Б.Амгаланбаяр: Хачигт халдвар амь насанд хүрэх аюултай
- 2016-05-12
- Үнэн
- 0

Урин дулааны цагтай зэрэгцэн иргэд хөдөө явж, агаар салхинд гарах нь ихэсдэг. Энэ үеэр хачигт халдварын өвчлөл, хачигт хазуулсан тохиолдол нэмэгддэг юм байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Б.Амгаланбаяртай ярилцлаа.
-Монголд хэчнээн төрлийн халдвар үүсгэгч хачиг байдаг юм бэ. Ямар халдварыг тараадаг вэ?
-Дэлхийд хачгаар дамждаг 30 гаруй халдварт өвчин бий гэсэн судалгаа байдаг. Үүнээс манай улсад гурван төрлийн хачгаар дамждаг халдвар бүртгэлтэй байна. Тухайлбал, хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг өвчлөл бий. Эдгээр өвчин үүсгэгчийг тээж буй хачиг хүн, амьтныг хазсанаар халдвар тараадаг. Халдварыг дамжуулдаг ойн хачиг нь бэлчээрийнхээс арай жижгэвтэр бөгөөд хачигт энцефалитийг тараадаг. Бэлчээрийн хачиг нь риккетсиоз, боррелиозыг үүсгэдэг. Хаврын улирал болж, амьдрах таатай орчин бүрдэнгүүт гадагшаа гарч, нэг амьтнаас нөгөө рүү шилжин хазаж тухайн вирусыг дамжуулагч нь болдог.
-Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан хэчнээн тохиолдол бүртгээд байна вэ. Хачигт халдвараар хүн нас барсан гэх мэдээлэл байсан?
-Монгол Улсад жилд хачгаар дамжих халдварын 500-600 тохиол-дол бүртгэгддэг. Энэ жил 200 гаруй сэжигтэй тохиолдол бүртгээд байна. Энэ нь хачигт хазуулчихаад эмнэлэгт хандсан хүний тоо. Үүнээс лабораторийн шинжилгээгээр бат-лагдсан 30 гаруй тохиолдол байна.
-Халдварын тархалт хаана их бүртгэгдэж байна. Ер нь энэ өвчний гол хүндрэл яаж илрэх вэ?
-Дээрх гурван төрлийн халдварын хачигт энцефалит нь ойн хачгаар дамжих бөгөөд өвчлөл нь маш хүнд явцтай, суумгай болох, тархинд саажилт өгөх мөн ихэнхдээ нас баралтаар төгсдөг. Ийм тохиолдол ой тайга ихтэй буюу Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгаар элбэг байна. Бусад бэлчээрийн хачиг нь Монгол орон даяар тархсан байдаг. Нөгөө хоёр халдвар нь энцефалитээ бодвол хөнгөн, эмчилгээ авах боловч удвал хүндрэл өгч, амь насанд хүрэх аюултай.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэх хам-гийн найдвартай арга нь хачганд хазуулахгүй байх. Гадаадын орнууд хүн гэлтгүй малдаа хачиг дайжуулагч бодис цацдаг. Мөн хачиг биед нэвтэрч орохооргүй битүү, хачиг буусан тохиолдолд ялгарч харагдахаар тод өнгийн хувцас өмсөх, эрсдэлтэй газар буюу ой, хээр явахдаа болгоомжлох шаардлагатай. Хачигт халдварын үеэр малчид илүүтэйгээр өвчлөх эрсдэлтэй байдаг. Эцэг эхийн анхаарал сулрах үеэр хүүхэд хачигт хазуулах нь элбэг.
-Хазуулсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Хачигт хазуулсан тухайн газарт үрэвсэх, улайх, цааш хүндэрвэл толгой өвдөх, тууралт гарах, халуурах зэрэг шинж илэрнэ. Хүнээс хүнд халдахгүй. Хэрэв хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмчид яаралтай хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Мөн шинжилгээ өгөх хэрэгтэй. Болж өгвөл хазуулсан хачгаа шинжилгээнд авчирвал сайн. Манай пэйж хуудсанд хачигт хазуулаад биед шигдсэн тохиолдолд хэрхэн авах талаар бичлэг бий. Түүнийг харах хэрэгтэй.
