Д.Түмэн: Нүүдэлчин хүннүчүүд ясны бэртэл, гэмтэл их авдаг байжээ

 

        Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэнтэй хөөрөлдлөө. Тэрбээр 40 гаруй жил антропологи буюу хүн судлалын чиглэлээр судалгаа хийж буй бөгөөд МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийг үүсгэн байгуулсан гавьяатай хүн билээ.

 

-Хүн судлаачид бидний оршин буй нийгэмд ямар үүрэгтэй хүмүүс вэ. Антропологийн шинжлэх ухааны ач холбогдол нь юу байдаг юм бэ?

 

-Хүн төрөлхтнийг судлах байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүнийг нийгэм, соёлын амьтан гэх талаас нь буюу яаж аж төрж, юу эрхэлж, нийгэмд хэрхэн оршиж байгаа, нийгэм нь өөрөө хүний бүтээл гэдэг талаас судалдаг гэсэн үг. Эл шинжлэх ухаан хүн төрөлхтний цаашдын хувь заяаг шийдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой шинжлэх ухаан юм. Зарим хөгжилтэй оронд арван жил тутамд хүн судлаачид төрдөө тусгайлан хүсэлт тавьж, ард түмнээ судлуулдаг. Тухайн орны бие хүн яаж хөгжиж байна, хоол унд, орчин зэрэг нь хэрхэн өөрчлөгдөж байна. Эдгээр өөрчлөлтөд хүн хэрхэн дасан зохицож байна гэдгийг судалдаг. Тухайн ард түмний бие бялдрынх нь өсөлт зөв, жигд явагдаж байна уу гэдгийг биологийнх нь талаас судалж антропологийн стандартчилал гаргаж, цаашид авах арга хэмжээнүүдийг боловсруулдаг. Ер нь их олон талын үүргийг нийгэмд гүйцэтгэдэг. Нөгөө талаас тухайн ард түмний гарал үүслийн асуудлыг эртний хүнээс авахуулаад өнөөг хүртэл судална. Тодруулбал, тухайн ард түмний хөгжиж ирсэн түүхийг судалж тэр ард түмний угсаа гарвал, соёлын өөрчлөлт, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмний харилцаа холбоо гэх мэтчилэн маш олон түүхэн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд шинжлэх ухааны үндэслэл болдог. Ялангуяа тэр соёлыг бүтээсэн хүн нь хэн байж вэ, тэр нутагт нь одоо амьдарч байгаа ард түмэн тэр эртний соёлыг бүтээгчидтэй гарал үүсэлтэй ямар холбоотой байна гэдгийг антропологийн үүднээс маш нарийн төвшинд гаргаж өгдөг. Ингэснээр ирээдүйнхээ эх оронч үзлийг бүрэлдүүлдэг. Монголоороо жишээлэхэд “Бид Хүннү, Сүннүгийн үеэс уламжлалтай” гэж ярьдаг шүү дээ.

 

-Хүннүгийн үеийн судалгаанаасаа сонирхуулах уу?

 

-Бид соёлын талаас нь нэлээд сайн судалсан. Язгууртны болон, жирийн иргэдийн булш гээд олон олдворыг олж илрүүлж, соёлын харилцаа холбоог нь судалсан. Эдгээр олдвороос Ромын шилэн аяга олдсон. Энэ нь Хүннү гүрэн ямар өргөн харилцаатай байсныг гэрчилнэ. Жинхэнэ утгаараа Хүннү нь бидний өвөг дээдэс мөн үү гэдгийг антропологийн шинжлэх ухааны томоохон салбар биологийн буюу биеийн антропологиор тогтоодог. Өөрөөр хэлбэл Хүннүгийн үеийн оршуулгын олдвороос олсон ясыг судлаад энэ улсууд өнөөгийн монголчуудтай юугаараа адилхан байна гэдгийг нүүр царайны төрх, бие бялдрын хөгжлөөс авхуулаад генийн төвшинд судалдаг. Судалгааны дүнд Хүннүчүүдийн ген бидэнд хэрхэн тархаж, удамшиж ирснийг тогтоосон.

