 

О.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)