Зи даргын гэнэтийн завсарлагаа дуусах цаг ойртсоор

 

        УИХ-ын ээлжит сонгууль болоход ес хоногийн хугацаа үлдлээ. Нэр дэвшигчид тойрогтоо ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа хийгээд тун завгүй өдөр хоногууд өнгөрч байна. За энэ ч яахав болдог юм болдгоороо болж өнгөрдөг юм байгаа биз, харин сонгогчид минь л сонголтоо хийхдээ цензуртэй хандаасай гэж дахин дахин хэлмээр байна.

 

Харин энд нэг хүлээгдээд буй асуудал бий. УИХ-ын дарга З.Энхболдын өнгөрсөн сарын 24-нд гэнэтхэн захирамж гарган завсарлуулсан хаврын чуулган хуралдах уу гэдэг. Энэ сарын 23 нь хүртэл завсарлуулсан чуулганы завсарлагын хугацаа дуусахад гурав хоног үлдлээ. Жинхэнэ энд л УИХ-ын даргын зангараг гэж юу байдгийг харах цаг ирээд байна. Улс орны ээдрээтэй асуудал үстэй толгойноос хэтэрсэн энэ үед ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх олон асуудлыг шийдэх, шийдвэрлэх ёстой байтал тэр асуудлуудыг цаасан дээрх мөрөөдөл болгон шийдвэрлэх нь байтугай танилцаж, хэлэлцэх ч үгүй УИХ-ын бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн отгон чуулганаа завсарлуулж орхисон нь хэнд ашигтай байв.

 

Захирамж гарсан даруйд “Сонгуулийн сурталчилгааны үеэр гишүүд тойргийн ажлаа орхиод чуулгандаа суухаар ирнэ гэж байхгүй. Ирцгээлээ ч ирц бүрдэхгүй” гэх байр суурийг олон гишүүд илэрхийлсэн.

 

Тэгвэл хамгийн эхлээд УИХ-ын 76 гишүүний хэд нь чуулганы хуралдаанд ирэх боломжтойг тооцох нь зөв байх. УИХ-ын 76 гишүүний 31 нь нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшиж байна. Тэгэхээр энэ хүмүүс ажилдаа ирэх боломжтой гэсэн үг. Дээрээс нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй есөн гишүүн (Р.Амаржаргал, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Баярсайхан, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, С.Оюун, Л.Цог) бий. Үлдсэн 36 нь орон нутагт нэр дэвшиж байгаа учраас Төв аймагт нэр дэвшиж буй хоёроос бусад нь ирэхгүй байх магадлалтай. Тэр хоёр ирэхгүй ч байсан нийслэлд нэр дэвшиж буй 31, нэр дэвшээгүй есөн гишүүн нийлээд ирцийг хангалттай бүрдүүлнэ. Асуудлыг улстөржүүлэхгүй л бол УИХ-ын чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулахад саад болох өөр зүйл алга бололтой.

 

Мөн эндээс УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, төрийн ажлыг хэрхэн гүйцэтгэдэг гэдгийг харж болохоор байна. Амин хувийн ашиг, сонгуулийн сурталчилгаагаа хөөгөөд алга болох уу, төрийнхөө ордонд ирж түмнийхээ төлөө хэлэлцэн батлах ёстой хууль тогтоомжоо хэлэлцэж бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн отгон чуулгандаа суух уу гэдгийг харахад гурав хоног үлдлээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.9.41.233)

    2016-06-20

    darangyilagch

  • (202.9.41.233)

    2016-06-20

    darangyilagch

  • (202.9.41.233)

    2016-06-20

    darangyilagch