 

-Бид тэгээд хүннүчүүдтэй генийн хувьд адилхан байна уу?

 

-Тиймээ, бид хүннүчүүдтэй дүр төрх, бие бялдар, генийн сангийн хувьд ижил байгааг судалгаагаар тогтоосон. Өнөөгийн монголчуудад байгаа ген хүннүгийн үед байжээ. Хүрэл, төмрийн эхэн үеийн гээд маш олон соёл манай нутагт байсан. Баруун Монголд долоо, найман соёл, дорнот Монголд дөрвөлжин булшны соёл байж байна. 2008 онд бид Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Дэлгэрхаан ууланд хүрлийн үеийн цоо шинэ хэлбэр маягийн соёлын хэлбэрийг илрүүлж, судалж байна. Ер нь бид буган чулуун хиргисүүр соёл, дөрвөлжин булш, тэвшийн, баруун монголын чемурчукын гээд нэр бүхий соёлуудыг судалж яг аль нь генийн хувьд өнөөгийн монголчуудтай ижил байна уу, эсвэл өөр байна уу. Өөр байсан бол хэдий үеэс ижилсэж эхлэв, бидний нүүр царайны хэлбэр төрх, генийн сан хэдийд бүрэлдэж эхлэв. Ингээд цаашаа хөөгөөд хэдэн ч арван мянган жилээр ярих боломжтой болж байгаа юм. Аливаа ард түмний гарал үүслийн асуудлыг маш нарийн гаргаж өгдгөөрөө биологийн антропологийн шинжлэх ухаан онцлог. Мөн нөгөө талаас нь түрүүн ярьдаг шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд төмрийн эхэн үе, Хүннүгийн үеийн оршуулгын зан үйл бидэнд хэрхэн уламжилж ирсэн гэдгийг нийгэм соёлын антропологи судалдаг. Өөрөө хэлбэл угсаатны зүйчид. Өнөөгийн монголчуудын тодорхой угсаатны бүлэгт байгаа оршуулгын/дагалдуулан тавьдаг, хойлоглох/ зэрэг зан үйл хэдий үеэс ямар хүмүүсээс яаж уламжлаж ирсэн гэдгийг угсаатны зүйчид тодруулдаг. Ер нь археологийн дурсгалууд бидэнд өмнөх асар их мэдээллийг өгдөг.

 

- Д.Эрдэнэбаатар гуай Хүннүгийн өмнө оршиж байсан төрт улсын тухай ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Тиймээ. Байж болох талтай. Гэхдээ төрт улс гэдэг үүднээс нь биш тодорхой томоохон овог аймаг тодорхой бүс нутагт оршиж байсан байж болох юм гэсэн бодол байдаг. Археологийн дурсгалуудын тархацыг харж байхад хүрлийн үеийн дөрвөлжин булш дорнот Монголын нутаг, Өвөр байгаль, Зүүн хойд Хятадын нутгаар нэлээн өргөн тархсан нэг хэв шинжийн дурсгал байдаг. Энэ нь өргөн тархсан соёл, тэгээд нэг газар оршиж байгаа учраас тэр үед ямар нэгэн овгийн байгуулалттай улс амьдарч байсныг илтгэдэг. -Та яагаад хүн судлаач мэргэжлийг сонгосон юм бэ? -Социализмын үед улсаас боловсон хүчин бэлтгэхэд их анхаардаг байж. Археологийн шинжлэх ухааны анхны боловсон хүчин Сэр-Оджав, Наваан, Доржсүрэн нарын судлаач Монголын нутагт оршиж буй дурсгалуудыг малтан судлах явцдаа археологийн шинжлэх ухаан зөвхөн малтан судлах биш гэдгийг ойлгосон. Тэгээд антропологийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй гэж шийдсэн юм билээ. Энэ үед нь миний аз таарч Москвагийн их сургуульд антропологийн мэргэжил эзэмшсэн дээ. Тэр үед би энэ мэргэжлийн тухай сайн мэдэхгүй, сонирхлоороо сураагүй, яахав онц сурдаг байсан. Гадаадад сурах хуваарь аваад л төрөөс өгсөн үүргээр л сурсан даа./Инээв/. Уг нь би эмч болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ миний эзэмшсэн мэргэжил эмчээс ялгаагүй хүнийг судалдаг сайхан мэргэжил юм даа.

