Ц.Ганхүү: Газар өмчлөл эзэндээ ашигтай байх ёстой
- 2017-09-30
- Улаанбаатар
- 4

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой газрын харилцааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.ГАНХҮҮТЭЙ ярилцлаа.
-Монгол Улс өргөн уудам газар нутагтай боловч хүн амын бараг тал хувь нь нийслэлдээ багтаж ядан амьдардаг. Ер нь нийслэлийн хилийн дээсийг хаагуур тогтоож, хотынхон хэдий хэмжээний газар нутагт амьдардаг юм бэ?
-Нийслэлийн иргэд бид 470 мянга га нутаг дэвсгэрт амьдарч байна. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувьтай тэнцэнэ. Уг нь улс орны хэмжээнд хүн амын суурьшлын бодлогод баримтлах хоёр чухал хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд иргэдээ жигд байршуулах. Хоёрдугаарт, хүн ам зүйн бодлого буюу бүс нутгийг хөгжүүлэхэд анхаарах ёстой юм. Гэтэл одоо нийт хүн амын тал хувь нь багахан газарт төвлөрчихөөд өргөн уудам нутаг маань эзэнгүйдэх тал руугаа яваад байна. Үүнийг засч залруулахын тулд шинэ Засгийн газраас баримтлах, хэрэгжүүлэх гурван том бодлогын баримт бичгийг боловсруулж гаргахаар ажиллаж байгаа юм. Тухайлбал, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчилнэ. Энэ төлөвлөгөөг 2003 онд баталж гаргасан. Үүнийг дөрвөн жил тутамд шинэчилж, Засгийн газрын бодлого шийдвэртэйгээ уялдуулан явах учиртай юм. Гэтэл дээрх оноос хойш гар хүрэлгүй явсаар ирснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын удирдлага дор бид “барьж аваад” байна. Үүнд Монгол Улсын газар нутагт ямар эрдэс баялаг байна, түүнийг дагаад дэд бүтцийг хэрхэн хөгжүүлж, тэр бүс нутгийн ард иргэдийг яаж амьдруулж, хөгжүүлэх гээд олон талын мэдээлэл судалгаанд суурилсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаа юм. Дараагийнх нь Хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төлөвлөгөө гэж баримт бичиг байна. Энэ ажлыг манай яам зангидаж бид хийх юм. Гурав дахь нь, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал. 2003 онд баталсан төлөвлөгөөгөөр найман бүсэд хуваасан байдаг. Ойролцоо байршилтай аймгуудыг нэг бүсэд нэгтгэж, тухайн бүс нутгийн давуу талыг ашиглахад чиглэсэн бодлогын бичиг баримт л даа. Үүнийг Үндэсний хөгжлийн газраас боловсруулж гаргана. Товчхондоо, бүс нутаг бүр өөрийн давуу талыг ашиглаж хөгжинө гэсэн үг.
-Улс орны хэмжээнд бодлогын ийм баримт бичгүүд боловсруулж байгаа юм байна. Нийслэлийн хувьд энэ ажил ямар чиг хандлагатай явах вэ. Таны нийслэлийн Засаг даргатай үзэглэсэн гэрээ үүнд чиглэж байгаа байх?
-Өнгөрсөн сонгуулиар байгуулсан Засгийн газар, нийслэлийн удирдлагын мөрийн хөтөлбөрт тусгасан газар түүний зохион байгуулалттай холбоотой ажлыг төлөвлөж, түүнийгээ гэрээ болгон баталгаажуулсан юм. Манай улсын газар нутаг нэгдмэл болохыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид тодотгосны дагуу түүнийг ашиглах, өмчлөх бүхий л үйл ажиллагааг зөв зохицуулалтад оруулах нь зайлшгүй чухал. 2002 онд баталсан Газрын тухай хууль түүнийг дагалдсан дөрвөн багц хуулийг өөрчилж, шинэчлэх талаарх яриа миний мэдэхээр дөрвөн ч сонгуулийн нүүр үзэж байна. Тиймээс бид энэ алхмыг хийхээр ажиллаж эхэлсэн. Нөгөө талаар газар өмчлөлийн асуудал 2003 оноос хойш улс төрийн зорилгоор явж байлаа. Тухайлбал, инженерийн газар доорх дэд бүтэц, үерийн аман дээр барилга байшин барих ч юм уу гэрээ буулгачихаад сонгуульд эсрэг санал өгнө гэж айлгаад байдаг. Засаг барьж байгаа нам нь арга буюу газар ашиглах, эзэмших зөвшөөрөл олгочихдог ийм явдал зөндөө байсан. Үүнээс болоод хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө алдагдахад хүрч байна.
-Нийслэлд томоохон төвүүд байгуулна гэж төлөвлөсөн байдаг. Энэ хэр хэрэгжиж байгаа вэ?
