Норимицу Тосу: Бөмбөг хаях шийдвэр гаргасан хүмүүсийг уучилж чадаагүй л явна

 

        1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ Японы Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясан эмгэнэлт үйл явдал болсон. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд тохиосон аймшигт, эмгэнэлт өдрийн нэг юм. Тухайн үед Хирошимад 250 мянган хүн амьдарч байсан гэдэг. Уг үйл явдлаас амьд үлдсэн өдгөө 74 настай Норимицу Тосугийн “NCR” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр одоо эхнэр, хүүхдүүдийн хамт Токио хотноо амьдардаг аж.

 

-Хирошимагийн уугуул биш гэж сонссон юм байна. Японы аль хотоос Хирошимад нүүж ирсэн юм бэ?

 

-Би Хирошимагийн уугуул иргэн. Харин эцэг эх маань өөр нутгийн гаралтай хүмүүс. Аав маань Тояма, ээж Канагава мужийн уугуул. Тэд гэрлэснийхээ дараа Хирошимад шилжиж ирсэн. Аав “Кирин Бийр” компанид ажилд орсон учраас түүнийг дагаж 1930 онд Хирошимад нүүж ирсэн гэсэн. Манай гэр бөмбөг хаясан газраас 1.3 км зайд байрладаг байсан. Гэрийн маань ойролцоо их сайхан гол, охидын сургууль, тойроод буддын олон сүм байдаг байлаа. Ер нь тэр хавийн орчин бурхан, шашны өнгө аястай их сайхан нутаг байсан юм. Манайх өнөр өтгөн айл. Эцэг эх, ихэр дүү, гурван эгч, ахынхаа хамт аж төрдөг байв.

 

-Та 1945 оны наймдугаар сарын 6-нд яг юу болсныг ярьж чадах уу?

 

-Атомын бөмбөгийг өглөөний 8:15 минутад хаясан. Манай гэрийнхэн тэр үеэр ихэвчлэн гадаа гарч дасгал хийдэг байсан юм. Ээж ихэр дүү бид гурав өглөөний дасгалаа хийж дуусаад гэртээ орсны дараахан бөмбөгдөлт эхэлсэн. Үнэндээ миний амь нэгхэн минутын хоромд шийдэгдсэн. Хэрэв бид нэг минутаар хоцорч гэртээ орсон бол бөмбөгийн шууд тусалтаар газар дээрээ амь үрэгдэх байсан шүү дээ. Манай байшин нурж, гал гарсан. Ихэр дүү бид хоёр гараа угаахаар угаалгын өрөөнд орсон хойно байшин нурж эхэлсэн учраас нурангид хавчигдан, гарч чадахгүй байдалд орсон юм. Ээж маань өөр өрөөнд байсан. Өрөөний хаалгыг онгойлгоод харахад ээж ухаан алдчихсан газар хэвтэж байлаа. Дүү бид хоёр ээжийгээ сэрээхийн тулд хамаг чангаараа уйлж, орилж байсан санагдана. Цусанд будагдсан ээж маань хамаг чадлаараа мөлхөн ирж биднийг өрөөнөөс гаргасан. Намуухан, дөлгөөн ээжийгээ биднийг аврахын тулд бүх хүч чадлаа гарган тэмцэж байсныг тэр үед л анх харсан юм даа. Ээж “Бидэнд туслаач” гэж орилж байсан ч хэн ч ирж туслаагүй. Би тодорхой зүйлийг сайн санадаггүй юм. Мөн уйлаад л байснаа санаж байна. Ээж ихэр дүү бид гурав байшингаасаа арайхийн гарч манайхаас 4-5 км-ийн зайд байдаг хамаатных руугаа явсан. Өмнө нь хэлсэнчлэн тодорхой зүйл санахгүй байна. Гэхдээ нэг үнэр бий. Тэр үнэр л насан туршид толгойд минь хадгалагдаж байна даа. Хамаатных руу явах замд урьд өмнө хэзээ ч үнэртэж байгаагүй их хачин зүйлийн үнэр гарч байсан. Одоо бодоход тэр нь цогцосны үнэр юм билээ. Биднийг мацаж явах замд хөл гишгэх зайгүй дүүрэн л үхсэн хүн, амьтны цогцос байсан. Тэр үнэр лаазалсан яргай загасныхтай адил. Одоо лаазалсан яргай загас онгойлгох бүрт тэр үе нүдэнд харагддаг юм. Өөр нэгэн санаж байгаа зүйл нь хүмүүс “Ус өгөөч, ус өгөөч” гэж хашхирч байсан. 1945 онд ах маань зэвсэгт хүчинд алба хаадаг байсан учраас бөмбөгдөлтөд өртөж газар дээрээ амь үрэгдсэн. Харин эгчийнхээ цогцсыг хэчнээн хайгаад ч олж чадаагүй. Тухайн үед ахлах сургуулийн сурагч, оюутнуудыг зам талбай цэвэрлэх ажилд дайчилдаг байлаа. Эгчийн ажиллаж байсан газар нь бөмбөгдөлтийн голомт хэсэг байв. Миний бодлоор түүний бие юу ч үгүй бутарч алга болсон байх. Аав тэр үед азаар шоронд байсан. Түүнийг хээл, хахууль авсан гэж хорьж байсан юм. Бөмбөгийн тэслэлт шоронгийн хамгаалалтыг давж чадаагүй учраас тэр амьд үлдсэн азтай хүн. Эмгэнэлт үйл явдал болж, улс орон орвонгоороо эргэсний дараа аавыг сулласан. Аав маань бидэндээ үлдсэнд бүх насаараа талархаж явдаг. Учир нь, аавгүй бид яаж амьдрах байсан бол гэж үргэлж боддог юм. Аав тухайн үед нэлээд чинээлэг хүн байсан учраас бидний ирээдүйд эергээр нөлөөлсөн. Ээж хүнд шархдаж, өвчин зовиураасаа болж оюун санаанд нь өөрчлөлт орсон.