-Шинжилгээ болон халдварын эсрэг вакциныг хаана хийлгэх вэ?
-Дээрх гурван төрлийн өвчний зөвхөн хачигт энцефалит нь вакцин, ийлдсийн эмчилгээтэй. Нөгөө хоёрт нь урьдчилан сэргийлэх вакцин байдаггүй. Вакциныг гаднаас импортоор оруулж ирдэг. Аймаг, дүүргийн харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн нэгдэлдээ хандаж вакциныг үнэ төлбөргүй хийлгэж болно. Харин шинжилгээг зөвхөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хийнэ. Тэгэхээр харьяа эрүүл мэндийн газар, сум, хөдөө орон нутагт байдаг бол тухайн газартаа шинжилгээгээ өгч, манайх руу явуулснаар энд шинжилнэ.
-Урин дулааны цагаар хачиг төдийгүй бусад төрлийн халдвар тээгч амьтад элбэгшдэг. Удахгүй шумуул гарах цаг боллоо. Зика вирус манайд улсад орж ирэх боломжтой юу?
-Манай улс зика вирусийн эсрэг, урьдчилан сэргийлэх талаар үндэсний хэмжээний бодлого барьж ажиллаж байна. Зика вирус халуун бүсийн шумууланд байдаг. Хүн хазмагц халдвар авч байгаа тохиолдол бүртгэгдэж байна. Онцлог нь хамгийн хөнгөн явцдаа 100 хүн хазахад 20 нь эмнэл зүйн тэмдэг хөнгөхөн илэрдэг. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү эрсдэлтэй гэсэн дүгнэлт гар сан. Одоогоор манай хөрш зэргэлдээ улс болон Монголын цаг агаартай адил бусад оронд зөвхөн зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, голомттой газарт зорчиж шумуулд хазуулах, эрсдэлтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, цусан бүтээгдэхүүн донороор авах тохиолдолд халдвар авсан тохиолдол бий. Судалгаагаар одоогоор Aedes aegypti зүйлийн онцлог шумуул зика вирусийг дамжуулж байгаа ч энэ төрлийн шумуул Монгол Улсад байхгүй байна. Энэ төрлийн шумуул нь тогтмол 20-30 хэмийн халуунтай газарт байнгын өсч, үржих боломжтой. Монголд шумуулд хазуулж зика вирусээр өвчилнө гэсэн ойлголт байхгүй.
-Зика вирусын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ. Үүний эсрэг зөвлөмж гаргана гэж байсан. Гарсан уу?
-Урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргасан. Гэхдээ манай улсад халдвар тараагч шумуул байхгүй учир зөвхөн аялагчдад зориулсан зөвлөмж өгч байна. Нэн ялангуяа жирэмсэн эмэг тэйчүүд голомттой улс орон руу аль болох зорчихгүй байх. Тухайн улс руу зорчсон тохиолдолд мэргэжлийн байгуул лагаас зөвлөмж авах, шумуулд хазуулахгүй байх талаар Буянт-Ухаагийн Хилийн мэргэжлийн албатай хамтарч заавар зөвлөгөө өгч байна. Мөн энэ талаар фэйсбүүк болон пэйж хуудас ажиллуулж байгаа.
-Гадаадаас ирсэн иргэд өөрийгөө эрсдэлтэй байна гэж бодвол Монголд шинжилгээ өгөх боломжтой юу?
-Одоогоор дэлхийд зика вирусийн эсрэг вакцин гараагүй. Харин эрсдэлтэй байгаа бол шинжилгээ өгч мэргэжлийн байгууллагад хандах боломжтой.
-Монголд байдаг шумуул зика шиг тархалт өндөртэй вирус тараадаг уу?
-Манай улсад одоогоор хүн шумуулаас халдвар авч, батлагдсан тохиолдол байхгүй. Гэхдээ шумуулыг байгальд нь судалж, ямар үүсгэгч тээдэг гэдгийг тогтоох ажлыг жил бүр төлөвлөгөөндөө оруулж зохион байгуулдаг.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (0)