-Ийм төлөвлөгөө бий. Тэдгээр төвийг төлөвлөсөн газраа барих гэхээр дэд бүтэц нь байдаггүй. Түүнийг нь бариад байгуулчихъя гэтэл айл өрхийн газрыг чөлөөлөх шаардлага гардаг. Гэтэл манайд үүнд зориулсан хууль эрх зүйн орчин хомс. Иймээс газрыг нийтийн хэрэгцээнд зориулан нөхөн төлбөртэйгөөр нийслэлийн мэдэлд авах хуулийн төслийг боловсруулж эхэллээ. Мөн Орон зайн мэдээллийн тухай хуулийн төслийг бэлдэж байна. ОХУ-д ийм хуулийг өнгөрсөн жил баталсан. Бид бүх аймаг, сумыг кадастрын мэдээллийн сантай болгож, LM буюу ланд менежер гэдэг программыг ашиглан нэгдсэн сүлжээнд оруулж байна. Харин нийслэл маань энэ ажлаас хоцорчихоод байгаа юм. Тиймээс үүнийг бид аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд хоттой хамтран ажиллана. Нийслэлийн газрын кадастрын тийм бүрэн зураглалтай болчихвол хаягжуулалтыг шинээр хийж, цэгцэлж авмаар байгаа юм. Уг нь 2013 онд Хаягийн тухай хуулийг баталж хаягжуулах журам, стандартыг тогтоож өгсөн. Гэвч үүнийг хэрэгжүүлэх боломж алга. Яагаад гэхээр 2010 онд Койка олон улсын байгууллагын төслөөр хийсэн кадастрын зураг шаардлага хангахаа больж, координат зурагтайгаа тохирохгүй болсон байна. Үүнийг зөв хийгээд авбал олон талын ач холбогдолтой. Жишээ нь, хүргэлтийн бизнес эрхэлдэг “Али баба” компани маш нарийн хаягжилтын хүчинд л босч дэлхийд алдаршсан шүү дээ. Тиймээс нийслэлийн Газрын алба агаараас зураг авч, 1:1000-ын масштабтай кадастрын зураг хийж эхэлсэн. Мөн Улаанбаатар хотын хилийн цэсийг 1:5000 масштабаар боловсруулж байгаа.
-Геодези зураг зүйн ажил манайд ямар төвшинд явдаг юм бол. Ус зайлуулах далангийн аман дээр ч юмуу бүр уулын оройд, налуу газар гэр хашаагаа барьчихсан айлуудыг зурагжуулахад хэцүү л байдаг байх?
-Энэ ажил манайд орхигдсон гэж хэлж болно. Уг нь геодезийн зургаар тухайн обьект, айлын хашаа байшин далайн төвшнөөс дээш хэдэн метрт байрлаж байгааг тогтоож зурагт тэмдэглэдэг юм. Өмнөх Засгийн газрын үед нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл айл өрхөд цахимаар газар олгосон. Гэтэл кадастрын зургийг нь бүрэн гүйцэт боловсруулаагүйгээс айлууд гол, жалга, албан байгууллагын хашаанд ч буух болчихоод байна. Үүнийг цаашид явуулах боломжгүй. Тиймээс бид нийслэлд геодезийн алба байгуулж, аймаг бүрт энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгүүлэхээр МУИС-д хоёр жилийн түргэвчилсэн сургалт зохион байгуулж хүмүүсээ сургаж байна. Түүнээс гадна нийслэлийг Гойдо-ийн загварт оруулж байна. Энэ нь өндрийн хэмжээст загвар юм. Мөн Jic- ийн станц байгуулж, сансраас шууд мэдээлэл хүлээж авч байна. Одоогоор ийм станц улсын хэмжээнд 38 байгааг 65 болгох төлөвлөгөөтэй. Нийслэлд гурав байдаг юм. Эдгээрийг ашигласнаар кадастрын зураглалыг илүү нарийвчлалтай, бодитой бас өндрийн хэмжээстэй нь иж бүрэн хийдэг болох юм.
-Газар өмчлөлийн ажил удаашралтай байгааг байнга ярьдаг. Энэ нь юутай холбоотой вэ. Иргэдэд өмчлүүлэх газар олдохгүй байна уу эсвэл иргэдийн сонголттой холбоотой юу?
