Д.Жүгдэр: Азийн шороон шуурга нь Монгол, Хятадын газар нутгаас үүсэлтэйг тогтоосон

 

        Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчны судалгааны секторын эрхлэгч, доктор (Ph.D) Д.Жүгдэртэй ярилцлаа.

 

-“Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт” сэдвийн дор өрнөж буй эрдэм шинжилгээний хурлын гол зорилго юу вэ?

 

-Хурлынголзорилгоньхөрснөөсдэгдэжбуйшороотоос,түүнд нөлөөлөх хүчин зүйлийг нарийвчлан судлахад оршиж байгаа юм. Хөрснөөс хийсч байгаа тоосны бүтцийг түлхүү ярилцаж байна. Учир нь, хөрсөнд химийн янз бүрийн хортой микро элемент ихээр байдаг. Тэр нь шороон шуургатай хамт агаарт дэгдэж, хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хөрсөнд байдаг янз бүрийн бактер, вирус шороо, тоостой хамт агаарт дэгдээд алсад зөөгдөж, тархаж буйг олон орны судлаачид хэллээ. Цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэн, Япон улсын Нагояагийн их сургуультай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү хуралд Монгол, Япон, Хятад, Герман, Америк улсын төлөөлөгчөөс гадна 50 гаруй судлаач оролцож, туршлага солилцож байна.

 

-Азийн шороон шуурга хаанаас үүсэлтэй юм бэ?

 

-Шороон шуурга нь хүчтэй салхины улмаас хөрснөөс үүсдэг үзэгдэл. Хаана сул шороо байна тэндээс шороон шуурга босно. Азийн шороон шуурга нь Монгол, Хятадын газар нутгаас үүсэлтэйг судлаачид тогтоосон. Сул шороотой газарт буюу Монгол, Хятадын говийн бүс нутагт тэр аяараа хөрсний ургамал багатай, хуурай байдаг. Тэнд хаврын улиралд маш их тоос босдог. Энэ нь газар тариалангийн талбайн үржил шимтэй хөрс салхинд хийсэх үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, бид үржил шимтэй хөрсөө салхиар хөөгөөд алдаж байна гэсэн үг. Нөгөө талаас шороон шуурганы дэгдэлт уул уурхайн компани, иргэн, аж ахуйн нэгжүүд газрын хөрсийг ихээр хуулчихаад буцааж нөхөн сэргээлт хийдэггүйтэй шууд холбоотой. Их хэмжээний хөрс сэндийчиж нүх ухсаны дараа хүчтэй салхилсны улмаас сул шороо дэгдэж, тоос их хэмжээгээр тархдаг.

 

-Шороон шуурганы төрлийн ялгааг тодорхой тайлбарлана уу?

 

-Шороон шуургыг байгаль болон хүний гаралтай гэж хоёр хэсэгт хуваадаг. Хүний гаралтайд нь газар тариалан, уул уурхай, хучилтгүй замын тоос орно. Хучилтгүй замтай газар буюу манай нутгийн өмнөд хэсгээр хүнд даацын ачааны автомашинууд явдаг. Бараг 2000 тонн жинтэй 12- оос дээш дугуйтай том том ачааны автомашинууд говийн хөрсийг үгүй хийж байна. Говиор ч тогтохгүй Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнө тал, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сум, Дорнодын талд хүртэл газрын тос зөөж асар их хэмжээний хөрсийг эвдэлжээ. Салхи гарсан тохиолдолд эвдэрсэн хөрснөөс асар их хэмжээний тоос үүсдэг.

 

-Шороон шуурга нь Монгол, Хятадын нутаг дэвсгэрээс үүсэлтэй юм байна. Тархацын хувьд аль хүртэл дэгддэг юм бол?

 

-Нэгэнт хөрснөөс салхиар дэгдчихсэн тоос газрын гадаргуугаас дээш таван км-т тархдаг. Газар нутгийн хувьд дэгдсэн газраасаа салхиар туугдаад Солонгосын хойг, Японы арал, Номхон далай, АНУ-ын зүүн эрэг хүртэл явдгийг эрдэмтэд судалсан. Өөрөөр хэлбэл, салхины чигийн дагуу байрлах газар нутагт тархана.

 

-Шороон шуурга нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж та дээр дурдсан. Яг ямар өвчлөлийг бий болгодог вэ?

