ОУВС-гийн хөтөлбөр монголчуудын хувьд гар хүрэх ганц гарц

 

        Энэ мөчид УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвөө тодотгочихвол ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах гарц нээлттэй болох учиртай.  Эдийн засгийн салбарт ирж буй сайн дохио мэдээнүүд энэ хөтөлбөрт хамрагдах тохиролцооноос эхэлж хөвөрсөн. 2017 оны хавар дампуурч магадгүй гэсэн прогнозоор олон улсын хэмжээнд төсөөлөгдөж байсан Монгол руу гадаад ертөнц итгэлийн нүдээр эргэж харах шалтгаан нь энэ ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр болсон юм. Үүний араас олон олон зээлийн шугам нээгдэж хөрөнгө санхүүгээр ангаж байсан эдийн засгийн хөрсийг гандаж хатах эрсдэлээс хамгаалах боломжтой болж байна. Үүнийг дагаад төсвийн тогтвортой байдал бий болж, өрийн дарамт тоорхой хэмжээгээр хөнгөрнө. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийн агуулга нь Монголын эдийн засгийг сэргээж цаашдын бодитой өсөлтийг хангах явдал бөгөөд үүний тулд  төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг чангатгах, Монголд тулгараад байгаа өрийн дарамтыг хөнгөлж, бүтээн байгуулалтад  хэрэгтэй байгаа мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм.

 

Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан 2 төрлийн хөтөлбөрийг нийт 5 удаа авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, “Стэнд-Бай хөтөлбөр”-ийг 1991, 2009 онуудад 2 удаа, “Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр”-ийг 1993, 1997, 2001 онуудад 3 удаа авч хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилсэн. Нийт амласан зээлийн 70.3 хувийг ашигласан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2009 оны “Стэнд-Бэй” хөтөлбөрийн ашиглалт 80 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт юм.

 

Хэрэв та санаж байвал 2008 оны сүүлээр дэлхийн эдийн засгийн ужгирсан хямрал, манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ огцом буурснаас үүдэж гадаад худалдааны болон улсын төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэж улмаар төгрөгийн ханш гурван сарын дотор 40 хувиар унаснаар улсын гадаад өр ихээхэн нэмэгдэж байсан хүнд үед бид тус байгууллагатай хамтран ажиллаж “Стэнд-Бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай.

 

Ний нуугүй хэлэхэд, манай улс сүүлийн 26 жилийн хугацаанд санхүү, эдийн засгийн хүндрэлд өртөхөөрөө ОУВС-г санаж, туслахыг гуйдаг бол эдийн засгийн өсөлт өндөр, улсын төсөв сайн, орлого ихтэй үедээ тус байгууллагыг мартаж зарим талаараа эдийн засгийн буруу бодлого явуулах, хөрөнгө мөнгөө эдийн засгийн үр ашиг багатай нийгмийн төсөл, хөтөлбөрүүдэд замбараагүй цацах үзэгдэл давтагдаж иржээ. Харин “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж сайхан үг байдаг шиг бид эдийн засгийн хүндрэлд орсон үед бусад ямар ч улс орон, хандивлагч байгууллагуудаас илүү ОУВС гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хамгийн түрүүнд бидэнд туслахыг эрмэлздэгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.

 

Гэхдээ энэхүү хөтөлбөрт хамрагдах яриа хэлцэл амаргүй байсан. Үүнд нэлээдгүй цаг хугацаа  хүч хөдөлмөр зарцуулсан гэдгийг Засгийн газрын тэргүүн нэгэнтээ онцолсон нь буй.  Түүнчлэн “хөгжим захиалагч” нь ОУВС учраас өөрийн гэсэн нөхцал шаардлага бас бий. Тухайлбал, зарим төрлийн татварыг нэмэх, халамжийг зөвхөн зорилтот бүлэг рүү чиглүүлж танах, тэтгэврийн насыг нэмэх гэхчлэн. Энэ нь зарим нэгэнд таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн биднийг дага гэсэн тулгалт бас биш. Үүнийг монголчууд өөрийн бодлого чиглэл, онцлогтоо тохируулан хэрэгжүүлнэ. УИХ-ын  хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Татварыг нэмэх асуудлыг иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн хийнэ” гэдгээ илэрхийлсэн. Ямартай ч татварын нэмэгдэл иргэдийн амьдралд нөлөөлөхгүй гэдгийг эрх баригчид хэлж буй. Тэтгэврийн насыг цаашлуулж нэмэх тухайд гэвэл энэ бол тэртэй тэргүй дэлхий нийтийн чиг хандлага. Энэ шийдэл рүү  монголчууд хүссэн хүсээгүй орох нь тодорхой бөгөөд өмнөх засгийн үед ч хүчтэй яригдаж байсныг санаж байгаа байх.