 

-Бөмбөгдөлтийн дараа танай гэр бүл юу хийж байв?

 

-Бид Хирошимагийн өмнөд хэсэг руу нүүсэн. Ихэр дүү бид хоёр 15 нас хүртлээ тэнд амьдарч, ахлах сургуульд суралцсан. Дараа нь Токио руу явж Кеиогийн их сургуулийн оюутан болсон. Өсч өндийх цагт Хирошимад өнчин, ядуу хүүхэд их байлаа. Дүү бид хоёр сургууль руугаа аль болох ахиухан хоол авч явахыг хичээдэг байсан. Учир нь, сургуульдаа хоол авч явах бүү хэл өмсөх гуталгүй хүүхэд их байсан болохоор тэдэнтэй хоолоо бага ч гэсэн хуваалцахыг хүссэн юм. Би эцэг, эхийнхээ ачаар сэтгэл тайван өссөн. Гэвч тухайн бүс нутагт ямар хэцүү амьдрал, зовлон байсныг төсөөлөхөд бэрх. Эмгэнэлт үйл явдал болсноос таван жилийн дараагаас хойш хүмүүс атомын хор уршгаар нас барах нь ихэссэн. Голчлон цусны цагаан бөөмийн өвчнөөр нас бардаг байв. Би ч мөн ийм төрлийн өвчнөөр нас барах вий гэж айдаг байлаа. Хүүхэд учраас тоглож, наадаж чадахаа байх вий гэж эмээдэг байсан байж магадгүй юм. Өдрийн цагаар үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадаад хэвийн байдаг ч шөнө орондоо орсны дараа тэр аймшигт өдөр бодогдоод унтаж чадахгүй зовсон өдөр хоног олон бий.

 

-Дунд сургуулиа төгсөөд Токио руу явсан юм уу?

 

-Тийм ээ, Би 1964 онд Кеиогийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөнийхөө дараа Америкт суралцахаар шийдэж, хичээсний эцэст Брауны их сургуульд тэтгэлгээр суралцах эрхтэй болсноор Америкийг зорьсон юм. Философи, логикийн чиглэлээр суралцаж, дараа нь антропологич мэргэжил эзэмшсэн. Мөн Йелийн их сургуульд доктор хамгаалсан. Намайг Йелд сурч байх үед ээж маань нас барсан. Ээжийнхээ оршуулгын ёслолын үеэр эхнэртэйгээ танилцаж байлаа. Одоо би Японы 16 их сургуульд цагийн багш хийдэг.

