Төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй гэв
- 2017-10-06
- Нийгэм
- 2

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг эргүүлэн татсан тухай дуулгалаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий -9.9 хувьд хүргэж баталснаар 0.5 хувиар сайжруулсныг Ерөнхий сайд онцлов.
2017 оны төсвийн тодотголд төсвийн давсан орлогоос 500 тэрбум төгрөгийг сургууль, эмнэлэг, аймаг, орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөх ёстой өр төлбөрийг барагдуулахад зарцуулах, 2017 оныг дуустал хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, ургац алдсан болон өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөхөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр заасан байна.
Түүнчлэн мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, махны үнэ тогтворжуулахад төсвөөс дэмжлэг үзүүлэх, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, гишүүдийн зүгээс төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн хүртээмж, санхүүжилтийг сайжруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хэрхэн хангаж байгааг илүүтэй сонирхож байлаа. Гишүүдийн асуултад Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн дараах хариултыг өгөв. Тэрбээр “Шулуухан хэлэхэд Засгийн газар ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар тохирсон. Өнөөдөр эдийн засаг хүнд, өрийн дарамттай байна. Нэг л удаа төрийн албан хаагчдын цалинг нэмбэл энэ нь дараагийн жилүүдэд тогтмол зардал болж хувирдаг. Засгийн газрын зүгээс эдийн засгаа сайжруулсны дараа төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэхээр шийдсэн. Харин ОУВС-гийн зүгээс зорилтот хэсэг буюу амьдралын төвшин доогуур орлоготой өрхөд олгодог хүнсний талоныхоо төсвийг нэмэх шаардлагатай гэж зөвлөсөн. Үүний дагуу төсвийн тодотгол хийхдээ зорилтот хэсгийн төсвийн зардлыг нэмсэн. Мөн энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул хадлан тэжээл бэлтгэхэд аймгуудад 4.5 тэрбум, улсын нөөцөд 4.4 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн. ХХААХҮЯ-д өвөлжилт хүндэрсэн үед өвс, тэжээл импортлоход зориулж 40 тэрбум, нийт 49.9 тэрбум төгрөгийг урсгал зардалд суулгалаа. Засгийн газар хүүхдийн мөнгөөр хууль зөрчөөгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард төсвийн тодотгол хийхэд 161.5 тэрбум төгрөг баталсан.
Одоогийн тодотголд суусан зардлыг баталбал он дуустал бүх хүүхдэд мөнгө олгоно. Ирэх онд хүүхдийн мөнгө өгөх эсэх нь дараагийн Засгийн газрын асуудал. Мөн татварын орлогыг тасалдуулсан салбар байхгүй. Салбар бүр төсвийн орлогоо нэмэгдүүлсэн. Ялангуяа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого хамгийн өндөр хувиар давсан нь бизнесийн салбар сэргэж байгааг харуулж байна. Төсвийн тодотголд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 72.6 тэрбум төгрөг нэмж суулгасан. “Барих-шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт, шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрийг барагдуулахад 139 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Энэ нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн концессийн төслүүдийн өр төлбөр юм.
Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Барих-шилжүүлэх” концессийн төслийг шинээр байгуулахыг таслан зогсоосон” гэж хариуллаа. Мөн гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг 30 хувиар нэмэхэд 54.5 тэрбум төгрөг шаардлагатай. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүний зохих хэсгийг салбарынханд урамшуулал олгоход зориулан үлдээх боломж бий” гэв. Харин ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хариулахдаа “Өвс тэжээлийг 60 гаруй хувьтай бэлтгэсэн. Зуншлага тааруу байснаас хадлан хадах талбай багассан.
Өнгөрсөн жилүүдэд жалга судгаас хаддаггүй байсан бол энэ жил бүгдийг нь хадсан. Сумд бэлтгэлээ сайн хангаж байна. Дутагдах өвс, тэжээлийг ОХУ-аас импортолно. Үнэ бага ч тээврийн зардал нэлээд гарахаар байна” гэлээ. УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ үеэр гишүүд тодотголтой холбоотой асуудлаар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Манай улс жижиг эдийн засагтай. Нэг жилийн дотор төсвийн орлого хэрхэн давж болдгийг харууллаа. Өмнө нь бид төсвийн орлого тасалдсан, алдагдал нь өссөн үед тодотгол ярьдаг байсан. Өнөөдөр бид эмч, багш нарын цалин нэмэх бололцоог сараар, жилээр нь алдсаар байна.
Улсын хэмжээнд 110 мянга орчим үйлчилгээний албан хаагч байна. Багш, эмч нарын төлөөлөлтэй уулзсан. Аргагүй зовлон ярьж байгааг шийдэх боломжтой. Шийдэх хүн нь энэ танхимд сууж байгаа 76. Улс төрийн эр зориг гаргаж чадвал хүсээд байгаа цалинг нь өгч чадна. Эдийн засгийн өсөлтийг нэг хувьд хүргэхэд улс оронд ямар их боломж үүсгэдэг юм бэ гэдгийг бид харлаа. Хүүхдийн мөнгө өгч болж байна. Багш нарын цалинг нэмэхэд 1.2 их наяд төгрөг шаардлагатай. Том тоо. Гэхдээ салбар дотор нь зохицуулах боломж бий” гэв. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Бид яах гэж тодотгол хийх гэж байна вэ. Тодотгол хийх гэж байгаа бол төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулах хэрэгтэй.
Түүнээс алдагдлыг нөхөх эсвэл олсон жаахан мөнгөө ийш тийш хуваарилах тухай асуудал биш юм. Гэтэл бид одоо бий болсон орлогоо хэрхэн хуваарилах вэ хэмээн мунгинаж сууна. Төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд байгаагүй алдагдал. Тиймээс тодотголд нухацтай хандах хэрэгтэй” гэв. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн ярьсан санал санаачлагыг дараагийн хэлэлцүүлэгт тусгаж оруулж ирэхийг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн төсвийн тодотголыг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.
М.ЭНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл (2)
Naraa (83.233.214.15)
Tetgevrin nasaa nemehee bolison deer bh shuu. OYBSaas bolj surug uzuulelt niigemd ih garch humuusig buhumguulj, yadyyryylj bn a
(83.233.214.15)
OYBS taalagdahgui bn a