Герман ОХУ-ын эсрэг хориг тавьж магадгүй
- 2016-10-08
- Дэлхий
- 0

Герман ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар “Wall Street Journal” сонины энэ сарын 5-ны дугаарт мэдээлсэн байна. Хориг тавих болсон шалтгаан нь Сири улсын талаар Москвагийн баримталж буй бодлоготой холбоотой аж. Мөн Германы канцлер Ангела Меркелийн “Сирийн талаар баримталж буй Оросын бодлогыг өөрчлөх боломжийг судалж, хэрэгжүүлнэ” хэмээснийг эш татсан байна. “Wall Street Journal”-д бичсэнээр “Ангела Меркелийн төлөвлөгөө ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэх Европын холбооны эдийн засгийн шинэ хориг байж болох юм” гэжээ. Эх сурвалжийн онцолсноор Германы тал эхний ээлжид эдийн засгийн хязгаарлах арга хэмжээ авч магадгүй гэнэ. Мөн Германы парламентын гишүүд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах Ангела Меркелийн саналыг дэмжих эсэх нь тодорхойгүй байгаа юм. Германы Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мартин Шафер “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах саналыг хэлэлцээгүй байна” гэж өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ. Ангела Меркель Украины зүүн нутаг дахь хямралд ОХУ-г буруутган эдийн засгийн хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн саналыг 2014 онд гаргасан билээ. Тэрбээр ОХУ-д авсан хориг арга хэмжээ Герман, Европын орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг хүлээн зөвшөөрч байсан юм. Харин энэ удаад Сирийн хямралтай холбоотойгоор дахин хориг тавих санал гаргасан бололтой. Барууны ажиглагчид “Оросын цэргийн ажиллагаа нь “Исламын улс”- ын эсрэг бус харин Сирийн босогчид буюу Асадын дэглэмийг эсэргүүцэгч сөрөг хүчнийхний эсрэг чиглэж байна. Гэхдээ энэ сөрөг хүчнийхэн гэдэг нь америкчуудын бэлтгэсэн хүмүүс мөн үү гэдэг нь тодорхойгүй юм. Харин сөрөг хүчин болон “Исламын улс”-ын эсрэг хоёр фронт дээр зэрэг тулалдан нэлээд туйлдан тамирдсан Башар Асадын хүчийг сэлбэх гэсэн В.Путиний сонирхол илт мэдэгдэж байна” хэмээн Москваг буруутгасан юм. АНУ-ын Цагаан ордны мэдэгдэлд “Оросын сөнөөгч онгоцуудын цохилт өгч буй газар оронд террористууд бус харин Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж буй сөрөг хүчнийхэн байрладаг” хэмээн бичжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Миний бодлоор оросууд Б.Асадын дайснуудыг ангуучилж байна” гэж ярьсныг ОХУын Гадаад хэргийн сайд С.Лавров “АНУ худал мэдээлэл тарааж байна” хэмээн няцаасан билээ. Оросын армийн агаарын цохилтыг АНУ, Европын холбооны орнуудаас гадна Турк Арабын Зөвлөлийн гишүүн орнууд эсэргүүцэж байгаа аж. Харин Оросын цэргийн ажиллагааг Иран улс дэмжсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Оросын санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)