П.Сэргэлэн: Буудайн нийлүүлэлт, борлуулалт зах зээлийн зарчмаараа л явах ёстой
- 2016-09-19
- Үнэн
- 0

ХХААХҮ-ийн сайд П.СЭРГЭЛЭНТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай Улс өнөө жил хэдий хэмжээний ургац хурааж авах вэ. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх үү?
-Улсын ургацын комиссынхон анхдугаар хуралдаанаа хийж, ургацын урьдчилсан балансыг танилцуулсан. Өнөө жил манай тариаланчид сайн ажиллаж, байгаль хангай ч тэднийг ивээсэн болохоор арвин ургац авах урьдчилсан баланс гарсан. Энэ жил улсын хэмжээнд 377 мянган га-д үр тариа, үүнээс 355 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ. Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 482 мянган тонн улаан буудай, 174 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар байна. Тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, ДарханУул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай аймагт зуншлага харьцангуй сайн байсан. Энэ нь ургацад нэлээд эерэг нөлөөллөө. Нэг га-гаас ойролцоогоор 13-17.6 центнер ургац авахаар байгаа. Харин Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гантай байсан учир ургац алдаж болзошгүй нь. Улсын дунджаар нэгжээс үр тариа 14.1, төмс 120, хүнсний ногоо 143 центнер ургац хураан авах урьдчилсан дүн гаргаад байна. Түүнчлэн байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл болох гангийн улмаас 20.1 мянган га талбайн ургац алдаж, болц дутуу байснаас 1.2 мянган га талбайн таримлыг малын тэжээлд шилжүүллээ. Ингээд нийтдээ 21.3 мянган га талбайн ургац алдсаныг улсын балансад оруулаагүй.
-Та саяхан зарим аймгаар явж тариаланчидтай уулзан, санал бодлыг нь сонсоод ирсэн. Тэдэнд тулгамдаж буй асуудал юу байв. Түүнийг нь салбар яам хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?
-Сайдын ажилд томилогдсоныхоо дараахан газар тариалангийн бүс нутгуудаар явж тариаланчидтайгаа өөрийн биеэр очиж уулзлаа. Тэдний санал бодлыг нь сонсоход ерөнхийдөө дөрвөн хүсэлт тавьсан. Тариаланчдад Хөгжлийн банкнаас олгох ёстой 11.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдвэрлэгдээгүй байв. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдсэнээр одоо олгож эхлээд байна. Мөн тариаланчид намрын ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэхэд зориулж шатахуун олгож өгөөч гэсэн. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулж тариаланчдаас 50 хувийн урьдчилгаа аваад үлдсэнийг нь ургац хураалтын дараа авахаар тохирч, зээлээр шатахуун олгохоор тендерийг нь зарлаад байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зүүнбүрэн, Цагаан нуур сумын чиглэлийн 100 км замын засварын ажил бий. Энэ засварын ажлыг Засгийн газрын хуралдаанд оруулаад Зам, тээврийн хөгжлийн яаманд шийдэх чиглэл өгсөн. Засварын ажлыг эхлүүлсэн байна лээ. Өнгөрсөн жил ган болсон учир манай тариаланчид ургац алдаж, эдийн засаг, санхүү, сэтгэл санаа, эд материалын хувьд маш хүнд байдалд орсон. Тиймээс тариаланчид “Буудайг өнгөрсөн жилийн мөн үеийнхээс багагүй үнээр аваач. Будааг худалдах, худалдан авахад дэмжлэг үзүүлээч ээ” гэсэн санал тавьсан. Уг саналыг Засгийн газрын хуралдаанд оруулаад арилжааны банкуудад 60 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэхийг үүрэгдсэн. Буудай худалдаж авахын тулд арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэж байна. Тариаланчдынхаа тавьсан энэ мэт саналыг бид биелүүлсэн гэж хэлж болно.
-Ургац хураалтын их ажилд оюутан залуусыг ажиллахыг уриалж байгаа юм билээ. Энэ ажлыг өргөн олноор нугалахаар зорьж буй хэрэг үү?