 

ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжснээр эхний ээлжинд валютын нөөц нэмэгдэж энэ хэрээрээ  үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарна. Ихэнхдээ импортоос хамааралтай манай эдийн засагт энэ чухал. Үнийн өсөлтийг сааруулж яваандаа тогтворжих боломж нээгдэнэ. Тохиролцоо ёсоор ОУВС  валютын ханшийг тогтворжуулахад зориулж  450 сая ам. доллар цаашлаад 1,5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэж буй. Үүний араас Япон, Турк, ОХУ. БНХАУ зээл тусламж үзүүлэх боломжтойгоо илэрхийлж, тодорхой тоо баримт бүхий зээлийн хэлцэлүүд явагдаж байна.

 

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь 3 жилийн хугацаатай бөгөөд хүрээнд ОУВС-аас 441 сая гаруй ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийн зориулалтаар олгох юм.

 

Энэхүү хөтөлбөр нь бүтцийн алдаанаас хамаарч төлбөрийн тэнцлийн хүндрэлд орсон болон эдийн засгийн өсөлт сул, төлбөрийн тэнцлийн сул байгаа улсуудад зориулагдсан бөгөөд бусад хөтөлбөрийг бодвол илүү урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олгодог онцлогтой.

 

Бусад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага, Япон Улс, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас хөтөлбөрийн хүрээнд нийт 3 тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг болон төслийн санхүүжилтийн зориулалтаар, БНХАУ 15 тэрбум юанийн свот хэлэлцлийн хугацаагаа сунгах замаар дэмжиж хамтран ажиллана.

 

Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар байна. Үүнд:

 

        Төсвийн тодотголын хүрээнд

 

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын төсөлд төсвийн алдагдлыг ДНБ-ий -10.6 хувь буюу 2017 оны батлагдсан төсвийн түвшнээс -365.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нөгөөтээгүүр ОУВС-н “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнд Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр 135.2 тэрбум төгрөгөөр буурч байгааг дурдах нь зүйтэй болов уу.

 

Үүнтэй зэрэгцээд энэ хөтөлбөрт хамрагдах нь зөв эсэх талаар олон нийтийн дунд янз бүрийн байр суурь байгаа ч дийлэнхи нь дэмжиж байгаа дүр зураг харагдаж байна. Эдийн засаг ингэтлээ хямарсан үед хамгийн оновчтой бөгөөд гар хүрэх ганц гарц гэвэл энэ хөтөлбөрт хамрагдах явдал гэдгийг ихэнх эдийн засагчид онцолж байгаа. Тэд үүнээс өөр оновчтой арга зам олж харахгүй байгаагаа илэрхийлдэг.

 

Нөгөө талаасаа энэ хөтөлбөрт хамрагдснаар төсвийн сахилга хяналт сайжирна гэдэгтэй иргэд бараг 100 хувь санал нэгдэж байна. Учир нь ОУВС-гийнхан “Төсвийн сахилга батаа сайжруулж зарлагаа орлоготойгоо уялдуулж чадсан тохиолдолд дэмжлэг үзүүлье” гэдгээ илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийг нэг талаас нь хариуцлага хяналт гэж харж болохоор байгаа.  Өргөтсөн хөтөлбөрийг дэмжих өөр нэг шалтгаан нь  гадаад зээлийн хувьд  нэг улсаас хэт хараат байдалд оруулахгүй байх боломж юм. Тухайлбал, манай улс ихэнхдээ БНХАУ-аас своп хэлцлээр дамжуулан зээл авдаг. Энэ нь нэг улсаас хэт хараат байдалд оруулах аюултай. Харин ОУВС-ийн хөтөлбөр нь Монгол Улсыг зээлийн  ганц зах зээлээс хамааралгүй болгож либералчилж өгч байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл олон талт эх үүсвэрээс зээл авах боломж бүрдэж байна.  

 

Монгол Улсын зээлжих зэрэглэл, төлбөрийн чадвар буурсан энэ үед гаднаас зээл авахад маш өндөр хүүтэй байгаа. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах  нэг шалтгаан мөнөөс мөн. Хөтөлбөрийн манай эдийн засагт авчрах үр өгөөжийг энэ мэтээр илэрхийлж болно.

 

Тэртэй тэргүй дэлхий  ертөнц глобалчлагдаж, харилцан хамааралтай болсон энэ цаг үед дэм дэмэндээ гэдэг зарчмаар улс орнуудын хөгжил урагшилж байгаа.  Санхүүгийн өргөтгөсөн энэ хөтөлбөр мнголчуудын хувьд  хуучин танил. 2009 онд  “Стэнд бай”-г хэрэгжүүлж 2010-2012 онд эдийн засаг 17,5 хувь хүртэл өсч байсан сайхан “дурсамж бидэнд бас  бий. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгэнтээ “Зарим хүмүүс ОУВС-г дайсан орж ирэх гээд байгаа юм шиг л ярих юм. ОУВС бол айгаад байх дайсан биш ээ, Монгол Улс өөрөө ОУВС-ын гишүүн орон шүү дээ” гэж хэлж байсан. Тэгэхээр ОУВС-г гишүүн орондоо “тэвдсэн цагт нь тэмээгээр тусалж байна” л гэж хармаар байна.

 

П.Булган 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)