Монголд Ерөнхий сайдаа томилж, Америкт халдлага болсон өдрүүд
- 2017-10-09
- Нийгэм
- 0

Өнгөрсөн долоо хоногийн голлох, олны анхаарал татсан үйл явдал нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох асуудал байлаа. Парламентын үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай МАН-ын бүлгээс Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах бичигт гарын үсэг зураагүй 33 гишүүний 28 нь шинэ Ерөнхий сайдыг томилох хуралдаанд оролцоогүй боловч АН-ын есөн гишүүний дэмжлэгийг авч, УИХ-ын 47 гишүүний оролцоотойгоор У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдов. Ингэснээр 5.3 хувийн өсөлттэй, суурь эдийн засаг сэргэлттэй байгаа улс орныг хүлээж авлаа. “1990 оноос хойш Засгийн газар 18 удаа огцорч, 1.5 жилийн дундаж настай Ерөнхий сайдтай болжээ, манай улс. Үүнийг Монгол Улсын төрийн дархлаа алдагдаж, төрийн ажил тогтворгүй явж ирсэн асуудал гэж ойлгож байна. Үүнд харамсч байгаа юм” гэж УИХ- ын гишүүн Д.Тэрбишдагва онцолж байлаа.
Парламентын үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай МАН-ын бүлгээс Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах бичигт гарын үсэг зураагүй 33 гишүүний 28 нь шинэ Ерөнхий сайдыг томилох хуралдаанд оролцоогүй боловч АН-ын есөн гишүүний дэмжлэгийг авч, УИХ-ын 47 гишүүний оролцоотойгоор У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдов
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ц.Санжмятав өмнөх Засгийн газар муугүй ажилласныг онцолж, одоогийн танхим өдөр шөнөгүй сууж хөдөлмөрлөхийг хүссэн юм. Түүнээс гадна энэ удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх АН-ын бүлгийн гишүүдтэй хамтарч, парламентад олонхийн дэмжлэгийг авч байгааг анхааруулав. Мөн АН-ын бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Та өөрөө УИХ-ын гишүүн биш учраас парламентад байгаа МАН-ын гишүүдээс салбарын сайдаа томилох нь зөв” гэж зөвлөлөө. Ж.Эрдэнэбатаас Засгийн газрын тамгаа хүлээж авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх танхимын бодлогыг үргэлжлүүлж, ОУВС-тай хамтран ажиллах, эдийн засгийн өсөлт авчирсан бүх ажлыг цаашид авч явахаа илэрхийлэв. Гэвч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат нарын нөлөө бүхий эрхмүүд хэвлэлийн хурал зарлаж, МАН-ын доторх үл ойлголцлыг даван туулахын төлөө байгаагаа илэрхийлсэн нь энэ намын гишүүдийн бат цул нэгдэл, эв эе алдагдсаныг харуулах нотолгоо боллоо. Учир нь, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, цаашдын бодлого, хөтөлбөрийн талаар шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулга хийж, тайлбар хэлээгүй мөртлөө АН-ынхантай уулзаж ярилцсан нь гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн бололтой юм. Ийнхүү МАН-ын гишүүдийн үл ойлголцол хурцдаж байх үед АНУ-ын Лас Вегас хотод болсон террорист халдлага дэлхий нийтийг цочоосон гол үйл явдлаар нэрлэгдлээ. Нэр нөлөө бүхий кантри дуучны тоглолтын үеэр болсон халдлагад 59 хүн нас барж, 500 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Нэг дор ийм олон хүнийг буудаж хороосон явдал АНУ-ын түүхэнд гарч байгаагүй аж. Уг халдлагыг Невада муж улсын харьяат, 64 настай иргэн үйлдсэн бөгөөд үзэгчид рүү 9-10 минут автомат буугаар тасралтгүй галлаж байхад нь тусгай ажилтнууд буудан хороосон байна. Гэмт этгээд “Маndalay bay” зочид буудлын 32 давхрын хоёр ч өрөөг дөрөв хоногийн өмнө хөлслөн авч, 20 гаруй буу зэвсгийг ямар нэг байдлаар оруулж, нэлээд бэлтгэл хангаж ажилласан байжээ. Үүний дараа “Исламын улс” бүлэглэл дээрх хэргийг өөртөө хүлээхээр мэдэгдсэн ч энэ нь бодит мэдээлэл биш гэж олон нийт үзэж байгаа бөгөөд тус бүлэглэл эзэн холбогдогч нь тодорхой аливаа халдлагыг хүлээж, нэр нөлөөгөө нэмэгдүүлэхийг чухалчилдаг террорист байгууллага юм. Энэ явдалтай холбогдуулан АНУ-д зэвсгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах асуудал хурцаар яригдаж эхэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний төрсөн өдөр буюу аравдугаар сарын 7-нд Оросын томоохон хотод эсэргүүцлийн жагсаал болж, сөрөг хүчний удирдагч А.Навальныйг 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахыг шаарджээ. Түүнийг олон нийтийн жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 20 хоногоор баривчлаад байгаа бөгөөд энэ он гарснаас хойш гурав дахь удаагаа хорьсон нь энэ юм. А.Навальныйг дэмжсэн жагсаалын үеэр 100 гаруй хүнийг баривчилсан байна. Өнгөрсөн долоо хоногт Нобелийн нэрэмжит шагналтнуудыг тодруулж эхэлсэн. Физик, эрүүл мэнд, утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудын дотор АНУ-ын эрдэмтэн, судлаачид давамгайлж байна. Тодруулбал, физикийн салбарын шагналыг АНУ-ын гурван эрдэмтэн хүртлээ. А.Эйнштэйний таамаглаж байсан татах хүчний ерөнхий онолыг бодит болохыг баталсан тэдгээр эрдэмтэд есөн сая кроны шагналыг гардан авчээ. 1901 оноос хойш Нобелийн шагналаар АНУ-ын 204 физикч шагнагдаж байжээ. Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг мөн л АНУ-ын гурван эрдэмтэн хүртлээ. Харин утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Японы зохиолч Кабу Ишигора “Өдрийн үлдэгсэд” болон бусад зохиолоороо хүртсэн байна. Хүний дотоод сэтгэлийн мөн чанар, өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралын тухай харьцуулсан сэтгэл зүйн зөрчилдөөний тухай түүний романыг дэлхийн олон нийт гүн хүндэтгэлтэй хүлээж авдаг аж.
Д.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)