Д.Хаянхярваа: Концесс, векселийн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн

 

         УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэлцсэн асуудлуудыг товч танилцуулж, концесс, вексель, Олон улсын валютын сангийн зээлийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Векселиэр бичигдсэн 600 орчим тэрбум төгрөг, концессийн 1.6 орчим их наяд төгрөгийн гэрээ байгуулагдсан байна. Концесс, векселийн гэрээгээр хийгдсэн ажлууд хуульд хэр нийцсэн асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг арваннэгдүгээр сардаа багтаан УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн” гэв. Мөн МАН-ын бүлэг ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын цаг үеийн мэдээллийг сонссон байна. 

 

Б.Жавхлан: Төв банкны бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах ёстой 

 

          Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдээллээ. Энэхүү бодлогын хүрээнд мөнгөний бодлогын зорилт, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал, мөнгөний бодлогын зорилтын хүрээнд мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй төвшинд байлгах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримтлах, гадаад валютын улсын нөөцийг зохих төвшинд хүргэн нэмэгдүүлж ажиллах зорилт дэвшүүлжээ.  

            Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан хэлэхдээ "Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарахад дан ганц мөнгөний бодлогын орчинд өөрчлөлт хийгээд нэмэргүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хүчин мөхөсдөнө. Тийм учраас 2017, 2018, 2019 оны дунд хугацаанд Төв банкны бодлогыг төсвийн бодлоготой маш сайн уялдуулж байж бид хямралаас хохирол багатай гарна" гэв. 

 

Сүүлийн жилүүдэд үүссэн Монголбанкны алдагдал нь төв банк  эрхлэх ёсгүй үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, бусдад давуу тал үүсгэсэн, төсөвтэй адилтгах санхүүжилтийг хийсэнтэй шууд холбоотойг ажлын хэсгийнхэн онцолсон. Төв банкны тэнцэл дээр буй алдагдлын цаад агуулга нь макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдсан явдал гэж үзсэн аж.

 

Б.Баттөмөр: Уул уурхай, томоохон төслүүдийг эрчимжүүлж, ДНБ-ийг 3.0 хувь өсгөх зорилт тусгагдсан

 

        Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд санал дүгнэлт боловсруулах бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үндсэн чиглэлд бодлогын хүрээнд 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгасныг танилцууллаа. Тухайлбал, макро эдийн засаг, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарууд, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчин, хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбар, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогыг тусгажээ. 

 

Ажлын хэсгийн ахлагч Б.Бөттөмөр “Үндсэн чиглэлд тусгасан 104 бодлогын үйл ажиллагаанд нийт 5.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 6.1 хувь буюу 327.6 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр, 15.4 хувь буюу 825.2 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс, 76.5 хувь буюу 4.1 их наяд төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар, 2.0 хувь буюу 104 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн” гэв. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн голлох зорилт арга хэмжээг авч үзвэл, уул уурхай, томоохон төслүүдийг эрчимжүүлж ДНБ-ийг 3.0 хувь өсгөх, ажилгүйдлийн төвшинг 9.0 хувиас ихгүй байлгах, инфляцийн төвшинг 6.5 хувиас ихгүй байлгах, гадаад валютын албан нөөцийг таван сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилт арга хэмжээг тусгажээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)