 

- Хүн судлалын салбар танд юу өгсөн бэ?

 

-Их зүйл өгсөн. Би хүн судлаач болсон доо үнэхээр бахархдаг. Өөрийгөө хүн судлалын шинжлэх ухааныг Монголд хөгжих тулгын чулууг тавилцсан хүний нэг гэж үнэлдэг. Мөн эртний монголчуудын гарал үүсэл болоод орчин үеийн монгол угсаа гарвалыг судалж, тодорхой төвшинд монголчуудын угсаа гарвалыг тайлбарлах чадвартай болсон нь миний ажлын үр дүн. Ер нь бүх түүхэн үеийн монголчуудын угсаатныг судалсан нь миний бахархал юм даа. Бас аз таарч МУИС-ын Археологи, антропологийн тэнхимийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон. Энэ чиглэлээрээ үндэсний боловсон хүчинг бэлтгэж, шавь нар минь төр засаг, хувийн гээд олон газар ажиллаж байна. Тэгээд шавь нарыгаа сайн явахыг харах сайхан юм. Энэ бүгд л миний мэргэжлийн бахархал. Бахархахаас гадна ажлын үр дүн юм даа./Инээв/

 

- Антропологийн шинжлэх ухаан их олон салбартай холбоотой юм аа?

 

-Тиймээ. Шүүхийн антропологи гэж хүртэл байна шүү дээ. Америкийн нэг доктор манай сургуульд зочин профессороор ажиллсан юм. Манай оюутнууд түүнээс “Антропологийн шинжлэх ухааныг товч бөгөөд тодорхой тодорхойлж өгөөч” гэж асуухад “Антропологийн шинжлэх ухаан бүх шинжлэх ухаанаас хулгай хийдэг. Эргүүлээд бүх шинжлэх ухаанд хулгайлагддаг шинжлэх ухааныг хэлнэ” гэсэн гэнэлээ. Бидний мэргэжил биологи, физик, математик, хими, түүх, геологи, газар зүй, улс төр гээд бүх салбартай холбоотой. Нэн ялангуяа түүхтэй салшгүй холбоотой юм.

 

- Таны судалгааны ерөнхий чиглэл эртний хүн судлал. Судалгааныхаа талаар манай уншигчдад танилцуулах уу?

 

