МАНСУУРЛЫН МАНАН биднийг түгшээж байна
- 2017-01-14
- Нийтлэл
- 0

ОРШИЛ
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мансуурлын талаар ялангуяа хар тамхины асуудлаар их ярьж, бичиж мэдээлэх боллоо. Энэ тухай сүүлийн үед ч биш 1990-ээд оноос хойш ямар нэгэн хэмжээгээр ярьж, бичиж, мэдээлж байсан юм. Тухайлбал, архидан согтуурал, мансуурлын бодит байдал ямар байгаа, түүнээс урьдчилан сэргийлэх талаар, бидний хэсэг ахмад эмч нар энэ чиглэлээр олон жил ажиллаж, судалж байсан туршлагадаа тулгуурлан, тухайн үеийн төр, засгийн өндөрлөгүүд, ХЗДХЯ, ЭМийн сайд, УИХ-ын гишүүдэд хандан, 2003 онд ил захидал хэвлэлээр илгээж, анхаарлаа хандуулахыг хүсч байсныг энд дурдъя. Яагаад 90 оноос гэж онцлох болов. Тэр үеийн социалист нийгмийн байгуулал орвонгоороо эргэж, зах зээлийн буюу бидний ярьдаг байсан “капиталист” нийгэмд шилжиж, нийгэм, улс төрийн байдал өөрчлөгдсөн зурвасхан үед байгууллага хүмүүсийн хариуцлага суларч, нийгмийн дунд давамгайлах болсон. Төр засаг бужигнаантай, хяналт сул, анхаарал хандуулаагүй ба тухайн үеийн байдал нэг ийм л байсан. Урьдах социализмын үед социалист орнуудад, капиталист цөөн тооны орнуудад, голдуу албаныхан зөрчдөг байсан ба хүн бүр зорчих боломж хаалттай байлаа. Тухайн шилжилтийн үеэс энэ байдал өөрчлөгдөж, гадаад улс орнуудад зорчих нь чөлөөтэй болж, бизнес эрхлэгчид, ганзагын худалдаачид байсан ба урьд хөршөөс “өвгөнт” нэртэй стандарт бус спирт архи хяналтгүйгээр оруулж байсан ба зөвхөн архи ч биш хүнсний болон бусад бараа материалуудыг ч оруулж байсан. Дотооддоо ч архины үйлдвэрүүд олширч бар цэнгээний газрууд, борооны дараах мөөг шиг цэцэглэн, түүнд тавих хяналт бараг байхгүй, ажилгүйдэл, ядуурал, сэтгэлзүйн хямрал нэмэгдсэн, бусад олон хүчин зүйл нөлөөлснөөс архидан согтуурах нь газар авч, энэ үеэс хавтгайрсан архидалт, элдэв мансуурлын эхлэл суурь нь тавигдсан гэж үзэж болох юм. Ер нь социализмын үед архидалт, элдэв мансуурлын эхлэл суурь тавигдсан гэж үзэж болох юм. Социализмын үед архидан согтуурал, хар тамхи, элдэв мансуурал огт байхгүй байсан юм биш ээ. Гэхдээ бага байсан. 1980- аад оны дундаас, архидан согтуурахай тэмцэх талаар тухайн үеийн нам, төр засгийн зүгээс анхаарал хандуулж, СнЗ-ийн (Сайд нарын зөвлөл) тогтоол гарч, нийслэл, аймаг хотуудад наркологийн кабинетуудыг байгуулж, нарийн мэргэжлийн эмч нар ажиллах болсон. Донтсон архаг архичдыг эмчлэх газрыг Сэлэнгэ аймгийн Ерөөд буй болгосон зэрэг арга хэмжээ авч байсан. 90- ээд оноос ямар байдалтай байсныг дээр хэлсэн. Тэр үед ЗХУ-д (хуучнаар) “перестройк” буюу өөрчлөн байгуулалт ил өрнөж, архидан согтуурах асуудлыг ч нэлээд хурцаар ярих болсон нь манайд нөлөөлсөн байх магадлалтай. Тэгвэл одоо ямар байдалтай байгааг товчхон, хэдэн тоо баримтаар хэлье.
