Хүүхдийн сурах эрхийг зөрчсөөр байх уу

Хичээлийн шинэ жил эхлээд сар болоогүй байхад багш нар хоёр ч удаа ажил хаялт зарлалаа. Тодруулбал, багш нар дэлхийн жишигт нийцүүлж, цалингаа 1.6 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд буй. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэх чиглэлд ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл багш нар үүнийг хангалтгүй гэж үзэж удаа дараа ажил хаяв. Багш нар эхний удаа сануулах байдлаар ажил хаялт зарлаж,сурагчид хоёр өдөр хичээлдээ явж чадаагүй. Сурагчид хичээл тасалбал багш нараасаа банга хүртэж, зэмлүүлнэ. Гэтэл багш нар өөрсдөө үе үе ажлаа цалгардуулж, нийгмийг бужигнуулж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт зарласан ажил хаялтад улсын хэмжээнд 654 сургуулиас 384, 867 цэцэрлэгээс 286 нь оролцсон. Харин энэ сарын 26-нд зохион байгуулсан ажил хаялтад дээрх тоо нэмэгдэж нийт сургууль, цэцэрлэгийн 80 орчим хувь нь нэгдсэн. Хэрэв багш нар Засгийн газартай тохиролцож чадахгүй бол ирэх сарын 10- наас хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна. Багш нарын нийгмийн асуудал чухал. Тийм учраас тэдний цалин бага, нэмэгдүүлэх шаардлагатайг аль аль талдаа хүлээн зөвшөөрдөг. Угтаа бол багш нарын цалинг нэмэгдүүлэхгүй гээгүй, нэмэх боломжгүй гэсэн хариулт Засгийн газраас өгчихөөд байгаа. Шалтгаан нь ОУВС-гийнхны тавьсан болзолтой холбоотой. Гэтэл энэ асуудлыг багш нар ойлгохыг хүсэхгүй байна уу, эсвэл ойлгосон ч хамаагүй гэж үзэв үү. Дөргүй бух шиг зүтгэж хэд хэдэн удаа ажил хаялаа. Үүний цаана хүүхдүүдийн сурах эрхийг зөрчиж, хичээл нь хоцрогдоход хүрчээ. Ямар нэгэн тэмдэглэлт баяр ажлын өдөр тохиоход тухайн өдөр бүх нийтээр амарчихаад дараа нь тэр өдрийн хичээлээ нөхөж ордогсон. Гэтэл энэ удаа багш нар энэ талаар үг цухуйлгахгүй байгаа нь харамсалтай. Цаашлаад хэрвээ багш нар хугацаагүй ажил хаялт зарлах нөхцөл байдал үүсвэл эцэст нь сурагчид хохирох нь мэдээж. Эдийн засаг хүнд, төр засаг тогтворгүй байхад ажил хаяж байгаа нь багш нарын ёс зүйд хэр нийцэж байгааг бодох л хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цалинтай харьцуулахад багш нарын авч байгаа цалин тийм ч чамлахааргүй. Зөвхөн багш нар л цалингийн зээлтэй, авсан хэдэн төгрөг амьдралд нь хүрэлцдэггүй, өрөнд баригдсан гэдэг нь ташаа ойлголт юм. Шударгаар хэлэхэд, тэд ямар нэгэн баяр болоход хоолны мөнгөөр тасардаггүй. Хонхны баяр, багш нарын баяр гээд өөрсдөд нь хамааралтай тэмдэглэлт баяр ёслолоор эцэг, эхчүүдээс багагүй бэлэг сэлт авдаг нь худлаа биш. Гэтэл өнөө маргаашгүй цалин нэмэх шаардлага тавьж, нэмэх нэмэхдээ бодит байдлаас тасарсан тоо нэхэж ажил цалгардуулах боллоо. Хэрэв Засгийн газартай тохиролцоонд хүрэхгүй, хугацаагүй ажил хаяхад хүрвэл сургалтын программд гажуудал үүсч, улирлын амралт, улсын шалгалтын тов ч өөрчлөгдөж болзошгүй зэрэг сөрөг үр дагавар гарахыг эрх биш багш нар гадарлаж баймаарсан.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)