Л.Баатарцогт: Албан байгууллага, компаниуд улиасыг өөрсдөө засч янзлах үүрэгтэй

 

        Жил жилийн зун нийслэлээр нэг улиасны цагаан хөвөн нисэх болсоор уджээ. Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг билээ. Мэргэжилтнүүдийн тайлбараар ихэвчлэн эм улиас тарьсан нь эр улиасаа санаж унгиралыг унагадаг байна. Улаанбаатар хотод 20 гаруй мянган улиас ургадгийн 6500 орчим нь гудамж, цэцэрлэг, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хашаанд байдаг аж. Тодруулбал, хүн ам олноор явдаг газарт байдаг бөгөөд эдний 3500 орчим нь эм, үлдсэн нь эр улиас байдаг гэнэ. Зургадугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гардаг. Энэ нь эм улиасны үр гэсэн үг бөгөөд байгалийн жамаараа модны үржил явж байгаа ч гаргахгүй байх боломжтой. Тиймээс холбогдох албаныхан гуравдугаар сараас эхлэн модны хэлбэржүүлэлт хийж, улиасны унгирал гаргадаг мөчир буюу болцууг тайрдаг. Ингэж тайрах нь унгиралтай тэмцэж байгаа нэг хэлбэр аж. Мөн эм улиасны молцогийг түүх ажил ч хийж буй юм байна. Уг ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.

 

АСЕМ-ТАЙ ХОЛБООТОЙГООР 750 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА

 

-Жил бүр улиасны үр буюу хүмүүсийн ярьж заншсанаар цагаан хөвөнг гарахаас өмнө модыг тайрч, хэлбэржүүлдэг. Энэ ажил хэдэн хувьтай явж байна вэ?

 

-Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хийдэг энэ ажлын үр дүнд цагаан хөвөнгийн гаралт 50-60 хувиар буурдаг. Бид хоёр жилийн өмнөөс улиасны ногоон үр буюу молцог нь задрах гэж байх үед зургадугаар сард ишээр нь хайчилж авдаг болсон. Үүний үр дүнд Улаанбаатарт хийсэх цагаан хөвөнгийн 80-90 хувийг бид механик аргаар багасгадаг юм. Энэ жил 3500 орчим улиасны үрийн молцогийг гараар түүж авна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл нийтдээ 3500 улиасыг засч, хэлбэржүүлсэн. Энэ ажлыг хийсэн ажилчдаа ойролцоогоор 4-5 сая төгрөгөөр цалинжууллаа. Одоогоор Улаанбаатар нэгтгэл болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани графикийн дагуу дараагийн үйл ажиллагаагаа хийж байна.

 

-Ирэх сард молцогийг нь хайчилж авах засч янзлаагүй улиасууд хаагуур байгаа вэ?

 

-Байгууллагын хашаанд байрлах улиасуудыг манайх засч янзалдаггүй. Бидний зүгээс нийтийн эзэмшлийн газрын модыг засч янзлах үүрэгтэй. Харин байгууллагын хашаанд, эзэмшилд байдаг модыг тус газар нь хариуцдаг. Гэтэл тэд энэ ажилд хайнга ханддаг. Зун албан байгууллага болон айлын хашаанд байх улиаснаас хамгийн их цагаан хөвөн дэгдэж гудамж талбайд тардаг. Тэгэхээр байгууллага, аж ахуйн нэгжүүд үүргээ ухамсарлаад өөрсдийн хариуцсан модоо арчилж, янзлах хэрэгтэй.

 

-АСЕМ-тай холбоотойгоор нэмж мод тарих уу?

 

-Хотын хэмжээнд хоёр сая гаруй мод бий. Үүн дээр энэ жил 750 мянган ширхэг мод сөөгийг нэмж тарьж байна. Одоогийн байдлаар 80 хувьтай байгаа. Ирэх сарын 10 гэхэд мод тарилтын ажил зогсоно. Энэ ажилд 700-800 сая төгрөгийг зарцуулсан.

 

-Улиас модны үр болох цагаан хөвөнг харшил үүсгэдэг, үүсгэдэггүй гэж ярих юм?

 

-Улиас модны цагаан хөвөнгөөс харшил үүсдэггүй. Харин харшилтай хүний сэтгэхүйд үйлчилж, өдөөлт үүсч харшил нь хөдөлдөг шиг байгаа юм. Харшил нь хамгийн түрүүнд сэтгэхүйтэй холбоотой бөгөөд улиасны цагаан хөвөнгөөр өдөөгдөөд шарилж, лууль гарсны дараагаар тоосонцроос нь хүмүүс жинхэнэ утгаар нь харшилдаг. Улиасны цагаан хөвөнгөөр харшил хөдөлдөг гэж ойлгож болохгүй.

 

Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгирал их гардаг ажээ. Хүмүүс улиасны хөвөн харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй гэв. Харин энэ талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Баянзүрх дүүргийн иргэн Х.Дуламсүрэн “Би шарилжны харшилтай. Саяхан харшлын эмнэлэгт очиж сорил тавиулаад одоогоор эмчилгээ хийлгэж байна. Зургадугаар сард улиасны цагаан хөвөн дэгдэж эхэлдэг. Хамар, ам, нүд, чихгүй орж, нүүрэнд наалдаад үнэхээр хэцүү байдаг. Уг нь төв зам дагуух модыг засч янзлаад байх шиг байна. Гэхдээ хотын төвд байрлах зарим байгууллагын хашаанд ургасан улиасыг хэн янзлах ёстой байдаг юм, бүү мэд. Би Соёлын төв өргөөний зүүн талаар байнга явдаг. Энд байгаа улиасны хөвөн жил бүр л унаж энэ хавиар явахад хэцүү болдог” гэв. Сүхбаатар дүүргийн иргэн О.Энэрэл “Одоо үед харшилгүй хүн гэж байхгүй болчихсон юм биш үү. Бүр бага насны хүүхэд хүртэл ургамлын тоосны харшилтай болж байна гэсэн. Зуны халуунд цагаан хөвөн нүүр нүдгүй наалдаад ирэхээр өөрийн эрхгүй уур хүрдэг. Хамар ам руу орж найтаалгадаг. Жил бүр улиас модыг тайрч, цагаан хөвөн гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа гэж ярьдаг. Гэхдээ зун хотын төв тэр чигээрээ л цав цагаан болсон байдаг шүү дээ. Байгалийн жам ёсны зүйл учраас яах аргагүй л байдаг байх” гэсэн юм.

 

Нийслэлийн ногоон байгууламжийн ихэнх хувийг эзэлдэг улиас 6-7 төрөл байдгаас гадна тоос шороонд маш тэсвэртэй, өөрөөсөө анхилуун үнэр ялгаруулж, орчин тойрныхоо агаарыг цэвэршүүлдэг, хурдан өсдөг, хөрс голдоггүй, олон жил насалдаг. Тийм ч учраас манайхан ихээр тарьдаг байна. Улиас эр, эм гэсэн хоёр төрлийн цэцэгтэй. Манай орны хувьд эм улиасыг олноор тарьснаар цагаан хөвөн их гардаг гэнэ. Улиас модноос цагаан хөвөн ялгарах нь нэг сар орчим үргэлжилнэ. Хавар, намар эр улиас нь эм модондоо тоос хүртээж энэ нь биологийнхоо явцаар нахиа хөөн задарч, үрээ салхиар тарааж эхэлснээс ийнхүү цагаан хөвөн шиг зүйл ялгардаг аж.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)