Хэлмэгдүүлэлтэд өртсөн 31 мянга гаруй хүнийг цагаатгажээ
- 2017-09-08
- Нийгэм
- 0

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд хүргэх зорилгоор “Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явууллаа. Тус комиссоос мэдээлэхдээ 1937-1938 оны үед бүрэн бус тооцоогоор 37 мянга орчим хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн бөгөөд 1939 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 31220 хүнийг цагаатгаад байгаа гэв. УИХ- аас 1998 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай “ хуулийг баталснаар цагаатгах ажлын эрч далайц нэмэгдэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах ажилд тодорхой ахиц дэвшил гарах эрх зүйн үндэс бүрджээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ,тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 19 жилийн хугацаанд уг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18 мянга гаруй иргэнд 16,4 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор , мөн хуулийн 23 дугаар зүйд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр 361 иргэнд орон сууц болон түүнтэй дүйцүүлсэн 3,3 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг төр засгаас олгоод байгаа юм байна. Эрдэм шинжилгээний бага хуралд төр захиргааны байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож олон сонирхолтой илтгэлийг тавьсан бөгөөд тэд Монгол улсын түүхэнд гарсан энэхүү аймшигт хэлмэгдүүлэлт дахин хэзээ ч давтагдах ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм.
Ж.Батдорж

Сэтгэгдэл (0)