-Тариаланчид, ногоочдын маань хичээл зүтгэл, байгаль цаг агаарын таатай нөхцөлийн үр дүнд 2016 онд манай улс чамлахааргүй арвин ургац хураан авах боломж бүрдээд байна. Энэ оны хувьд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал тэжээлийн ургац урьд жилүүдийнхээс ахиу байгаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ сард хур тунадас ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй байна. Ургац хураалтын ажил нь байгаль, цаг агаараас ихээхэн хамааралтай, богино хугацаанд хүн, техникийн асар их хүч шаарддаг ажил байдаг. Их, дээд сургууль, коллеж, армийн анги нэгтгэлүүд болон хөдөлмөрийн насны ард иргэд идэвхтэй оролцож, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг богино хугацаанд хураан авах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, тариаланчдадаа тусалж ирсэн сайхан уламжлалтай. Тиймээс энэ уламжлалыг шинэ агуулгаар баяжуулж сайн дураар туслах, “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Оюутан залуус газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Монгол түмэн бид хариу нэхээгүй тус гэж ярьдаг. Оюутнууд маань сайн дураараа хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэх боломжийг бид олгож байгаа юм.
-“Мичин жил сүүлээ айхавтар шарвадаг” гэж настайчуул ярих юм. Энэ өвөл хүйтэрч, цаг агаар сайнгүй байхыг цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа. Салбарын яамны зүгээс иргэд, малчдадаа хэрхэн анхаарч байна вэ?
-Цаг агаарын урьдчилсан байдлыг харахад энэ өвөл их хүнд болох нь ээ. Есдүгээр сарын дундаас хойш хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэсэн мэдээг холбогдох байгууллагаас өгөөд байна. Их тогтворгүй, хүйтэн өвөл болох шинжтэй. Өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор албан даалгавраа өгсөн. Өвлийн бэлтгэлд анхаарал хандуулж, хадлан тэжээлээ сайн хангах шаардлагатай. Ер нь бол манай малын тоо нэлээд өссөн. Тэгэхээр малчид мах бэлтгэл талдаа онцгой анхаарч, махаа бэлтгэж авахад буруудах юм байхгүй. Хууччуул “Энэ мичин жилд сүүл рүүгээ хэцүүднэ” гэж ярьж байгаа. Зуншлага сайн байдаг зүүн тал, зүүн өмнөд, хойд нутаг гангийн байдалтай байгаа учир хадлан тэжээлийн асуудал хүндрэлтэй байна. Бүс нутаг, аймгуудаас хадлан тэжээлийн газар өгөөч, хадлан тэжээлээ хаанаас авах вэ гэж санал хүсэлтээ тавьж байгаа. Энэ асуудалд яам нэлээд бодлоготой ажиллаж байна. Малчид маань мал, махаа бэлтгэж, өвөлдөө чамбай орохын тулд сэтгэл санаа, эд материалын хувьд бэлтгэлтэй, хадлан тэжээл сайтай байх хэрэгтэй. Тиймээс бид бүх зүйлд бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байх ёстой гэж үзэж хаа хаанаа анхаарал хандуулж ажиллаж байгаа.