 

-Та судалгаа, шинжилгээний 10 гаруй ном хэвлүүлсэн юм билээ. Атомын бөмбөгдөлттэй холбоотой ном гаргасан уу?

 

-Үгүй. Гэхдээ холбогдолтой хэд, хэдэн бичвэр бий. Ер нь тэр тухай олон нийтэд эргэн сануулах хэрэггүй биз. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Гэвч энэ үйл явдал нь муу гэсэн ганц л талтай байсан. Миний хувьд Үндсэн хуулийн есдүгээр заалт буюу энхтайвны үзлийг тодорхойлж, дайныг орхих, зэвсэгт хүч хадгалахгүй байх зарчимд ач холбогдол өгдөг. АНУ-ын Ерөнхийлөгч Г.Трумэн яагаад бөмбөг хаях шийдвэр гаргасан юм бол гэж цаг үргэлж гайхдаг. Тэр Нагасаки, Хирошима хотод бөмбөг хаясныхаа төлөө уучлалт гуйгаагүйг ч гайхдаг. Тэд дайнд ялсан мөртлөө уучлалт гуйгаагүй. Герман аушвиц, Японы цэргийн хүчин Хятад, Зүүн Өмнөд Азид хийсэн харгислалынхаа төлөө уучлал гуйсан шүү дээ. Миний антропологич болохоор шийдсэн нь ч үүнтэй холбоотой. Ард түмэн, улс үндэстний зан төлөвийн онцлогийг судлахыг хүссэн.

 

-Та америкчуудыг яагаад бөмбөг хаясан гэж боддог вэ?

 

- Бид Хирошимагийн тухай ярихад тэд Сувдан эргийг ярьдаг юм билээ. Миний хувьд энэ хоёр ялгаатай үйл явдал. Сувдан эргийн халдлага нь цэргийн бааз руу довтолсон. Харин Хирошима, Нагасаки нь энгийн иргэд рүү чиглэсэн байсан шүү дээ. Энэ үйл явдлаас болж 200 мянган энгийн иргэн, олон амьтан амь үрэгдсэн.

 

 -Энэ оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод айлчилж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн ч Японы ард түмнээс уучлалт гуйгаагүй. Уучлал гуйгаагүйд нь таны урам хугарсан уу?

 

-Тийм ээ. Би түүнийг уучлалт гуйгаасай гэж маш их хүссэн. Хэдий уучлалт гуйгаагүй ч дотроо үүнийг хүсч байсан гэдэгт нь ч итгэж байгаа. Тэр хүссэн ч засаг захиргааны бодлогынх нь хүрээнд өөр хүмүүс нөлөөлсөн байх.

 

-Тэр ямар агуулгаар уучлалт гуйх ёстой байсан юм бэ?

 

-Хоёр зүйлийн төлөө уучлалт гуйх ёстой. Мэдээж, энгийн гэмгүй иргэдийг хоморголон устгаж, байгаль орчныг сүйтгэснийхээ төлөө. Мөн азиудыг хөнөөх нь асуудал биш ч европчуудыг болохгүй гэсэн хандлагынхаа төлөө уучлалт гуйх ёстой.

 

-Та атомын бөмбөг хаясан хүмүүсийг уучилсан уу?

 

-Би тухайн үед онгоцноос бөмбөг хаясан нисгэгчдийг уучилсан. Надад АНУ-ын эсрэг ямар нэгэн өс хонзон байхгүй. Гэхдээ атомын бөмбөг хаях шийдвэр гаргасан тус улсын засаг захиргааг уучилж чадаагүй явна.

 

-АНУ-ын шинэ төрийн тэргүүнээр Доналд Трамп сонгогдлоо. Үндсэн хуулийн есдүгээр заалтад өөрчлөлт оруулах гэсэн үйл явц болон хоёр орны засаг захиргаа талаас ямар өөрчлөлт гарах бол та хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Бид ухарсан байна. Бид эргээд 1940, 1950 оны үе рүү буцжээ. Миний хувьд Ерөнхий сайд болон Доналд Трампыг төдийлөн үнэлдэггүй. Дайн дажингүй мөнхийн энхтайван, олон улсын хямралыг зогсоохыг хүсдэг учраас тэдэнтэй санал нийлдэггүй ч байж болох юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)