-Одоо ч 20 хүрэхгүй хувьтай л явна. Газар өмчлөх ажлыг 4-5 удаа сунгасан боловч ахиц муу байна. Сүүлчийнх нь 2018 оны тавдугаар сард дуусгавар болох юм. Хэдийгээр газар өмчлөлийн ажил дуусгавар болохын өмнөх онд иргэдийн идэвх сэргэдэг ч бодлогын төвшинд шийдвэртэй арга хэмжээ авмаар байна. Нөгөө талаар “иргэн бүрт...” гэснийг эргэн хармаар санагддаг. Ганц жишээ хэлэхэд, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг жилийн хугацаанд таван нас хүрээгүй 500 гаруй иргэн газраа өмчилж авсан байна билээ. Эцэг, эх нь хүүхдээ 18 нас хүртэл тэр газрыг хадгалаад байж чадах уу. Эсвэл өөр ямар нэг байдлаар ашигласан уу гэдэг нь эргэлзээтэй бас эмзэг асуудал. Уг нь газар өмчлөл нь түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эзэндээ ашигтай байхад л чиглэсэн арга хэмжээ шүү дээ. Нийслэлийн хувьд ийм газар нь тун хомс болчихсон юм билээ.
-Монгол Улсын иргэн нутаг орны харьяалал үл харгалзан хаана ч газраа өмчилж болно биз дээ?
-Хаана ч болно. Гэхдээ үүнтэй холбогдон хилийн цэсийн маргаан их гардаг. Одоогоор улсын хэмжээнд 4800 орчим маргаантай асуудал байна. Үүнийг цэгцлэхийн тулд бид аймаг, сумдын кадастрын зургийг нарийвчлан гаргаад тухайн ажил хариуцсан албан тушаалтанд хүргүүлж байгаа. Энэ бүхнийг нэг мөр болгосны дараа газрыг өмчлөх, дуудлагаар худалдахад ч элдэв маргаангүй, ил тод байлгах боломж бүрдэх юм. Бид газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах журмыг оны өмнө Засгийн газраар батлуулж, ашиглаад эхэлчихсэн. Саяхан Хэнтий аймагт очиж ажиллахад 54 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулсны 50 хувийг цахимаар явуулсан байна. Энэ мэтчилэн газар түүний зохион байгуулалт, өмчлөл, худалдааг цахимжуулж “шилэн” болгох гэж хичээж л байна.
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл (4)
hg (202.72.245.165)
manai uls irgedde za hotod baig gehed huduu ol irgen burt 1 ga gazar umchluuleh heregtei tegvel iim gazartai hunii tolgoi arai uuruur setgej tende yum hiih bolno,ternees umiisan 0.5ga gazartai hun tend chini yu hiih yum,neg jijig baishin jaahan ambaar bariad nuguu gazar ni duuschihdag uchraas,bas neg egnee ailuud hot huduugui urd ar talara gudumjtai bh yamar hereg bn, ar taliig ni hoid egnenii gudamtaiga niiluulvel ailiin gazar nemegdej olon gudamj tsuurch ashilalt ni saijrah olon tal haragdah yum
(66.181.160.60)
Gazar omchloh orgodol Haana ch avahgui olon jil bolj bnashde
irgen (62.167.114.16)
Manai uls shig irged ni duraaraa durtai zagdaa Hiisleldee ireed ger bariad suuchihdag us delhiid baihgui tiim huuli ch baidaggui, ter baitugai neg bysees nogoo bysed shiljih chin huuliar zohizuulagdaj baidag, baigaa bysyydee jigd hogjyyleh estoi busad oron shig bys bolgon ni hogjih estoi ter bysiin irged ch oorsdoo yyniigee hiih estoi, tor ni huulia barj ajillahgui baina. Gadnii zarim ornii bysyyd niisleleesee ilyy hogjiltei ornuud ch baina,,,,Odoo tord suugaa hymyys nydee neej, ajlaa hiij surahgui bol ulsiin ayulgui baidal aldagdaj baina,,,,meddeg hyn eroosoo alga, ihenh ni hodoonii hymyys yuch oilgohgui ger byleeree hotod shurgah l bodoltoi,,,,ter uls oron eroosoo tednii tolgoid alga !!!
irgen (62.167.114.16)
Manai uls shig irged ni duraaraa durtai zagdaa Hiisleldee ireed ger bariad suuchihdag us delhiid baihgui tiim huuli ch baidaggui, ter baitugai neg bysees nogoo bysed shiljih chin huuliar zohizuulagdaj baidag, baigaa bysyydee jigd hogjyyleh estoi busad oron shig bys bolgon ni hogjih estoi ter bysiin irged ch oorsdoo yyniigee hiih estoi, tor ni huulia barj ajillahgui baina. Gadnii zarim ornii bysyyd niisleleesee ilyy hogjiltei ornuud ch baina,,,,Odoo tord suugaa hymyys nydee neej, ajlaa hiij surahgui bol ulsiin ayulgui baidal aldagdaj baina,,,,meddeg hyn eroosoo alga, ihenh ni hodoonii hymyys yuch oilgohgui ger byleeree hotod shurgah l bodoltoi,,,,ter uls oron eroosoo tednii tolgoid alga !!!