-Гурил үйлдвэрлэгчид тариаланчдын буудайг голдог. Нөгөөдүүл нь эх орны хөрсөнд ургасан буудайг заавал ав гэдэг. Иймэрхүү маргаан намрын намарт гурил үйлдвэрлэгч, тариаланчдын хооронд үүсдэг. Багагүй улстөрждөг энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явах ёстой юм шүү дээ. Тариаланчид мэдээж тарьсан буудай, хөдөлмөр шингэсэн ургацаа үнэтэй зарахыг хичээнэ. Гурил үйлдвэрлэгчид чанартай мөртлөө хямд буудай авч ашигтай ажиллахыг бодно. Тэгэхээр нэг нь үнэтэй өгөх гэсэн, нөгөө нь хямдхан авах гэсэн хоёр хүний дунд төр зохион байгуулалтыг хийж өгч байгаа хэрэг. Ер нь бол зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Тэгэхдээ гурил, мах Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрөөс зохицуулалт хийх гэж энэ салбарт бизнес эрхлэгчдийг бүх талаас нь дэмжиж байгаа. Ийм чиглэлээр явж байсан. Манай яамны хувьд энэ асуудалд бодлогын өөрчлөлт хийх ёстой. Холбогдох хууль, эрх зүйн бичиг баримтад нь өөрчлөлт оруулах маягаар бодлогын нэлээд өөрчлөлт хийнэ гэж төлөвлөж байгаа. Үүнийг Засгийн газар, УИХ-аар ярьж байж шийдэх ёстой. Яам бол бодлогыг нь л ярина. Бодлого боловсруулаад хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлох юм. Түүнээс биш яам нь аж ахуйн үйл ажиллагаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хүмүүсийн хоорондын зөрчилтэй харилцаанд оролцоод байвал нэр хүнд, ажил төрөлд сөргөөр нөлөөлдөг учраас хөдөө аж ахуйн үнэ тарифыг зохицуулдаг хууль эрх зүйн боломжийг хайж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг байгууллагатай байх ёстой гэсэн ийм шийдлийг олж бодлогын төсөл боловсруулаад ажиллаж байна.
-Эдийн засгийн байдал хүндэрч, аж ахуйн нэгж байгууллагууд эхнээсээ өрийн сүлжээнд орчихоод байгаа. Танай салбарынхан бүсээ хэр чангалж байна вэ?
-Улс орны хэмжээнд эдийн засгийн байдал төсөв, санхүү хүнд байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг. Бүх хүн мэдсэн байх. Эдийн засаг үнэхээр хүнд байна. Тал талдаа л хичээж ажиллах, үнэн зөв байх шаардлага гарч ирсэн. Засгийн газрын зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нэг их огцом таналт хийгээгүй. Аль болох бид стратегийн гол зүйл болох гурил, мах, хоолтойгоо байх ёстой. Мал эрүүлжүүлэх, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа, өвөл, хаврын бэлтгэл, ургац хураалт, намрын хадлан тэжээлийн асуудал гээд ар араасаа ундарсаар байна. Тиймээс онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн чиглэлийг Засгийн газраас өгч, яамны зүгээс дээрх асуудалд онцгой анхаарч төр засгаас ч дэмжиж байгаа учир гайгүй байна.
-Нэг хэсэг гадагшаа мах гаргах талаар нэлээд ярьсан. Энэ ажлын явц ямар байгаа бол?
-Махны экспортын асуудал хүнд байгаа. Мах боловсруулах өндөр хүчин чадалтай, олон тооны үйлдвэрийг байгуулсан. Махаа экспортод гаргах чиглэлийг бүх талаас нь бодож шийдвэрлэх гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар баталсан. Энэ мөрийн хөтөлбөрт манай яамнаас махны аян, гадаад экспортын асуудлаар бодлогын олон заалтыг оруулсан. Олон ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Үүнд хамгийн чухал асуудал бол мал, махаа эрүүл байлгах чиглэлд онцгой томоохон төсөл хөтөлбөр боловсруулж ажиллах ёстой. Манай яамны хамгийн гол бодлого бол “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх явдал. Мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эрүүл, чанартай, олон улсын стандартад нийцүүлж байж дараа нь экспорт болон мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж, борлуулах асуудлаа ярих ёстой. Олон улсын чанар, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн, мах малтай болохыг хичээж ажиллана.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээлийн дарамтад орж, аж ахуйн нэгжүүд олноор үүдээ бариад байна. Хөнгөн үйлдвэрийн чиглэлд томоохон ямар ажил эхлүүлэх вэ?
