Хэт халуунд хүйтэн ус уухаас зайлсхийх нь чухал

 

         Наймдугаар сар гарснаас хойш өдөр бүр 30­аас дээш хэмээр халж байгаатай холбогдон Яаралтай түргэн тусламжийн төвд ирэх дуудлагын тоо нэмэгджээ. Тэдгээрийн 60­ 65 хувь нь даралт ихсэх, хэм алдагдах, цус харвах зэрэг зүрх судасны өөрчлөлт, өвчлөлттэй холбоотой дуудлага байгаа аж. Энэ талаар нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч Г.Нямхүүгээс тодруулж, зөвлөгө өө авлаа.

 

-Иргэд голчлон ямар зовиуртай байх юм бэ?

 

-Ойрын өдрүүдэд хэт халж байгаа учраас хүүхэд багачууд нарших, насанд хүрэгчдийн хувьд зүрх судасны өөрчлөлт, өвчлөл зонхилж байна. Наранд халж хөлс их гарахаар цусан дахь натри, кали хамт гадагшилчихдаг. Үүнээс үүдэн шингэн дутагдах, хордлого өгөх зэргээс болж манарах, ухаан алдах, шөрмөс татах зэрэг эмгэг ажиглагдаж байна.

 

-Зүрх судасны өвчний хамгийн хүнд хэлбэр нь тархины цус харвалт байдаг гэсэн. Энэ нь ямар насны хүнд илүү тохиолддог юм бэ?

 

-45­аас дээш насны, илүүдэл жинтэй, цусны даралт тогтворгүй буюу их архи, тамхи их хэрэглэдэг, чихрийн шижин өвчинтэйгөөс гадна халуун нөхцөлд ажилладаг бол цус харвах магадлал ихтэй гэсэн үг. Нүүр ам мурийх, гар даагдахгүй болж унжих, хэл яриа ээдрэх, тэнцвэр алдагдаж энд тэнд гишгэх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал эмчид яаралтай хандах юмуу түргэн дуудах шаардлагатай.

 

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга юу байна вэ? ­

 

-Янз бүрийн архаг хууч өвчин, эмгэгтэй бол эмээ тогтмол уух, биедээ байнга авч явах, нарнаас хамгаалах (малгай, саравч, шил, тос зэрэг) хэрэгслийг ашиглах нь чухал. Мөн тэлсэн судас гэнэт агших эрсдэлтэй тул хүйтэн ус уух, усанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Түүний оронд эрдэсжүүлсэн ус ууж, хэт их өөх тостой хоол, согтууруулах ундаанаас татгалзах нь дээр гэж зөвлөх байна.

 

Д.Жаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)