Шантрахгүйгээр хайвал ажлын байр байна

 

“Өдөр бүр зарын сонин гарчиглаж, хийж болох бүх л ажлыг хайдаг. Хэдэн ч удаа хэчнээн ч компани руу залгасан юм, бүү мэд. Тоогоо алджээ. Олонх нь “залуу хүн ажилд” авна гэж хэлээд утсаа салгачихдаг. Гэсэн ч эгч нь шантрахгүй ажил хайсаар хоёр жил болж байна” хэмээн 45 настай Я.Цэцэгдэлгэр эгч ярив. Тэрбээр “Хамтдаа-миний ажлын байр” захиалгат ажлын байрны өдөрлөгт иржээ. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын байрны өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байгаа аж. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Pro HR Consulting” ХХК, “Шинэ хөгжлийн түлхүүр” хөдөлмөрийн биржтэй хамтран “Хамтдаа-миний ажлын байр” өдөрлөгийг Мэдээлэл технологийн үндэсний паркад өнгөрсөн амралтын үзүүлөдрүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр үндэсний томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн ажлын байранд иргэдийг бүртгэж, зуучлах үйлчилгээг үзүүлж, мэргэшсэн хүний нөөцийн зөвлөхүүд иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгөв.

Харамсалтай нь энд Я.Цэцэгдэлгэр эгч шиг ажил хайж буй иргэн цөөн байв. Өдөрлөгийн талаарх мэдээллийг муу тарааснаас хүмүүс ирээгүй юм болов уу гэж бодтол үгүй. Өдөрлөгийг зохион байгуулагчид 30 минут тутамд фэйсбүүкээр мэдээлэл тарааж байв. Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрынхан өмнөх өдөр нь телевизээр хангалттай мэдээлэл тараасан гэв. Ажиллах хүчний судалгааны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 131.8 мянган ажилгүй иргэн байгаагаас 29.1 мянга нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлжээ. Эндээс манай улсын ажилгүй иргэдийн олонх нь ажил хайх оролдлого хийдэггүй нь харагдана. МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Л.Оюуны хэлснээр ажилгүйдлийн төвшин 2-3 хувь байх нь хэвийн аж. Гэтэл манайд түүнээс 3-4 дахин их буюу 9.1 хувьтай байна. Манай улсын хүн амын 35,5 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд 55 хувь нь хөдөлмөрийн насных байдаг. Судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд жилд гуч гаруй мянган оюутан дээд боловсрол эзэмшиж төгсдөг ч 20 орчим хувь нь ажилд ордог байна. Мөн их дээд сургууль төгссөн залуус мэргэжлийнхээ ажилд ороход дунджаар 2.6-3 жилийг зарцуулдагтухай “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл 2016”-д дурджээ.

100 ГАРУЙ ИРГЭН БҮРТГҮҮЛЛЭЭ

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Долгорсүрэн “Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон таван аж ахуйн нэгж байгууллагын 400 орчим ажлын байрны захиалгад иргэдийг бүртгэв. Мөн хамтран зохион байгуулагч “Pro HR Consulting” ХХК, “Шинэ хөгжлийн түлхүүр” хөдөлмөрийн бирж 70 гаруй ажлын байранд сонгон шалгаруулалт хийж, бүртгэл зуучлал, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Эхний өдрийн байдлаар 100 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан. Энэ удаагийн өдөрлөгийн давуу тал нь иргэдээс зөвхөн анкет авч, бүрдүүлэлт хийхгүйгээр анхан шатны ярилцлагад шууд орох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Тиймээс тэнцсэн нь ажил олгогч байгууллагынхаа удирдлагатай шууд уулзах боломж бүрдэж буй юм. Шаардлагад одоогийн байдлаар арав орчим иргэн тэнцсэн. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын нээлттэй ажлын байранд өнөөдөр/уржигдар/ 70 гаруй иргэнийг бүртгэсэн байна” гэлээ.

ЗАЛУУСЫГ ДАДЛАГАЖУУЛЖ АЖИЛД АВНА

Хүний нөөцийн “Pro HR Consulting” ХХК-ийн захирал Б.Анхбаяр “Манай компани иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх, ажлын 70 гаруй байрандаа сонгон шалгаруулалт хийх зорилготойгоор өдөрлөгт оролцож байна. Мөн удирдах албан тушаалтны захиалгад ажил горилж буй иргэдтэй уулзах, ажлын санал тавих гэж ирсэн. Энэ хүрээнд залууст СV бичих, ажлын ярилцлагад ороход анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж байна” гэсэн бол “Monpolyment” компанийн хүний нөөцийн мэргэжилтэн С.Долгор “Манай компани англи, хятад хэлний орчуулагч, механик инженер, удирдлагын өрөө болон оператор, ковшийн оператор, цахилгааны инженер, хуульч, тогооч, цэвэрлэгээний туслах ажилтан, тооцооны нягтлан бодогч зэрэг ажлын байрт бүртгэж байна” гэлээ. “Орчлон” констракшны хүний нөөцийн мэргэжилтэн Б.Бадамханд “Ажил хайж буй иргэдтэй шууд харилцах зорилгоор өдөрлөгт оролцож, зөвөлгөө мэдээлэл өгч байна. Манай компанид нээлттэй ажлын байрны 11 орон тоо байна. Тухайлбал, барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан инженер, зургийн инженер, барилгын эдийн засагч, цахилгаан, маркетинг хариуцсан менежер зэрэг ажлын орон тоо бий. Бид ажлын байрандаа тодорхой шалгуур тавьж байгаа ч мэргэжлээрээ ажиллах хүсэл зорилготой дөнгөж сургуулиа төгссөн залуусыг дадлагажуулж авна” гэв.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)