С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг инфляцтай уялдуулах нь буруу
- 2016-06-21
- Үнэн
- 0
МҮЭ-ийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх талаар нэлээд хугацаанд ярьсан. Ажил олгогч эздийн эсэргүүцэлтэй тулгарсны эцэст 240 мянган төгрөг болголоо?
-Хуулийн хугацаандаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага санал шаардлага тавьсны үр дүнд гурван талаасаа ярилцаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн. Төсвийн тухай хуулийг Засгийн газраас яриад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тогтсон. Зарим байгууллагын эздийн зүгээс эдийн засаг хүнд байгаа үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй гэсэн зүйлийг нэлээд ярьсан. Гэхдээ л тодорхой хэмжээгээр нэмэгдүүллээ. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шаардлага байгаа. 240 биш 280, 300 мянга руу дөхүүлэх хэрэгтэй байна. Энэ нь амьжиргааны өртөгтэй шууд холбоотой юм. Нэг хүний амьжиргааны өртөг 185 мянган төгрөг шүү дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүн өөрөөсөө гадна хамгийн багадаа нэг хүн тэжээж байгаа. Тэгэхээр хоёр ам бүлтэй айлд дор хаяж 370 мянган төгрөг шаардлагатай. Хамгийн наад захын энэ үндэслэлийг бид бүхэн барьж ажилладаг.
-Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр салбарынх мөн нэмэгдэх үү?
-Салбарын хөлсний доод хэм - жээний хувьд итгэлцүүртэй байдаг. Одоогоор 384 мянган төгрөг байгаа. Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 болбол салбарынх 480 мянга болно гэсэн үг. Хуучин бид зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг гээд бариад зогсч байсан бол одоо үүнийг салбаруудад эрхийг нь олгочихсон. Жишээлбэл, инженер техникийн ажилтанд 192 мянган төрөг өгч болохгүй. Үйлдвэрийн үйлчилгээний ажил хийдэг хүн зүгээр оффисын ажилтан хоёр ялгаатай шүү дээ. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд хотоос өөр. Тухайлбал, станцын ажилтан давхар мал малладаг. Ажлын богиносгосон цагтай гэхмэтчилэн. Мөн Улаанбаатар хотын шатахуун түгээгч сумын шатахуун түгээгч хоёрын ажлын ачаалал шал ондоо. Түүнээс хамаарч ялгаатай байгаа юм.
-Танайхаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмүүлэх хүсэлт явуулсан. Гэтэл Засгийн газраас 25 хувиар нэмнэ гэж баталсан. Үүнийг тайлбарлана уу?
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, орлого зарлагын байдал, эдийн засгийн нөхцөл хүнд байх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй байж болно гэсэн заалтыг хуульд оруулсан байдаг. Эрх баригчид энэ заалтаар түрий бариад “Эдийн засаг хүнд байгаа үед юун цалин нэмэх. Яаж ажлын байранд нь хүмүүсээ авч үлдэх үү” гэсэн зүйл яриад байгаа юм. Сүүлийн үед валютын ханш бага зэрэг бууж байна. Ам.доллараар илэрхийлэх юм бол бодит хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бууралттай байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван жилийн өмнө 192 мянган төгрөгөөр тогтоож байхад 110 ам.доллартай тэнцэж байсан. Одоо ам.доллар 1940-тэй болсон. 192 мянган төгрөг одоо 100 ам.доллартай тэнцэж байна. Ойролцоогоор 10 ам.доллараар буурчихсан. Тэгэхээр цаашид өшөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж бид харж байна. Жил бүрийн инфляц, төгрөгийн ханшийг тооцоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бодитойгоор өсгөе гэвэл дор хаяж 40 хувиар буюу 280 мянган төгрөг болгоё гэж үзэж байсан. Гэтэл ажил олгогч эзэд огт нэмэхгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Харин Засгийн газар арай өндөр хувьтай байна. Давхар тэтгэвэр тэтгэмж нэмэх шаардлагатай болно гэх мэт шалтгааны улмаас 25 хувиар нэмэхээр боллоо. Гэхдээ бид нэг л зүйлийг хэлдэг. Цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг эдийн засгийг эргэлдүүлж, эргээд улс орны эдийн засагт нөлөөлнө. Цалин нэмэхгүй царцааж, ажлын байрыг хасч, танаад байвал эргээд эдийн засагт мөнгө орж ирэхгүй улмаар аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүйд хүрнэ. Зөвхөн манай улс хямраагүй. Олон улсад энэ байдлаас гарахын тулд хэрэглээг нэмэгдүүлэх, урамшуулах чиглэлээр гардаг.
-Ер нь инфляцтай уялдуулж цалин, тэтгэвэр нэмэх нь хэр бодитой зүйл вэ?
