Л.Хосбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

2007 оноос эхлэн дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах өдөр болгон өнгөрүүлж буй. Энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

“Аutism awareness day 2026” өдөрлөгт нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр оролцож, Монголын аутизмын холбоотой хамтран гаргаж буй үндэсний судалгааныхаа талаараа танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын аутизмын холбооны НҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой болсон. Үндэсний хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн тоон судалгааг хийж, бодитой  ажил болгон ажиллана. Мөн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, тэгш хамруулах боловсролын дэмжлэгийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг илүү хүртээмжтэй болгох, багш, мэргэжилтнүүдийг дэмжих, эцэг эх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)