“Энигма” компани замын ажлыг гацаалаа
- 2017-09-07
- Нийгэм
- 0

Богдхан ууланд аялал, жуулчлалын зориулалттай барьж буй автозамын ажил зогсонги байдалд орлоо. Ажлын явц өнөөдрийн байдлаар 65 хувьтай байгаа ч “Энигма” компаниас болж зогссон байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Богдхан уулын дархан цаазат газарт аялал, жуулчлалын зориулалттай 2.5 км автозамыг барихаар төлөвлөсөн. Богдхан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын гурван чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэл юм. Амралтын өдөр энэ чиглэлд 5000-10000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. Тус замыг 1975 онд барьсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй, мөн тохижилтгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, гал түймэр гаргах зэрэг зайлшгүй шалтгааны улмаас зориулалтын автозам барьж, орчныг тохижуулах шийдвэр гаргасан. Нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аялал, жуулчлалын замын эхний гурван га газарт нийт 264 автомашины зогсоол, дугуйны 60 зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч авто зогсоол барих талбайн 1.1 га газрыг эзэмшигч “Энигма” ХХК-ийн охин компани болох Монголын Үндэсний их сургууль, Универсал политехник коллежийн удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхбат маргаан гаргаж, тухайн ажлыг зогсооход хүргэсэн.
“Энигма” ХХК охин компаниудын хамт Богдхан уулын амны 45 га газрыг таван жилийн хугацаатай ашиглалтын гэрчилгээгээр эзэмшдэг бөгөөд нийтийн эзэмшлийн авто зогсоол барих Засгийн газрын тогтоол, БОАЖ-ын сайдын тушаал, нийслэлийн ИТХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэр бүхий газрыг чөлөөлөлгүй, өөрийн харьяа Монголын Үндэсний их сургуулийн оюутнуудыг турхиран эсэргүүцэж, төрийн ажлыг гацаагаад байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)