АН-ын ҮЗХ-г хэлэлцэх асуудлаасаа илүү гишүүдийнх нь ирц шаналгаж байна

 

        АН-ынхны хувьд өнөөдөр жирийн бус өдөр. Өөрөөр хэлбэл, тус намд энэ өдрийг тэсч ядан хүлээсэн хүн олон байгаа. Учир нь, энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан ирэх сарын 6-нд болох намын их хурлын оршил гэхэд болно. Цаашилбал, намын Үндсэн дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх нь энэ удаагийн ҮЗХ-ны гол асуудал. Харин энэ бүхний өмнө нэг чухал зүйл байгаа нь ҮЗХ хуралдаж чадах уу гэдэг асуулт АНынхны хувьд толгойн өвчин болоод удаж буй. Яагаад гэвэл, үнэмлэхүй ялагдал хүлээгээд байгаа энэ цаг үедээ ч томоохон лидерүүд нь намаа шинэчлэх бус албан тушаалд улайрч байгаа нь нууц биш. Энэ намын том, зангарагтайд тооцогдох хүмүүс намын дарга тэр бүү хэл, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэдгээ зарлаж эхлээд байна. Тухайлбал, П.Цагаан, Р.Амаржаргал, Г.Батхүү, Л.Гантөмөр, Л.Болд, Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан нар намын даргын марафонд хүч үзэхээ ил, далд илэрхийлчихээд байгаа. Харин ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг өрсөлдөхөө илэрхийлсэн. Гэтэл энэ бол гэрээ засч чадахгүй байж төр засалцахаар зүтгэж байгаагаас ялгаагүй үйл явц гэж хэлж болно. Үнэндээ өнөөдөр АНын лидерүүд алдсан эрх ямба, зөөлөн суудлаа л хүсэмжилж байх шиг. Гэтэл дүрэмтэй, дэгтэй, цагтаа хуралддаг, намынхаа жирийн гишүүдийн үгийг сонсдог бодлогын нам болох нь юу юунаас чухал баймаар.

 

Өнөөдөр болох ҮЗХ-ны хуралдаан цагтаа эхэлж, намынхаа дүрмийг шинэчилнэ гэдэг эргэлзээтэй. Наад зах нь намынхаа Үндсэн дүрмийг шинэчилнэ гэж байгаа ч өнөөдрийн байдлаар 5-6 төсөл явж байгаа гэх мэдээллийг гишүүд нь өгсөн. Тухайлбал, Л.Болд, Л.Гантөмөр нараас гадна Шинэчлэлийн хорооныхон ч мөн шинэ Үндсэн дүрмийн төсөл боловсруулаад байгаа гэх. Яг хуралдааны үеэр хэн ч ямар ч төсөл танилцуулахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хүссэн болгон нь намынхаа шинэ дүрмийг зохиосон хэрэг. Харин энэ бүгдийг нэг бүрчлэн хэлэлцээд дундаас нь эцсийн хувилбарыг гаргаж ирнэ гэж байгаа. Хамгийн сүүлд буюу сум, дүүргийн ИТХ-ын өмнө товлогдсон ҮЗХ-ны хуралдаан гурван ч удаа хойшлоод бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед ч тус намын фракцууд нэгнээ элдвээр шантаажлан, хэсэг бүлгээрээ нууц хуралдаан зохион байгуулсаар байгаад ҮЗХ-гоо хуралдуулаагүй. Орон нутгийн гишүүд нь хурлаа хүлээж, хотод хэд хоног чимээ чангаж байгаад л буцсан. Харин энэ удаад өмнөх шигээ чимээ чагнасаар буцах уу эсвэл намын Үндсэн дүрмийн төсөлд санаа оноогоо уралдуулах уу гэдэг нь фракцуудын тохироо хэр сайн хийгдсэн бэ гэдгээс шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн шинэчлэл дээр бүлэглэл, фракцууд нэг их реакцлахгүй, хоорондоо хэл амаа ололцчихвол хуралдаан аажуу тайван уур амьсгалд өрнөж таарна. Харин Шинэчлэлийн хорооны залуус зэрэг эрс шийдэмгий хүмүүсийн зүгээс элдэв цочирдом заалтыг төсөлд тусгана гэвэл байдал эвгүйтэж мэднэ. Ямар ч байсан өнөөдөр хуралдахаар товоо зарласан ҮЗХны талаар АН-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

 

Л.ЭРХЭМБАЯР: ҮЗХ-НЫ ХУРЛЫГ ХҮЛЭЭВЭЛ “ҮНЭГ ТУРЖ ҮХЭХЭЭР БАЙНА”

 

/АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/

-АН ҮЗХ-ны хурлаа хийж чадахаа больсон. Хэчнээн удаа хурлаа хийх гэж зарласан ч ирц бүрддэггүй. Эсвэл ирц бүрдүүлдэг хэдэн улс хоорондоо хуралдаад ҮЗХны хурлыг хойшлуулдаг. АН үгүй ядаж л сонгогдчихсон, жинхэнэ генсектэй баймаар. Л.Эрхэмбаяр жинхлүүлэх гээд зүтгээд байгаа юм алга. Би хэнээс ч гуйгаагүй, хэнтэй ч лобби хийгээгүй. АН-ын ҮЗХ хоёр удаа зарлагдаад, хоёуланд нь хойшилсон. Арванхоёрдугаар сард намын их хурлаа товлосон учраас гурав дахь удаа зарласан ҮЗХ-ны хурлыг хойшлуулах эрх байхгүй. ҮЗХ хуралдаж чадахгүй байсан учраас орон нутгийн сонгуульд Гүйцэтгэх зөвлөлөөс Д.Эрдэнэбатыг сонгуулийн менежерээр тавьсан. Би түүнд өөрт нь бүх эрх, мөнгийг нь шилжүүлж өөрөө хариуцаарай гэсэн. УИХ-ын сонгуульд ч маш хэцүү оролцсон. Тал талаас мэргэн бөөдийнүүд, их зөвлөгч нар орж ирээд ажил хийлгэхгүй байсан. Үгүй ядаж л батлагдаагүй Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй орсон. Хамраа духан дээрээ тавьсан том улсууд болж хувирсан. ҮЗХ-ны хурлыг хүлээвэл “бухын доодохыг хараад үнэг турж үхэхээр” байна.

 

Д.ЦЭНДСҮРЭН: ҮЗХ-НЫ ХУРЛЫГ НЭГ ДАРГА Л ХОЙШЛУУЛДАГ ШҮҮ ДЭЭ

 

/Увс аймгийн Засаг дарга асан/

-Миний хувьд АН-ыг ялагдсанд баярлаж байна. Бүр маш их баярласан. АН ялсан бол одоо бүр алиагаа алдаж байгаа. Хоорондоо зодолдсон, фракцууд нь хуваагдсан, бие биеэ барьж хорьсон, мөрдсөн, хамаг юмыг хувааж тонодог ажил руугаа нэвтэрхий орох байлаа. Ашгүй харин АН ялагдаж, одоо харин шинэчлэлээ ярьж, буруу зөрүүгээ ойлголцож байна. АН хариуцлагагүй нам болсон. Өмнөх ҮЗХ-ны хурлыг Л.Эрхэмбаяр дарга болиулсан шүү дээ. Фейсбүүк дээр, “АНын ҮЗХ хойшиллоо” гэж бичээд тасалдуулсан. Л.Эрхэмбаяр ганцаараа хойшлуулж чадаж байгаа байхгүй юу. Намын ҮЗХ хойшиллоо гэж надад ямар ч мэдээлэл ирээгүй. Би өөрөө фейсбүүкээс уншиж байгаа юм. Н.Алтанхуяг даргын үед ҮЗХ бүр хуралддаггүй байсан. Хуралдвал огцорчих гээд. З.Энхболд даргын үед фракцууд нь барьцаалчихдаг байсан. Энд тэнд ресторанд сууж байгаад “Очиж болохгүй шүү. Ирц бүрдүүлэх ёсгүй шүү” гэдэг байлаа. Би юу хэлж байна гэхээр, АН ялагдахад Монголын төрийг ойлгомжгүй болгосон хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр, “Женко” Х.Баттулга, “Фортуна” Н.Батбаяр, тэр Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр хариуцлагаа хүлээх ёстой.

 

М.ЧИМЭДДОРЖ: ҮЗХ-НЫ ГИШҮҮДИЙГ СОЛИХ ЁСТОЙ

 

-АН энэ нийгмийг цоо шинээр харах хэрэгтэй болжээ. Энэ бол хариуцлага бөгөөд өөрчлөлтийг намын нийт гишүүд л хийнэ. Гүйцэтгэх зөвлөл жил бүр солигдож чадаж байгаа юу. Бид тэрийг мэдэхгүй байгаагаа хэлээд Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээрээс хөөгдсөн. Яагаад та нар АН-ын дүрмийн төслийг хэлэлцэх эрхтэй гэж. Яагаад Их хурлаар хэлэлцэх ёстой зүйлийг Гүйцэтгэх зөвлөлийн хэдхэн хүн хэлэлцэж байгаа юм бэ. Одоо бид АН-ын Их хурлыг энгийн ээлжит бус Их хурал гэж харах ёстой нь зөв үү. Эсвэл Онц их хурал юм уу. Их хурлын төлөөлөгчийг сонгохдоо ямар зарчмаар сонгох юм. ҮЗХ-ны гишүүд өнөөдөр эрх зүйн чадамжтай юм уу. Ийм учраас Л.Эрхэмбаяр даргад шууд хандаж хэлмээр байна. Дахиж Гүйцэтгэх зөвлөл дээр ийм зүйл яривал бид асуудлыг өөрөөр харах болно шүү.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.95.40)

    2016-11-16

    ЗӨВ ШҮҮ