Өвөлжилтийн бэлтгэл ажил 91 хувьтай байна
- 2017-10-04
- Нийгэм
- 0

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 91 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу аравдугаар сарын 20 гэхэд системийн хэмжээнд бэлтгэл ажил дуусна гэдгийг өчигдрийн өргөтгөсөн шуурхай хуралдаанаар онцоллоо. “Дарханы дулааны сүлжээ”, “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийж, аравдугаар сарын 5-ныг гэхэд дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангахад бэлэн болсон байна. Тус компаниудын дулааны шугам сүүлийн гурван жилийн турш аваарын горимд ажиллаж, өвлийн ачаалал давж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан. Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, Засгийн газарт асуудлыг танилцуулан шуурхай арга хэмжээ авсны дүнд энэ онд шугам сүлжээний шинэчлэл, засварын ажил хэвийн горимоор ажиллах болсныг танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс хэрэглэгчдийг дулаанд залгасан бөгөөд “Амгалан дулааны станц” ХХК аравдугаар сарын 2-ноос халаалтын улиралд оролцож эхэлсэн аж. Системийн хэмжээнд дулааны горим тохируулгын ажил дуусчээ. Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа ба эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн, төлөвлөгөөний дагуу явж буйг үйлдвэр, компанийн захирлууд танилцуулав. Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү “Харьяа бүх үйлдвэр компаниуд төлөвлөгөөний дагуу өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх ёстой. Нүүрсний нөөцийг 20 хоногт барьж, өвлийн улиралд болзошгүй саатлаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Иргэдийн гаргасан санал гомдлыг сонсч, шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэв.
У.ОД

Сэтгэгдэл (0)