“Гялгар торноос татгалзах өдөр”-тэй болно
- 2016-12-15
- Нийтлэл
- 0

Сүүлийн үед гялгар уутнаас татгалзах талаар хүн бүр ярьж байгаа ч өдөр тутмын хэрэглээнээсээ хасч чадахгүй л байна. Бидний хэн нь ч дэлгүүрт орох бүртээ 100 төгрөгөөр гялгар уут худалдан авч эрүүл мэнд цаашлаад байгаль дэлхийгээ хордуулахад “хувь нэмрээ” оруулсаар байгаа юм. Гялгар уут дэлхийн нийт хог хаядлын 30 хувийг, орон зайн хувьд долоон сая 500 мянган ам.метр талбайг эзэлдэг аж. Эрдэмтдийн судалгаагаар гялгар уутыг хүн ердөө 12 минут ашиглаад хаядаг, энэ нь байгальд хог болж, хөрсөнд булагдсан ч 100- 500 жил “амь бөх”-тэй оршдог байна.
Тэр нь хог төдийгүй химийн хорт бодис ялгаруулж хөрс, ус, агаарыг асар ихээр бохирдуулж амьтан, ургамлыг үхэлд хүргэдэг. Иймээс дэлхийн улс орон бүр гялгар уутны хэрэглээг бууруулахаар олон төрлийн ажил зохиож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол Улс 2009 оны зургаадугаар сарын 11- нд “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулийг баталжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар гялгар уутны хэрэглээг хязгаарлах журам гаргасан. Уг журамд хэт нимгэн буюу 0.025 мм уутыг хэрэглэхгүй байхаар заасан. Дээрх журмын заалт хэрэгжихгүй байсан учир 2012 оны Хог хаягдлын тухай хуулиар хүчингүй болгожээ. Энэ оны тавдугаар сард баталсан “Хог хаягдлын тухай шинэчилсэн хууль”- аар нийлэг хальсан уутыг хэрэглэхийг шууд хориглоогүй ч хог хаягдлын менежментийн талаар дэвшил гаргасан хэмээн гялгар уутнаас татгалзах талаар олон ажил өрнүүлдэг “Технож” бизнес инкубатор төвийнхөн онцолсон. Тус төвийнхөн 2017 оны сар бүрийн 11-ний өдрийг “Гялгар уутнаас татгалзах өдөр” болгохоор санаачилж, гялгар уутны хэрэглээг халахаар даавуун тор, улавч хийж байгаагаа дуулгалаа.
Монгол Улсын хэмжээнд жилд бүрэн бус тооцоогоор 3145.4 га талбай бүхий 447 ил задгай хогийн цэг байдаг аж. Улаанбаатарын хог хаягдлын бүтцийг судлахад шил, лааз, үйлдвэрийн хог, даавуун материал зэргээс гялгар уутны хаягдал хамгийн их буюу нийт хог хаягдлын 32 хувийг эзэлж байна. Эндээс хүмүүсийн гялгар уутны хэрэглээ өндөр байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс дэлгүүр, цэцэрлэг орох бүртээ 100- 200 төгрөгөөр гялгар уут, улавч худалдан авдаг гэвэл сард ойролцоогоор 3000, жилд 30 мянган төгрөгийг зарцуулдаг. Нэг өрх долоо хоногт нэг удаа дэлгүүр явж хүнсээ цуглуулахдаа гялгар уутыг 100 төгрөгөөр авдаг бол жилдээ 5200 төгрөг зарцуулж, 52 гялгар уутыг хог дээр хаяж байгаль орчноо бохирдуулж байна. Зөвхөн Улаанбаатарыг 380 мянган өрхтэй гэж үзвэл жилдээ 19.760.000 ширхэг гялгар уутан тороор эх дэлхийгээ бохирдуулахын зэрэгцээ хоёр тэрбум шахам төгрөгийг зөвхөн нэг удаагийн хэрэглээтэй торонд зарцуулж, өрхийн эдийн засагтаа үрэлгэн хандаж байна. Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 92900 хүүхэд цэцэрлэгээр хүмүүжиж байгаа бөгөөд тэдгээрийн эцэг, эх жилдээ 100 төгрөгийн үнэтэй нэг удаагийн улавчинд хамгийн багадаа 19800 төгрөгийг зарцуулдаг.
Гэтэл Улсын хэмжээнд 1067 цэцэрлэгт 201.834 хүүхэд хүмүүжиж байгаагаас өдөрт нэг удаа эцэг, эх улавч авна гэж тооцвол сардаа 4.4 сая ширхэг гялгар уутан улавчинд 444 сая төгрөгийг зарцуулах тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, бүтэн хичээлийн жилд хэрэглэх улавчны тооцоогоор дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулж буйгаас харахад бид байгальдаа хор хөнөөлтэй зүйлд, иргэд өрхийн орлогоо үргүй зардалд гардгийг харж болохоор байгаа юм. Ингэж 100 төгрөгөөр гялгар уут, улавч худалдан авч орчноо бохирдуулж байхын оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хийж байгаа даавуун уут, даавуун улавчийг 1500 төгрөгөөр худалдан авч хэрэглэе. Энэ нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна түүнийг хийж, амьдрах гэж зүтгэж байгаа тэдгээр хүмүүст ч дэм болно. Нэг сайн даавуун торыг хэдэн ч жил хэрэглэх тул эдийн засгийн ямар их хэмнэлтэй, байгальд ээлтэйг хэлээд яах билээ.
Б.Даариймаа

Сэтгэгдэл (0)