 

-Шороон шуурга нь хүний эрүүл мэндэд маш их хор учруулдаг гэдгийг гаднын орны судлаачид баталчихсан. Зарим нь үүнийг цааш нарийн судалж байна. Манай улсад энэ судалгааг дөнгөж эхлүүлж байгаа. Шороон шуурга нь амьсгалын замын өвчлөл үүсгэдэг. Тоос шороо нь амьсгалын замаар ороод аллерги үүсгэж, астамыг сэдрээдэг. Цаашлаад маш нарийн ширхэгтэй тоосонцор нь ходоодны гүн рүү орж уушгины өвчин үүсгэдэг. Химийн янз бүрийн бодистой холилдсон агаараар амьсгалах юм бол цусанд маш их сөрөг нөлөө үзүүлдгийг эрдэмтэд баталсан. Манай хоёр улсаас эхтэй шороон шуургыг Япон, Солонгост очиход тус улсын судлаачид агаараас дээж аван лабораторийн аргаар химийн дүн шинжилгээг хийдэг юм. Булингартсан агаарын энэ дээжид янз бүрийн хортой химийн элемент байдгийг шинжилгээгээр нотолсон.

 

-Танай хүрээлэнгийнхэн шороон шуурганы судалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

 

-1990 оноос хойш цаг уур талаас нь энэ үзэгдлийн тархалт, давтагдлыг гаргаж, судалж байна. Мөн сүүлийн үед хөрс ургамалтай нь холбон судалж байгаа. Судалгааны ажилдаа янз бүрийн шинэ арга зүйг хэрэглэж туршдаг. Бид эхний үед шороон шуурга гэж юуг хэлэх, манай нутагт ямар тархалттай, жил бүр хэрхэн өөрчлөгддөг талаар судалж байсан бол одоо энэ үзэгдэл үүсэхдээ яг салхины хурд, хөрсний чийгшил хэд хүрэхэд үүсдэг талаар нарийн судалгааг хийж эхэлсэн.

 

-Салхины хурд хэд хүрвэл шороон шуурга дэгддэг вэ?

 

-Говийн бүс нутагт байдаг цаг уурын станцуудын мэдээг ашиглаж хийсэн бидний судалгаагаар ер нь салхины хурд долоогоос дээш метр секундтэй байхад шороон шуурга үүсч эхэлдэг. Хүчтэй шороон шуурга бол 16 метр секундээс ихсэхэд үүсдэгийг тогтоосон. Харин хөрсний чийгшил долоон хувиас бага, ургамлын бүрхэвчийн индексийн хэмжээ 20-оос бага тохиолдолд шороон шуурга дэгддэг.

 

-Та бүхэн судалгаагаараа шороон шуурганы давтамж ихэссэнийг тогтоожээ. 1960 онд ямар байсан. Одоо ямар болсон гэдгийг тодорхой тоогоор илэрхийлж болох уу?

 

-Уур амьсгал дулаарч, хуурайшилт ихээр явж байна. Үүнтэй хобоотойгоор шороон шуурганы давтамж нь ихсэх талтай болсон. Бидний судалгаагаар 1960 оноос хойш шороон шуурганы давтамж нь гурав дахин ихэсчээ. Давтамжийг шороон шуурга ажиглагдсан өдрийн тоогоор судалж гаргадаг. Жишээлбэл, 1960-аад оны үед говийн бүс нутагт нэг жилд 20 орчим шороон шуурга болдог байсан бол одоо 60 болсон гэсэн үг юм.

 

-Манай улс нэлээн сүүлд энэ төрлийн судалгааг эхлүүлжээ. Гаднын орнуудаас хэрхэн туршлага судалж байна вэ?

 

-Шороон шуурга бол дэлхийн бөмбөрцөгт байгаа говь цөлийн бүс нутгаас үүсдэг. Тухайлбал, Африк, Хойд Америк, Австрали, Ази, Төв Азийн орноос үүсдэг гэсэн үг. Тиймээс дэлхийн судлаачид хамтын судалгаа маш ихээр хийж байгаа. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийнхэн 2000 оноос Япон, Солонгос улстай хамтарч ажиллаж байна. Хамтын ажиллагаагаар тус хоёр орны судалгааны арга зүйг авч хэрэгжүүлж, туршлага солилцсон. Мөн тус хоёр орон нь манай төр, засгаас авч өгч чадахгүй байгаа үнэтэй багажуудыг Монголын говийн тодорхой цэгт байрлуулснаар бид маш нарийн хэмжилтүүд хийж байна. Хамтын судалгаагаар маш их үр дүн гарч эхэлсэн. Шороон шуурга хэмээх байгалийн үзэгдлийг сүүлийн үед дэлхийн нийтээр газарт суурилуулсан багаж болон хиймэл дагуулын мэдээгээр түлхүү судалж байгаа.

 

-Манайд шороон шуурга болон байгалийн бусад үзэгдлийг судлахад зориулсан багаж төхөөрөмж хэр байдаг вэ?

