Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томиллоо
- 2016-11-21
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн баталлаа. СЗХ-ны орон тооны гишүүнээр О.Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Б.Баярдалай, Б.Батхишигийг, орон тооны бус гишүүнээр улираан Л.Энхтайваныг томилохыг гишүүдийн олонх нь дэмжин батлав. Томилгоог батлахын өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Томилогдож байгаа хүмүүсийг дэмжиж байна. Өмнө нь эрдмийн ажил хийж байсан ийм хүмүүс ном яриад байдаг, амьдралыг хардаггүй согог бий шүү. Номлоод байдаг, номлол нь амьдралтай нийцдэггүй. Үүнийгээ анхаараарай. Эдийн засгийн байдал онцгүй, төгрөгийн ханш тогтворгүй байгаа нөхцөлд эдийн засгийн байгууллагууд хамтран, шуурхай ажиллах хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хоёрхон удаа хуралдсан гэж байна. Уг зөвлөлд Засгийн газар, Монголбанк, СЗХ-ноос төлөөлөл орсон. Эдийн засаг хүндрэлтэй байхад хоёрхон удаа хуралдсан гэдгийг нь сонсоод сэтгэл дундуур байна. Аудит оруулаад эдийн засгийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж эрчимтэй ажиллах шаардлагатай. Ингэж чадвал эдийн засгийн нөхцөл Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томиллоо байдал сайжрах төлөв ажиглагдаад байгаа. Долларын ханшийг яаж тогтворжуулах талаар бүтэн дөрөв, таван сар ярилаа. Гэтэл нэгдсэн нэг шийдэл байдаггүй, хугацаа алдаад байдаг. СЗХ энэ талд ямар байр суурьтай байгаа юм” гэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Б.Батхишигийн асуудлыг хойшлуулаад бусдыг нь баталъя. Авлигатай тэмцэх газар болон УИХ-ын баримт бичгийн үнэн зөвийг шалгах ажлын хэсэг гаргах шаардлага байна. Яагаад гэвэл АТГ-аас ирүүлсэн саналд Б.Батхишигийг шинжээч, нөгөөд нь худалдаа хийдэг гэсэн. Үүнийг тодруулах шаардлагатай” гэв. Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Орон тооны бус гишүүнээр ажиллах бол компанийн ажлаа өгчихөд зөрчил нь арилаад явчих юм байна гэж АТГ-аас ирүүлсэн бичгээс нь ойлгосон. Миний нэр дээр ирүүлсэн бичигт ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэсэн юм байгаагүй. УИХ-ын гишүүдийн олонх тухайн нэр дэвшигчийн асуудлыг хойшлуулах шаардлагагүй” гэж үзсэн юм. Мөн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулж, СЗХ-ны орон тооны бус гишүүнээс Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөллөө.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 2.8 ХУВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ ГАРЧЭЭ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ. Манай улсын гадаад, дотоод худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бууралт үргэлжилж байгаа ч хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлт гарсаар байгаа аж. Тухайлбал, энэ оны эхний арван сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарт 2.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувийн өсөлттэй гарчээ. Засгийн газраас баримтлах хөгжлийн бодлогод эдийн засгийг төрөлжүүлэх, үүний дотор хөдөө аж ахуйн салбарын бүтээмж болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байгаагаа Ерөнхий сайд мэдээллийн эхэнд дурдсан юм. Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Харин дараа оны тариалалтад зориулан 45.5 мянган тонн үр нөөцөлсөн байна. Энэ жилийн хувьд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг бүхэлдээ Төв аймгийн зарим бүс нутагт хур тунадас багатай, гандуу байснаас ургац алджээ. Бусад бүс нутагт цаг агаар харьцангуй тааламжтай байснаар ургацаа амжилттай хураах нөхцөл бүрдсэн боловч ес, аравдугаар сард нийт нутгаар хур тунадас ихтэй, талбайд техник ажиллах боломж хомс байсан нь ургац хураалтад хүндрэл учруулан, ургацын хаягдлыг нэмэгдүүлж, хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлжээ. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд Засгийн газрын 322 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын албан даалгаврыг батлан гаргаж хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд аймгуудын Засаг дарга, аймгийн Онцгой комиссын даргын захирамж, бэлтгэл хангуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх байгаа аж. Өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь хүрэлцээ муутай байгаа тул отроор өвөлжих өрх, малын тооны талаар аймаг, сумдын удирдлагууд харилцан тохиролцон гэрээ байгуулж байна. Үүний үр дүнд нийт 16.5 мянган өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржуулахаар төлөвлөжээ. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, гишүүдийн зүгээс “Газар тариалангийн бүс нутагт тариаланч, хоньчин хоорондоо хонь чоно болоод байна. Малчдыг тариалангийн газраас 500 метрээс дотогш нэвтэрч болохгүй гэдэг, тариаланчийг хашаагаа хашихгүй байхыг хуулиар зөвшөөрчихсөн. Метрийн хэмжээ зааснаар зөрчил үүссэн. Тариалангийн хуульд өөрчлөлт оруулж болох уу. Хашаалсан талбай руу малаа оруулахгүй байхаар хуульчилбал ямар вэ. Мөн махны экспортод хэр анхаарч байна вэ” гэж асууж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Газар тариалангийн бүс нутагт малчин, тариаланчдын зөрчил маш их байдаг. Тиймээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байж зөрчлөөс гарна.
Махны экспортын чиглэлээр ХХААХҮ-ийн сайд ОХУ-д томилолтоор ажиллаж байна. ОХУ-аас ямар дэмжлэг үзүүлэх, бидний зүгээс бодлогын ямар арга хэмжээ авч ажиллах талаар тус улсын Хөдөө аж ахуйн сайдтай хэлэлцээр хийж байгаа. Малын махыг экспортлохдоо хаа хол байгаа Араб гэж ярилгүй, хөрш улсдаа мах гаргахаар ярилцаж байна. Засгийн газар малчдыг зөвхөн зээлээр амьдрал ахуйг нь тэтгэдгийг болиулъя. Өөрсдийнх нь хөдөлмөрөөр бий болдог бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд одоо ямааны арьс 12000, адуу 32-33 мянга, хонины нэхий 3000 төгрөг болж өссөн” гэв.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (0)