АРХИДАЛТ
Архидан согтуурах нь хэрээс хэтэрч, хавтгайрсан байдалтай, үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. ДЭМБ-ын мэдээлэлд, Монголын таван хүний нэг нь архи хэрэглэдэг, хэтрүүлэн хэрэглэж байдаг гэж тодорхойлжээ. Судлаачдын дүгнэлтээр, хүн амынх нь 60- 70 хувь архи уудаг, эрчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15 хувь нь (магадгүй үүнээс ч их) хэтрүүлэн хэрэглдэг ба эрчүүдийн 22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчтэй, өсвөр насныхны (10-19) 70 хувь нь архи уусан, уудаг, амссан, согтсон гэсэн судалгаа байгаа ба 2012 онд 197, 2013 онд 200 гаруй, 2014, 2015 онд үүнээс нэмэгдэж, эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн байна. Манай эрчүүд, эмэгтэйчүүд, өсвөр насныхан гээд бүхий л давхарга архидан согтуурч буйг хавтгайрсан архидалт гэхээс өөрөөр юу гэх вэ? Олон улсын хэмжээнд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ 6-7 л байдаг бол манайд 26-28 буюу дэлхийн дундаж 3-4 дахин их байна. Жилд 1800 гаруй хүн архины шалтгаантай нас барж, гэмт хэргийн зонхилох хэсгийг согтуугаар үйлдэж байгаа болон нэг жилд 3000 гаруй гэр бүл салж, сарниж байгаагийн дийлэнх нь архидан согтуурлын шалтгаантай, хүчирхийлэлтэй холбоотой гарч байна. 160.000 гаруй хүн нэг жилд эрүүлжүүлэх байранд орж, архины хамааралтай хүмүүсийн 80 хувь нь 19-40 насныхан байна. Архидан согтуурах нь ямар хэмжээнд хүрснийг дээрх хэдэн тоон статистикаас харж болох ба цааш үүнийг батлах гэж олон юм нурших шаардлагагүй. Архидан согтуурлаас үүдэлтэй, хүний язгуур шиж чанар алдагдаж, бусдын амь нас хөнөөх, гэмт хэрэгт холбогдох, дээрэм тонуул, хулгай хийх, ёс бус авир араншин гаргах, халдварт өвчин тараах, гэр бүл сарних гэх мэт нийгмийн хэв хэмжээ, ёс зүйд үл нийцэх олон асуудал, үйлдэл гарч байгаагийн үндсэн гол эх үүсвэр, суурь нь болсон их архидалт Монголын нийгмийг бүхэлд нь булингартуулж, ард иргэд, архин далайд живж байгааг төр засаг минь эрх биш ивээлдээ авна гэдэгт итгэх л үлдэж байна. Үүнээс гадна токсикомания буюу хорын дон гэх мансуурлын бас нэгэн хэлбэр өсвөр насныхны дунд бага биш байна. Энэ нь газ үнэртэх, цавуу мэтийг татах, зажлах мэтээр мансуурдаг ба үүнээс үүдэлтэйгээр амь насаа алдах явдал гарсаар байна. Зөвхөн энэ 2016 оны эхний 10 сарын байдлаар 30 тохиолдол нийслэлд гарсан байна. 1990-ээд онд Хан-Уул дүүрэгт цавуу үнэртэж, мансуурдаг 100 гаруй хүүхдийг эмчилгээнд хамруулж байсан нь үйлдвэрийн ажилчид гэртээ цавуу авч ирдэгтэй холбоотой байсан юм. Их архидалт, хорын донгоос гадна сүүлийн үед ихээхэн анхаарал татаад байгаа хар тамхины асуудал юм. Өөрөөр хэлбэл мансуурлын бүх хэлбэр манайд хавтгайрч, мансуурлын манан түгшээх болсоор байна. ХАР ТАМХИ Саяхан НҮБ-ын хар тамхи, гэмт хэргийн эсрэг хорооноос мэдэгдэхдээ, хар тамхины нөхцөл байдал сэтгэл түгшээж байна гэж мэдэгдлээ. Манайд хар тамхины хэрэглээ 2000 оноос нэлээд идэвхжиж, 2001-2005 онд хэд хэдэн иргэн ял сонсож байсан. Монгол Улсын Засгийн газар 2000 оны гуравдугаар сард “Хар тамхи, мансууралтай тэмцэх” үндэсний хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөр бодитой хэрэгжсэн бол чухал заалтууд тусгагдсан байсан ба хэрэгжилт нь хангалтгүй болсон. Уг нь энэ үеэс л ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байсан