 

-Газар орчимд тавьдаг багажууд харьцангуй үнэтэй. Улс орны төсөв мөнгө эрдэм шинжилгээний зардалд төдийлөн хүрэлцэхгүй байгаа энэ нөхцөлд бид мөнгө гаргаж багаж төхөөрөмж авч чадахгүй учраас дээрх хоёр оронтой хамтарч ажиллаж, шаардлагатай багажийг хамтын ажиллагааны хүрээнд оруулж ирж ашигладаг. Бидний судалгааны хамгийн жижиг буюу шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй төхөөрөмж 500-700 ам.долларын үнэтэй. Цаг уурын байгууллагын хамтын ажиллагааны шугамын тусламжаар 10-аад багажийг оруулж ирж байршуулаад байна. -Шороон шуургатай тэмцэж, багасгахын тулд юунд анхаарах ёстой юм бол? -Бүс нутгийн хэмжээнд шороон шуургатай тэмцэхэд янз бүрийн ажил хийдэг. Ихэнхдээ шороон шуурга, тоосжилтыг багасгахын тулд мод, бут тарих талаар ярьдаг. Гэтэл Монгол, Хятадын хил залгаа орших говь нь асар өргөн газар нутаг шүү дээ. Тэр том газар нутгийг ойжуулна гэдэг практикт бол бүтэхгүй л асуудал. Сэргийлэх гол ажил бол хөрсний элэгдлийг бууруулах. Иргэд газрынхаа хөрстэй маш зөв харилцах ёстой. Уул уурхайн байгууллагууд нөхөн сэргээлтийг сайн хийх. Говийн бус нутагт хучилттай зам тавьж, хүнд даацын ачааны автомашинаар тээвэрлэлт хийх хэрэгтэй байна.

 

-Танай судалгааны баг Архангайд болсон хүчтэй шуурганы эх үүсвэрийг судалсан уу?

 

-Архангайд болсон байгалийн үзэгдэл бол хуй салхи юм. Монголчууд дээр үед түүнийг луу унжих гэж ярьдаг байсан юм. Ийм үзэгдэл сүүлийн үед Америкт маш их ажиглагдах болсон. Хүрээлэнгийн зүгээс тусгай баг Архангай аймгийн Хашаатад болсон үзэгдлийг онцгойлон судалсан. Судалгааных нь үр дүнг хэвлэж байгаа байх. Одоогоор шороон шуургыг гурав хоногийн өмнөөс мэдэж урьдчилан хэлж байна. Тийм догшин хуйг хэлэхэд их хэцүү. Дээр би дурдсан радарын тусламжтайгаар харж болно. Манай улсын хувьд тийм зүйл дахин гарахгүй гэсэн баталгаагүй. Манай байгууллагын зүгээс радарын асуудлыг Засгийн газарт тавьсан. Одоогоор төсөв мөнгийг нь яаж шийдэх нь тодорхойгүй байгаа.

 

-Радар нь ямар багаж юм бэ. Манайд одоогоор хэд байдаг вэ?

 

-Манай улсад нэг ширхэг л бий. Түүнийг Буянт-Ухаагийн баруун өмнөд талд МоринУуланд байрлуулсан байдаг. Уг төхөөрөмжийн идэвхтэй радиус нь 240 км, нийт радиус нь 500 км орчмын үүлийг хардаг. Тодруулбал, тус радарыг нэгдүгээрт, аянга цахилгааны үзэгдэл илрүүлж нислэгийн аюулгүй байдлыг хангахад, хоёрдугаарт, нийслэл хотын хүн амыг хүчтэй аадар, мөндрийн улмаас үүдэх уруйн болон гол усны үерийн аюулаас сэрэмжлүүлэх зориулалтаар ашиглаж байна. Мөн цаг уурын радар нь юуны өмнө борооны бөөн үүлтэй холбоотой үүсдэг цаг агаарын онц аюултай үзэгдлүүд нэн ялангуяа догшин хуй салхийг маш сайн илрүүлдэг юм. Дэлхийн хөгжилтэй орнуудад радар гэж маш том багажийг шаардлагатай газарт нь олноор байрлуулсан байдаг.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.219.81)

    2016-08-12

    Хөөе нөхдөө бүх зүйлийг Монголоос үүсэлтэй гээ эргүүтэх ээ болиоч ээ

  • (202.9.41.221)

    2016-08-12

    монгол улсад улаанбаатар хотын шороо нянгийн бохирдолтоороо нэгдүгээрт бичигддэг. Улаанбаатар хотын нянгийн бохирдолттой шороон шуурганаас, мөн утаанаас, цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр зэргээс хотын иргэд халдвар авч, хорт хавдар тусна, мөн хятадаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэснээс болж хорт хавдар тусдаг.