Гэрээр үзлэг хийж эхэллээ
- 2016-12-23
- Эрүүл мэнд
- 0
Амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийт 749 эмч, сувилагч, оюутнууд дайчилгаанд хамрагдан дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас 533 резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж буй сувилагч болон АШУҮИС-ийн VI дамжааны оюутнуудыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилжээ.
ӨЭМТ-дэд хуваарилагдсан эмч, оюутнууд гэрийн үзлэг хийхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах бөгөөд
0-2 настай эрүүл хүүхэд,
0-5 настай өвчтэй хүүхэд,
нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлж эмчилгээ заалгаад буцсан хүүхэд,
түргэн тусламж дуудаж үзүүлсэн 0-5 насны хүүхэд,
эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдүүд, ханиад хүрсэн жирэмсэн эх,
уушигны архаг өвчтэй ахмад настан зэрэг амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл бүхий хүмүүст үйлчлэхээр болжээ.
Өчигдөр НЭМГ-ын удирдлагууд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, амьсгалын замын цочмог халдварын үед авч хэрэгжүүлж буй ажлуудаа дүгнэн тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.
Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн тасагт 19 хүүхдийн резидент эмч, 64 сувилагч хуваарилагдсан бөгөөд эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж буй юм.

Мөн нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв дээр эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах талаар зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж эхэлснээр ахицтай түвшинд хүрч байгааг ч эмч, мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.
Уулзалтын хүрээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гэрийн эргэлтээр хийх үзлэг, оношилгоог сайжруулах үүрэг даалгавар өгч, бага насны хүүхдүүдийг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлаа эрчимжүүлж, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд дорвитой анхаарч, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх нь нэн чухал болохыг хэлсэн байна.

Сэтгэгдэл (0)