юм. Одоо хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэргүүдийн тухай хэвлэл, мэдээллээр тодорхой ярьж, мэдээлж байна. Өнгөрсөн сарын сүүлээр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, шуурхай хурал хийж, хар тамхи, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар гааль, хилийн цэргийн удирдлагуудыг оролцуулан эдгээр байгууллагуудын уялдааг сайжруулах шаардлагатайг тэмдэглээд, хууль тогтоолын төсөл УИХ-д өргөн барихаа мэдэгдэж, хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулах болсноо мэдэгдлээ. Сайд цааш нь мэдээлэхдээ, энэ онд хар тамхитай холбоотой 222 үйлдэл бүхий 179 хүнд холбогдох 76 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажил явуулж буйг дурьдаад, энэ хэрэгт 18-25 насныхан зонхилон холбогдож байна гэв. Монгол Улсын 100 гаруй иргэн гадаадад хоригдож байгаагийн ихэнх нь БНХАУ-д байгаа ба олонх нь хар тамхины хэргээр ял аваад байна гэж Гадаад харилцааны сайд Ц.МөнхОргил өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн байна. Хар тамхины асуудал ноцтой байдалд хүрсэн нь, дээрх албаны хүмүүсийн мэдээлэл болон бусад олон баримт, мэдээллүүдээр тодорхой болж байна. Одоо тоо баримт яриад суух биш тодорхой арга хэмжээ авах л үлдсэн байна. ХЗДХ-ийн сайдын өнгөрсөн сард хийсэн мэдээлэл нь цаг үеэ олсон, тулгамдсан асуудалд төр, засаг анхаарлаа хандуулж буйг ард иргэд талархалтайгаар хүлээн авах нь дамжиггүй. Манайд хар тамхи, архинд донтсон хүмүүсийг эмчилдэг, судалгаа хийдэг гэх хүмүүс, төрийн бус байгууллагууд олон байдаг. Хар тамхи, архинд донтох өвчин, бусад төрлийн мансуурал нь сэтгэл-мэдрэлийн өвчин юм. Ийм учраас олон улсын өвчний ангиллын РХ бүлэгт багтдаг юм. Өвчнийг СЭМС-ын нарийн мэргэжлийн эмч оношилдог, эмчилдэг, судалдаг эрх зүйн үндэслэлтэй байдаг. Гэтэл энэ чиглэлийн мэргэжилгүй, мэргэжлийн бус төрийн бус байгууллага, хүмүүс элдэв мансуурал их байгааг далимдуулан олон хүнийг оношилж, эмчилсэн, судалсан гэсэн ташаа мэдээлэл бий. Хар тамхи, архинд донтох өвчин бусад төрлийн мансуурлыг хамтад нь иж бүрнээр нь авч үзэх нь зүйтэй. Иймд дараах арга хэмжээг давын өмнө авах хэрэгтэй байна. Үүнд:
1. Холбогдох хөтөлбөр, хууль эрхийн актуудыг УИХ-аар яаралтай, батлан хэрэгжүүлэх
2. Засгийн газрын дэргэд хар тамхи, архидан согтуурал бусад мансууралтай тэмцэх бүхий л ажлыг удирдан чиглүүлэх, зохион байгуулах, орон тооны бус үндэсний хороо байгуулан, хариуцах эзэнтэй болгох
3. Мансуурлын эсрэг (хар тамхи архинд донтох өвчин...) ажилладаг гэх төрийн бус байгууллагуудыг аттестатчилж, уялдаа холбоог нь сайжруулж, мэргэжлийн чиглэлтэй болгон цэгцэлж, урьдчилан сэргийлэх, эмчлэх сургалт, сурталчилгааны ажилд зохион байгуулалттайгаар оролцуулж, системтэй зохион байгуулах
4. Хар тамхи, мансуурлын бодис нарийвчлан тодорхойлох, хилээр орж гарч байдаг хар тамхины төрлийн болон синтетик бодис зэргийг мэдрэх, өндөр нарийвчлалтай лабораторитой болох
5. Хар тамхины чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэх мэт асуудлыг хөтөлбөр, хуульд тусган хэрэгжүүлбэл зохионо.
СЭМС-ын тэргүүлэх зэрэгтэй эмч Н.ДОНРОВ

Сэтгэгдэл (1)
Hujaa (59.153.115.41)
Mongolchuud arhiaraa ch bolov delhiid terguulj bgad bayar hurgie chin setgeleesee ki ki kib