Туулын хар шугуй төмөр хашаа, цементээр дүүрлээ

 

 “Монголын нууц товчоо”-нд Туулын хар шугуйд ямар тэмдэглэлт, түүхэн үйл явдал дүрслэгдэн үлдсэнийг манай уншигчид тод санаж байгаа. Хар шугуй гэх нь битүү мод буттай байсныг илтгэж буй юм. Бургас улиас, төрөл бүрийн модод шивээлэн ургасан хатан Туулын тэр сайхан шугуй өнөөгийнхөнд өнгө, үзэсгэлэнт төрхөөрөө өвлөгдөн ирсэн билээ. Гэтэл өнийн юм ул болж, өөрчлөгдөн уруудаж доройтохыг үзэх үйл лай бидэнд нүүрлэх нь. Богд уулын араар хатуу хучилттай дардан зам тавьснаас хойш гол талын мод бутыг хайр найргүй хядаж, булан тохой, сөөм газар бүрийг хашаалж “хамгаалах” боллоо. Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх хар замаар явбал Та Туулын хар шугуй яаж сүйдэж, хашаалсныг харах болно. Хашихдаа хамгаалах сайхан сэтгэлээр бус бургас бутыг хядаж, цементлэн юухан хээхэн барьж буй нь анзаарагдана. Тун саяхан Чингисийн дүр бүхий толгойн баруун доод талд, сул задгай байсан тохойг нэлд нь хашжээ. Тэр том хашаа татахад ямар их төмөр, мөнгө орсныг тооцохуйя бэрх. Баячууд багтаж ядсан мөнгөөрөө юугаа хийх нь бидэнд юуны хамаа. Ганцхан зүйлд сэтгэл эмзэглэнэ. Тэр сайхан тохойн мод бутыг хяргаад цементэн “ширэнгэ” босгоно гэхээс гол харлана. Жирийн иргэдэд олгох газар хотын төв бүү хэл алсхнуур ч олдохгүй байхад мөнгөтэй хүмүүс байгалийн үзэсгэлэнт, ой мод, ус ургамал тэгш газрыг “өмчлөн” ийн сүйтгэж байгаад нүдэн балай, чихэн дүлий суух дээд төвшнийхийг юу ч гэх билээ. Галдан бошигтын “Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үгийг үргэлж санан “Хатан Туулдаа халдсан хэнийг ч өршөөхгүй” хэмээн чанга хэлээд түүнээ ажил хэрэг болгочих тийм зүрх зоригтон хаана явна вэ.

Н.БӨХДАМБИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • цемент (103.57.95.108)

    2017-09-24

    хөрс усны цикл байхгүй болж ус л ширгэнэ дээ

  • Зочин (124.158.112.31)

    2017-09-24

    архичин гэр оронгүйчүүд ихээр хоноглож архиа даахгүй үхдэг учраас үхлийн шугуй гэж нэрлэх болсон "Үхлийн шугуйгаас-Бөө-гийн овоо хүртэл 500 га газар цагаан төмөр хашаагаар хааж хашаалж авсан эзэнг Миеэгомбо овогтой Энхболд гэнээ