-Нэгэнт таазандаа тулчихсан цалин, орлоготой улс орнуудын хувьд инфляцтай уялдуулан цалин хөлс нэмнэ гэж ярьж болох байх. Европт гэхэд хамгийн доод цалин 2000 евро манайхаар дөрвөн сая төгрөг байна. Гэтэл манайд 200 мянган төгрөг. 20 дахин бага цалинтай байж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг инфляцтай уялдуулж нэмэх нь бодит зүйл биш. Зүгээр л өчигдөр авч байсан цалингаа өнөөдөр хэвийн авъя л гэсэн үг.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмбэл иргэдийн амьдралд сайнаар нөлөөлнө. Гэтэл ажил олгогчдын зүгээс эсрэг байр суурьтай байдаг шүү дээ?
-Эдийн засгийн хувьд хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс орлого бол нэгдүгээрт тавих асуудал байх ёстой. Үүнийг зөв авч явах юм бол үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын асуудал аяндаа шийдэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмбэл аж ахуйн нэгжээ дордуулна гэсэн зүйлийг эздийн байгууллагын зүгээс ярьдаг. Гэтэл цалин хөлсийг нэмэх нь эсрэгээрээ эдийн засагт сайнаар нөлөөлдөг гэдгийг дахин хэлье. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн заалтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбочихоор цалин өсгөхөөр эргээд ард түмнээ өндөр торгох гээд байгаа юм шиг ойлголт нийгэмд төрдөг. Ял, торгуулийн бодлогоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салгах хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байна гэдэг монгол хүний үнэлэмжийг л нэмэгдүүлэх зорилготой. Цалин хөлс нэмнэ гэдэг монголчуудын хөгжлийн гол зорилт.
-Танай байгууллагын зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянгад хүргэнэ гэж та сая ярилаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийж байна вэ?
-Ер нь ирэх дөрвөн жилд монголчуудын цалин хэрхэн яаж өсөх вэ гэсэн агуулга бүхий саналыг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт манай байгууллагын зүгээс хүргүүлсэн. Зарим нь манай саналыг оруулсан байна лээ. Гэхдээ бэлэн мөнгө тараана гэхээсээ илүүтэйгээр ажил хөдөлмөр хийж байгаа иргэдийнхээ цалин, орлогыг нэмэгдүүлээд явбал эх орондоо тогтож үлдэнэ. Тэгэхгүйгээр чимээгүй байж байгаад гэнэт л элдэв янзын мөнгө төгрөг тараая гэж байгаа нь жаахан үнэ хүндгүй л юм. Гэхдээ бэлэн мөнгө тараахыг манайхан хэт савлаж яриад байгаагаас биш улс орнуудын халамжийн нэг хэлбэр юм л даа. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирчихвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэвэр, амьжиргааны баталгаажих доод төвшинг нэмэх асуудлыг дахин гаргаж тавих бүрэн эрхтэй. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар гарчихлаа гээд байна. Нийт байгаа баялгийг бүх хүнд хуваачихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, миний хажууд байгаа тэрбумтан Батын тэрбум төгрөгийг миний сарын цалин 700 мянган төгрөг дээр нэмээд хоёрт хуваачихаар би 500 сая төгрөгтэй болчихож байгаа юм. Тэгэхээр энэ нь манай дундаж амьдралтай иргэн маш бага байна гэдгийг харуулаад байна. Нэг хэсэг хүн гартаа маш их мөнгө хуримтлуулчихсан. Ард түмний дийлэнх нь цалингаараа амьжиргаагаа чадан ядан авч явж байна. Нэг хэсэг нь ядуурлын төвшин рүү орчихсон. Манай хүн амын 20 гаруй хувь нь нэн ядуу төвшинд байна. Үүнээс гарах гол арга бол ажилтай болгохын зэрэгцээ цалинг нь өндөр өгөх хэрэгтэй. 192 мянган төгрөг өгчихөөд ажилтай орлоготой болголоо гээд яриад суугаад байх нь хэр бодитой зүйл вэ. Энд 192 мянган төгрөг авч байхаар боолын хөдөлмөр эрхлэхээр гадагшаа гарахыг залуус хүсч байна. Солонгос руу ямар нэг аргаар гарчихвал тэнд дор хаяж нэг сая төгрөг авна гэсэн бодолтой залуус бий болсон. Энэ бол эмгэнэл шүү дээ.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг салбарыг нэрлэвэл?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 6000 орчим хүн цалинждаг. Ихэвчлэн үйлчилгээий байгууллага, орон нутагт ажиллаж амьдарч буй хүмүүс байдаг. Орон нутагт цалин тасалдсан асуудал мэр сэр гарсан. Харин хувийн хэвшлийнхний хувьд цалингаа авч чадахгүй, хийсэн ажлынх нь хөлсийг төрөөс өгөхгүй байгаа гэх зэрэг асуудал байна. Нэг компани нөгөөд өртэй, өрийн сүлжээнд орчихсон аж ахуйн нэгж цөөнгүй байна. Энэ нь эдийн засгийг улам бүр муутгана. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэлийн зах зээлийг сэргээх ажлыг л хийх хэрэгтэй. Манай төр их савласан бодлоготой байна л даа. Нэг бол бүх хөрөнгө оруулалтаа том том үйлдвэр барина гээд оруулчихдаг. Нэг бол юу ч хийхгүй гээд суучихдаг. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь зээл аваад бүтээн байгуулалт хийхээр эргээд төр нь мөнгөгүй гээд алга болчихдог. Хариуцлагын тогтолцоо гэж зүйл байхгүй байна. Ажил хийлгэсэн бол цалинг нь өгдөг байх ёстой. Авсан мөнгөөрөө нөгөө компани дараагийн ажлаа эхлүүлнэ шүү дээ. Гэтэл мөнгөгүй гээд царцаагаад байдаг. Энэ байдлаа болимоор байна.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин хөлсийг хэр хэмжээгээр нэмсэн бэ. Энэ нь иргэдийн амьдралд хэр нөлөөлсөн гэж та бүхэн үзэж байна вэ?