-Монголын эртний болоод орчин үеийн хүн амын антропологийн судалгааг хийхдээ байгаль шинжлэл, угсаатан судлалын аргыг давхар ашигладаг. Археологийн олдворууд болох хот суурингийн балгас, хүн чулуу, хадны бичиг, булш хиргисүүр зэргийг давхар анхаарч судална гэсэн үг. Нэн ялангуяа булшны дурсгалыг. Булшинд малтлага хийх явцад олдсон эртний хүний ясан дээр ихэвчлэн судалгаа хийнэ. Тухайн булшны эзэн ямар төрхийн хүн байсан, өнөөгийн монголчуудтай ижил үү, өөр газраас нүүдэллэж ирж суурьшсан уу гэх мэтийг тодруулна. 8-9 мянган жилийн тэртээх Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд хүрлийн үе, төмрийн үе, Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Киргиз, Кидан гэсэн дундад зууны үеийн улсууд, XIII зууны Монголын эзэнт гүрэн хүртэлх булшны дурсгалуудаас олдсон хүний ясан дээр нь антропологийн судалгаа хийж, бүх түүхэн үеийн хүн ам, гарал үүслийн хувьд ямар холбоотой вэ гэдгийг дүгнэн шинжилдэг. Миний судалгаа хоёр үндсэн чиглэлтэй. Эхнийх нь эртний олдвор болоод бидний үеийн монгол төрхтний хэв шинжийг тодорхойлох. Үүнд бүх түүхэн үеийн хүн амын биеийн жин, хөл гарын урт, мөрний өргөн гэх мэт бие бялдар хөгжлийг судлах ажил багтаж байгаа. Мөн ямар өвчлөлт түгээмэл байсныг анхаарна. Хамгийн гол нь хүн судлалын шинжлэх ухаанд маш түлхүү хөгжиж байгаа ясны ДНХ буюу генетикийн судалгаа байна. Эрт балрынх байсан ч хамаагүй хүний яснууд нь удамшлын мэдээллийг байнга агуулж байдаг. Тэрхүү мэдээллийг агуулж буй бодисыг ялган авч, ямар ген агуулж байгааг маш нарийн технологийн төвшинд гаргаж уншдаг юм. Сонирхуулахад, хүн амын өвчлөлтийн байдал бол эрхэлж байгаа аж ахуй, амьдралын хэв маяг, хүнс тэжээл зэрэг олон зүйлээс хамаардаг. Хүннүчүүд мал, аж ахуй эрхэлсэн нүүдэлчид байсан учраас суурьшмал соёл иргэншилтэй хүмүүстэй харьцуулахад ясны гэмтэл, бэртэнгэ ихтэй байжээ. Удаан хугацаанд мориор давхидаг тул хөлний ачаалал өндөр, өвдөгт нь яс ургадаг, механик ачааллаас хамаараад үе мөч, нурууны гэмтлүүд булшнаас олдсон ясанд их. Дайн байлдаанч байсан гүрэн арга ч үгүй биз. Харин халдварт өвчний ул мөр бараг тохиолддоггүй. Хэдийгээр олдвор яснаас бүх өвчлөлтийн байдлыг тодорхойлох боломжгүй ч хүнс, тэжээл, янз бүрийн бичил элементийн дутагдал, гэмтэл согог зэргийг тодорхой харж болдог. Суурьшмал иргэдээс ганц ялгагддаг зүйл нь шүдний өвчлөлт маш бага. Хатуулаг зүйл иддэгээс шүдний элэгдэл ажиглагддаг ч ургамлын гаралтай хүнс тэжээл хэрэглэдэг суурьшмал иргэдээс шүдний өвчлөлтийн хувьд хамаагүй эрүүл байжээ. Сүү, цагаан идээ гээд кальци их агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг тул шүдний шохойжилтын шинж тэмдэг бас илэрдэг. Өвчний тархалт нь нүүдэл суудлын замыг маш сайн харуулж өгдөг. Хоёрдугаарт, бие бялдрын хөгжил. Эртний хүмүүсийг том биетэй байсан гэж ярьдаг даа. Том биетэй биш булчинлаг байсан нь мэдэгддэг. Дандаа биеийн хүчний хөдөлмөр хийдэг учраас их сайхан бахим биетэй байжээ. Мөн Монголын бүх түүхэн үеийн генетикийн судалгааг хийдэг. Өөрөөр хэлбэл яснаас нь удамшлын ДНХ-г нь ялгаж аваад генийг нь тогтоодог гэсэн үг. Энэ судалгаанаас үзэхэд шинэ чулуун зэвсгийн үеэс XIII зууны Монголын эзэнт гүрний үе хүртэл ген тасралтгүй удамшин хадгалагдах процесс явагдаж байжээ. Энэ бол яалт ч үгүй бидний өвөг дээдэс юм гэдэг үр дүнг гаргаж ирсэн. Үүнийг би ганцаараа биш гаднын эрдэмтэд, тэдэнтэй ажиллаж буй өөрийн шавь нартай хамтарч судалдаг. Тухайлбал, Өмнөд Солонгосын Чун Ани их сургуулийн Life science лабораторийн профессоруудыг энд дурдаж болно. Энэ чиглэлээр өөрийн нэг шавиа Солонгост сургаж байгаа. Тэрээр мастераа хамгаалчихсан одоо докторын зэргээ хамгаалах гэж байгаа.

 

- Та Говь Гурван Тэс, Ноён уул, Номгон зэрэг олон газрын археологийн дурсгалыг авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа хийсэн юм билээ. Энэ судалгааныхаа талаар товч ярина уу?