-Бодлогын гажуудал байгаа учраас дорвитой өөрчлөлтийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийнэ. Яаманд гурав, дөрвөн чиглэлээр ажлын хэсэг байгуулаад судалгаа хийлгэж байна. Бодлогын боловсруулалт хийж байна. Жигтэйхэн том үйлдвэрүүдийг энд тэнд барихдаа биш, хамгийн гол нь эрсдэл хүлээж, хөрвөх чадвартай, өөрөө өөрийгөө аваад явах, ашигтай ажиллах жижиг, дунд оврын ийм үйлдвэрийг зах зээл, түүхий эд, хэрэглэгчдийг нь түшиглүүлээд эрэлт нийлүүлэлтийг зохицуулж байгуулах нь зүйтэй. Дээр нь жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хил орчмын худалдааг өргөнөөр зохион байгуулъя гэж төлөвлөж байгаа. Хөрш орнуудтайгаа худалдаа хийе. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд олон ажил хийнэ гэж гадна, дотнын олон байгууллага, компанитай ярьж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр гаднын өндөр технологийг оруулж ирж тэдний туршлагыг судалж, үндэсний уламжлал, шинэчлэл хоёроо нийлүүлж ашигтай, ард түмэн маань өөрсдөө аваад явж чадах, хүндрэл бэрхшээл багатай жижиг, дунд үйлдвэртэй болох зорилго тавина. Энэ чиглэлээр салбар бүрт загвар аж ахуй, үйлдвэрүүдийг байгуулж ажиллахаар болж байна. Нэн түрүүнд гаднаас туршлага судална.
-Улсын хэмжээнд хэд хэдэн аймагт малын халдварт өвчин гарсан. Энэ талд хэрхэн анхаарч байна вэ?
-Шүлхий, цэцэг өвчин гарсан голомтыг хяналтад оруулсан. Энэ чиглэлээр Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газар цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өвчний голомттой хэсгүүдэд ажилласан. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр маань малыг эрүүлжүүлэхэд чиглэнэ. Үүнээс гадна малаа эрүүлжүүлэх тухай хөтөлбөрийг явуулна. Мал эмнэлгийн үйл ажиллагааг цогцоор нь авч үзнэ. Боловсон хүчин, санхүүжилт, вакцинжуулалт, малын эмч нарын асуудал гээд цогцоор нь авч үзэж байж энд дорвитой өөрчлөлт хийх ёстой. Малын халдварт өвчнийг эмчилдэг стратеги тактикийг хүртэл хүмүүс өөрсдийнхөө дур зоргоор өөрчилсөн тохиолдлууд гардаг гэж байгаа юм. Үүнийг олон улсын стандарт дүрэм журмынх нь дагуу явуулах ёстой гэж бид үзэж байгаа.
-Монгол Улсыг эдийн засгийн хямралын энэ үед мал аж ахуйн салбар нь л тэжээнэ. 60 сая орчим малаа зөв менежментэд оруулж чадвал хямралаас гарах нэг томоохон хөшүүрэг болно гэдгийг зарим эдийн засагч онцлоод байгаа. Үүнийг та юу гэж харж байна?
-Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэг бол эргэн нөхөгддөг, төлжиж байдаг баялаг. Уул уурхайн баялгийг нэг л аваад явбал эргэж ургадаггүй ч монголчуудын хувьд хүнд үед өлсч үзээгүй ард түмэн. Ямар ч хямралын үед хэдэн малынхаа буянд өлсөлгүй ажиллаж, амьдарч хэцүү хүнд үеийг даваад ирсэн улсууд. Энэ уламжлал, амны бэлгэ, ерөөл эдийн засгийн энэ хүнд үед биднийг аварна аа гэж бодож байгаа. Манай малчид амьдралаа мэднэ, аж ахуйгаа сайхан аваад явж ирсэн. Уламжлал технологи, арга барил, соёлтой. Одоо харин бид нүүдэлчдийн уламжлалт амьдралын энэ хэв маягаа орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ дэвшилтэй холбоод малаа олон болгоно гэхээсээ илүүтэй ашиг шимийг нь илүү үр дүнтэй болгохын тулд тооноос чанар руу шилжих ёстой.
Ц.Заяа

Сэтгэгдэл (1)
(202.131.252.213)
Ð¥Ñдлаа. ТөÑÐ²Ó©Ó©Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó© Ñөлж ,Ðам наÑÐ°Ð°Ñ Ñайн ном ÑнÑÑÑÐ»Ð°Ñ Ñ ÑÑÑгÑÑй.