-Энэ удаагийн Засгийн газар цалин нэмсэн бол бага ч гэсэн нэмэртэй байх байлаа. Эдийн засаг бага ч гэсэн сэргэх байсан. Гэтэл цалингийн хэмжээг нэмсэнгүй. Эдийн засгийн хувьд боломж байсан уу гэвэл байсан. Өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын үед төсөвт 500 сая төгрөг оруулж ирсэн. Дараагийн ерөнхий сайд нь түүнийг тас цавчиж, байхгүй болгосон. Хоёр жил манай байгууллага жагсаал цуглаан зохион байгуулсны эцэст 90 орчим тэрбумыг тавиулсан. Харамсалтай нь өдийг болтол шийдээгүй байна.
Ц.Заяа

Сэтгэгдэл (1)
зоÑин (202.21.106.170)
залÑÑ Ð¼Ð¸Ð½Ñ Ñайн боловÑÑолÑой Ñ Ð¸Ð¹Ð¼ УÑ-ийн Ð½Ó©Ñ Ñөлд ÑÑилÑлага Ó©Ð³Ó©Ñ Ð´Ó©Ó© Ð¸Ñ Ð±Ð¾Ð´Ð¾Ð»Ñой Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ бол Ñамайг ÑÑмÑÑгÑ-ÑадалÑай Ñ Ò¯Ò¯ болгоод Ñ ÑлÑÑн бүгдийг ÑÐ¸Ð½Ñ ÑÑиалга болгоод аÑгилана ÑÒ¯Ò¯??ТиймдÑÑ Ñ Ñанай Ñ ÑÑÑин даÑга мÑÑÑгжил-мÑдлÑгÑÑÑÑÑ Ð» дÑÑдÑÑлаад боÑоо-Ñ ÑвÑÑÑ Ð±Ð¾Ð»Ð³Ð¾Ð¾Ð´ лÑÑиад бна?Ñа наÑÑг аÑд ÑÒ¯Ð¼Ð½Ð¸Ð¹Ñ ÑÑ Ñөлөө Ñ Ð¸Ð¹Ñ Ð±Ð¾Ð´Ð»Ð¾Ð³Ñн аÑÑÑдлÑг гүнзгий ÑÑÐ´Ð°Ð»Ð³Ð°Ð°Ð½Ñ Ð±Ð°Ð³Ð°Ð°Ñ Ð±Ð°ÑалгаажÑÑлж ÑлмааÑÐÐ-Ñн ÑÑÐ³Ð°Ð¼Ð°Ð°Ñ Ð´Ð°Ð²Ñ Ð°Ñ Ð±Ð°ÑалгаажÑÑÐ»Ð°Ñ Ñг л ÑүмÑн олон Ñ Ò¯ÑÑ Ð±Ð³Ð°Ð°??ҮйлдвÑÑлÑÐ³Ñ Ð½Ð°ÑÑн нÑгдÑÑн ажиллагааг зангидаж ÑвÑÑÐ»Ð°Ñ , ÑÑдÑнд ажлаа Ñ Ð¸Ð¹Ñ ÑÐ°Ð½Ñ Ò¯Ò¯Ð³Ð¸Ð¹Ð½ боломж Ð¾Ð»Ð³Ð¾Ñ ,ажил Ð¾Ð»Ð³Ð¾Ð³Ñ Ð±Ð°Ð¹Ð³ÑÑллагÑн ÑадамжÑг нÑмÑÑ Ñд Ñа бүгдÑÑÑ Ð¸Ñ Ð·Ò¯Ð¹Ð» Ñ Ò¯ÑÑ Ð±Ð°Ð¹Ð´Ð°Ð³ ÑÒ¯Ò¯?ХаÑин аливаадд "ШалÑаг"-ШалÑгаан Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ñм бүү Ñ Ð¸Ð¹Ð³ÑÑÑÑй?