 

-2010 оноос хойш уул уурхайн олборлолт хийх лиценз маш их олгож байсан даа. Тэгээд хуулиа мэддэг зарим уул уурхайн компаниуд мөнгийг нь төлнө археологийн дурсгалыг авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа хийж өгөөч гэж хамтарч ажиллах санал тавьж байсан. Үүний ачаар бид эдгээр газарт маш өргөн цараатай судалгаа хийсэн. Тэгээд говь гэдэг бол хүрлийн үеэс Хүннүгийн үе хүртэлх асар их дурсгалтай, байгаль орчин нь ч сайхан байсан гэдгийг олж мэдсэн. Говь гэж нэрлэгддэг байлаа ч хүн амьтан амьдрах баян бүрд маш элбэг байжээ. Хүн уул усаа дагаж амьдардаг байсан учраас говьд археологийн дурсгал асар их байдаг. Ялангуяа хадны сүг зураг элбэг. Хэдэн арван мянгаараа янз бүрийн дүрслэлтэй байдаг. Энэ дүрслэлүүдэд одоо говьд байхгүй амьтдын зураг бий. Маш гайхалтай. Энэ судалгаагаа ном болгоод хэвлэх гэхээр уул уурхайн лицензтэй компаниудын нууцлал байдаг учраас хэвлэж чадахгүй байна. Гэхдээ яваандаа хэвлэнэ.

 

- Түүх соёлын үнэт олдворыг хадгалах, хамгаалах тусгайлсан байгууллага манайд байдаггүй. Ийм газар байгуулахын тулд хэрхэх хэрэгтэй юм бол?

 

-Манай улсад археологи, угсаатны зүйн судалгаа хийдэг цөөхөн газар бий. Археологийн судалгааг МУИС, Улаанбаатарын их сургууль, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС, Үндэсний түүхийн музей гээд гарын таван хуруунд багтах газар байна. Угсаатны зүйн судалгааг МУИС, ШУА-ын Угсаатны зүйн сектор хоёр л хийж байна шүү дээ. Соёлын өвийг хадгалж хамгаалах төв байгуулахад нэлээд бэрхшээлтэй байдаг. Соёлын өвийг нээн илрүүлсэн судлаач байна. Олон улсын жишгийн дагуу зохиогч авторын эрх гэж юм бий дээ. Үүнтэй л адил. Тэгэхээр соёлын өвийн дурсгалуудыг нэг тогоонд аваачаад хийж болохгүй байгаа хэрэг. Гаднын энэ чиглэлээр судалгаа хийдэг сургууль болгон өөртөө музейтэй байж түүндээ дурсгалаа байршуулдаг. Зөвхөн олдворуудыг байрлуулалгүй, орчин үеийн хүн, угсаатныг харуулсан янз янзын хэлбэртэй томоохон музей байдаг. Лондоны их сургуулийн музейд нь очиход гурван сая жилийн тэртээ амьдарч байсан хүний өвөг дээдэс мичний ясыг тусгай хоргонд байрлуулж, маш хатуу хамгаалдаг юм билээ. Тэгээд энэ ясныхаа хуулбарыг бусад сургуульд зардаг. Тийм л үр ашигтай хамгаалж байна шүү дээ. Ер нь музей гэдэг маань сургалт судалгааны байгууллага юм. Үүнийг төр засаг ойлгоод хэзээ нэгэн цагт МУИС музейтэй болох бизээ.

 

- Хүн судлалын салбарт гарсан, Монголтой холбоотой сүүлийн үеийн сонирхолтой судалгаа юу байна?

 

-Cүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос малтсан язгууртны булш Чингис хааны удмынх гэдгийг тогтоосон тухай өгүүлэл удахгүй хэвлэгдэх гэж байна. Манай тэнхимийг үндэслэгч Наваан гуай анх эл булшийг илрүүлж, малтан судалсан юм. Тэрээр энэ нь алтан ургийн булш хэмээх санал дэвшүүлж байсан ч хараахан нотолж чадаагүй юм. Яагаад гэвэл түүнийг монголын эзэнт гүрний үеийн оршуулгын зан үйлийн дэгийн дагуу оршуулсан байсан. Хэргэм зэрэг дээшлэх тусмаа уулын өндөрлөгт оршуулдаг. Жирийн иргэдийн оршуулга уулын бэл хавиар байдаг. Монголын эзэнт гүрний оршуулга дандаа ээвэр, үргэлжийн нар тусч байх газар эрэмбэ дараатай байдаг. Булшнаас хоёр алтан бөгж олдсон юм. Энэ алтан бөгжний дотор талд нууц байдалтайгаар дүрсэлсэн цагаан шонхор шувууны зураг байсан. Үүнээс хөөж судалж эхэлсэн юм. Таван толгойн Дунд овооноос 11 булш илэрсэн. Эдгээр булш хоорондоо ямар нэгэн холбоотой эсэх нь сонирхолтой байв. Саяхан булшнаас ДНХ-г нь гаргаж судлахад тэд холбоотой байна. Бид түүхээ их муу мэддэг улс юм. БНСУ-ын эрдэмтэд эртний Хятадын янз бүрийн эх сурвалжуудыг уншиж судалдаг юм байна. Тэд эл булшийг Чингис хааны нэг охинтой холбож үзээд байгаа юм. Түүхэнд Онгуд аймагт Чингис хаан охиноо бэр болгож өгсөн юм билээ. Тэгэхээр яг таарч байгаа биз. Онгуд аймаг нь одоогийн Сүхбаатарын нутаг. Нэр устай нь олоод биччихсэн байгаа. Өгүүлэл хэвлэгдэхээр дэлгэрэнгүй танилцах биз дээ.

 

- Монголын археологийн салбарын хөгжил, судалгаа, шинжилгээний зорилго чиглэл ямар төвшинд явна гэж та бодож байна вэ?

 

-Муугүй шүү. Ер нь манай археологичид арга зүйн хувьд маш сайн болсон. Гаднын эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийж тэднээс дутахааргүй арга зүйг эзэмшиж, сайн ажиллаж байна. Ганц дутагдалтай тал нь маш нарийн төвшний судалгаа хийх бололцоо алга. Онолын талаас манай эрдэмтэд сайн мэдлэг чадвар нь байна. Гэхдээ генетикийн төвшний судалгаа хийх орчин нөхцөл нь байхгүй байна. Энэ нь ганц манай улсын асуудал биш. ОХУ гэхэд л археологийн дурсгалын үнэмлэхүй он цагийг тодорхойлох хоёрхон газартай. Эл лабаротори нь цөмийн физикийн аргыг хэрэглэдэг учир зардал маш өндөр байдаг. Германд ч гэсэн ганцхан байдаг гээд бодохоор бид бусдаас хоцорч байна гэсэн үг биш. Харин манайх танайх гэсэн жалга довын үзэл шинжлэх ухааны хөгжилд тодорхой хэмжээнд саад болж байгааг нуугаад яахав. Энэ талд хувь хүнийхээ хувьд эмзэглэж явдаг. Шинжлэх ухааны интеграц гэдэг зүйлийг зарим нь ойлгодоггүй.

 

-МУИС-ийн Археологиантропологийн тэнхимийн сүүлийн үед хийж буй судалгааны ажлаас танилцуулбал?

 

-Сүүлийн үед нэлээн олон төрлийн судалгааг хийж байгаа. Түрүүн цухас дурдсан биологийн чиглэлээр макро төвшинд монголчуудын дүр төрхнөөс авахуулаад өөрчлөлтийн процесс, удамшлын шинжүүдийг судалж байгаа. Мөн нийгэм соёлын антропологийнхон уул уурхайтай холбоотой шинэ нийгмийн харилцаа, соёл бүрэлдэж буй процессыг судалж байгаа. Бас жендер, шашны антропологийн судалгааг хийж байна. Түүнээс гадна өнөөгийн Монголын угсаатныг сонирхон судалж байгаагаас гадна археологийн хувьд авран хамгаалах судалгаануудыг хийж байна. Сүүлийн найман жилд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан ууланд буй хүрлийн үеийн маш өвөрмөц соёлыг судалж байна. Мөн Орхоны хөндийн Харбалгасын дурсгалыг манай Д.Эрдэнэбат багш 10 гаруй жил судалсаар байгаа юм.

 

Б.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)