Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн олонх нь 15-24 насныхан

 

        Өнгөрсөн онд улсын хэмжээнд 28 төрлийн 69663 халдварт өвчний тохиолдол гарчээ. Үүнээс бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол 14964 бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 21.5 хувийг эзэлсэн гэсэн үг. Бэлгийн замаар дамжин халдварладаг өвчлөлийн 29.2 хувийг заг хүйтэн, 41.4 хувь нь тэмбүү, 29.2 нь трихомониаз, 0.2 хувийг ХДХВ-ийн халдвар байжээ. Нийт өвчлөгсдийн 42 хувийг 15-24 насны залуучууд эзэлсэн гэсэн таагүй мэдээлэл ч байна. Дээр дурдсан тоо баримтыг “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд анагаахын эмэгтэй эрдэмтдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурлын үеэр танилцуулсан юм. Эрдэм шинжилгээний хурлыг энэ удаа “Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” уриан дор зохион байгуулж байна. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн лөгч Наоми Китахара болон ДЭМБ- ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт У тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг чуулганыг нээж үг хэлсэн. Тэрбээр Анагаахын эмэгтэй эрдэмтэд анхдугаар чуулганаараа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон, зөв зүйтэй арга хэмжээ болж байна. Монгол Улсын Засгийн газраас 2017 онд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа. Эдгээр бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа сайжирч, халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, тандалт, хариу арга хэмжээний тогтолцоо үндэсний хэмжээнд бий болж байгаа хэдий ч тулгамдсан асуудал байсаар байгаа юм. Тиймээс эрдэмтэд та бүхэн энэхүү асуудалд анхаарлаа хандуулан өөрсдийн оюун ухаанаа уралдуулж хамтран ажиллах гэж байгаад ЭМЯ талархан хүлээн авч байна” гэв.

 

М.Мөрөн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)