Ясны бэртэл, гэмтэлтэй иргэдэд үнэ төлбөргүй оношилгоо хийнэ

        Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн дэргэд байрлах “Мед Траума” эмнэлэгт ясны сийрэгжилтийн оношилгоог үнэ төлбөргүй хийхээр болжээ. Энэ талаар “Монхимо” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.БОЛДСҮРЭНГЭЭС тодрууллаа.

 

-Ясны сийрэгжилтийн оношилгоонд хүн бүр хамрагдах боломжтой юу. Иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ясны хугарлын эрсдэлийг үнэлэх хөтөлбөрийг боловсруулж, гаргасан. Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд зорилтот бүлгийн буюу ясны бэртэл, гэмтэлтэй иргэдэд үнэ төлбөргүй оношилгоо хийж, зөвлөгөө өгнө. Оношлуулах хүсэлтэй иргэд ясны хугарлыг харуулсан рентген, томографийн зургаа авч ирнэ. Түүнийг нь үзсэний дараа ясны сийрэгжилтийн шинжилгээ хийнэ.

 

-Үнэгүй оношилгоог хэдий хугацаанд хийх вэ?

 

-Бид эхний ээлжид туршилтын журмаар оношилгоо хийж байгаа учраас хүний тоо болон цаг хугацаа заагаагүй. Ирэх оны хоёрдугаар сар буюу хальтиргааны үе дуустал үнэгүй оношилгоо хийхээр төлөвлөсөн. Хамгийн гол нь ГССҮТ-ийн дэргэд лабораториа байршуулснаар гэмтэж, бэртсэн хүмүүст цаг алдахгүй оношилгоо хийлгэж, хурдан эдгэрэх боломж олгож байна.

 

-Эмнэлгүүд стандартын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж ашиглаж, баталгаагүй оношилгоо хийж байна гэсэн шүүмжлэл гардаг. Танайх ямар төрлийн төхөөрөмжөөр оношилгоо хийх вэ?

 

-Ясны сийрэгжилтийн явц, хурд, эмгэг зэрэг нь ямар төвшинд байгааг бүх үзүүлэлтээр харуулдаг олон улсад хэрэглэдэг тоног төхөөрөмж ашигладаг. Манайх нотолгоонд суурилсан анагаах ухаан гэсэн шалгуур үзүүлэлтийг гол зарчмаа болгодог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яс сийрэгжилтийг “чимээгүй тахал” гэж нэрлэсэн бөгөөд 150 гаруй өвчний гол шалтгаан болж байгааг тогтоосон. Хүний яс маш нягт байх ёстой атал сүүлийн үед даавуу шиг сийрэгжсэн тул хугарлын дараах эмгэгийг эмчлэх мэс заслын үед хадаас ч тогтохгүй шахуу болсон байна.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.131.225.197)

    2016-11-30

    Hugartsaniikh n daraa l ochij bolokh yum yy tee uridchilsan shinjilgee khiij ugch boldoggui yum yy

  • (124.158.93.71)

    2016-11-30

    гэмтлийн эмнэлгийн нэр битгий бариад байгаачээ.