Энэ жил өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна
- 2017-10-14
- Нийгэм
- 0

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, хатагтай Биатэ Транкман, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нар оролцов. Энэ зун 21 аймгийн 153 сум гандуу, 15 аймгийн 94 сум гантай байжээ. Ингэснээр аймаг, сумын нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх боломжгүй болж, аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх санхүүгийн бэрхшээл тулгарсан байна. Мөн улаанбуудай, тэжээлийн ургамлын ургац буурч, малын усан хангамж дутагдаж, үлийн цагаан оготно, царцаа ихэсчээ. Улсын хэмжээнд 2016 оны эцэст малын тоо толгой 61.5 саяд хүрсэн бөгөөд үүний 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авсан байна. Тиймээс 2017-2018 онд 160 мянга гаруй өрхийн 66 сая малаас 9.2 сая нь отроор өвөлжих аж. 2017-2018 оны өвөл, хаваржилтад гарч болзошгүй хүндрэлийг тодорхойлж, эрт сэрэмжлүүлж, бэлэн байдлаа хангахын тулд нэн шаардлагатай арга хэмжээ авах, бэлтгэлээ урьдчилан базаах талаар холбогдох албан тушаалтан, байгууллагууд танилцууллаа. Түүнийг тоймлон хүргэж байна.
НӨӨЦИЙГ БОДИТОЙ ТОДОРХОЙЛОХ ШААРДЛАГАТАЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Сүүлийн жилүүдэд жил дараалан өвөлжилт хүндэрч байгаагийн үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт, дулааралтай ихээхэн холбоотой. Зудын гамшгийн хор хөнөөл нийгэм, эдийн засгийн салбар бүрт, тэр дундаа хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт, ядуурал, ажилгүйдэл, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс зудын эрсдэлийн удирдлага нь зөвхөн аюул тулгарсан үед хариу арга хэмжээ авах, учирсан хор уршгийг арилгах асуудал биш юм. Зудын эрсдэлийн удирдлагыг нийгмийн болон бэлчээрийн мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудал гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулбал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөртэй байна. Иймээс 2017-2018 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах бэлтгэлийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд 13.4 тэрбум төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийг 2018 оны төсөвт 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Өнгөрсөн өвөл малчдын амьжиргааны төвшинг тодорхойлсон дүн мэдээ хуучирсан, байгууллага хоорондын ажлын уялдаа сул, тоо баримт зөрсөн, аймаг, сумын хэмжээнд бэлтгэсэн өвс, тэжээлийн хэмжээ хангалтгүй, тусламж үзүүлэх малчин өрхийн судалгааг хугацаа хожимдуулж гаргасан зэрэг хүндрэл гарч байсан. Иймд эхний ээлжид малчин өрх, сум, аймгийн хэмжээнд байгаа өвс тэжээл, бензин шатахуун, машин техник зэрэг нөөцийг бодитоор тодорхойлж, цаашид шаардагдах тооцоог гаргах шаардлагатай байна
АЙМАГ СУМДЫН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙН БЭЛТГЭЛ 27 ХУВЬТАЙ БАЙНА
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар: -Засгийн газрын энэ оны мал аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай тогтоолын дагуу улсын хэмжээнд малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 48, аймаг сумдын аюулгүйн нөөцийн бэлтгэл 27, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна. Энэ жил манай орны нийт нутгаар 6-7 дугаар сард хур тунадас бага орж, олон хоногоор хэт халуун үргэлжилсэн нь зуншлага оройтож, ургамлын гарц муудсан. Хэдийгээр наймдугаар сард нийт нутгаар хур тунадас орсон ч хадлан бэлтгэлийн ажил удаашрахад нөлөөлсөн. Тиймээс цаашид аймаг, сумдын Эрүүл мэндийн төвийн эмийн нөөцийг хангалттай бүрдүүлэх, өвөлжилт хүндрэх магадлалтай аймагт зам, даваа нээх зориулалт бүхий ачигч, түрэгч ковшоор хангах, тусламжийн барааны баталгаат хугацаа, хадгалалт, хамгаалалт, хуваарилалтад хяналт тавьж ажиллана. 2009-2017 онд гамшигтай тэмцэх чиглэлд Засгийн газрын нөөц сангаас 102.7 тэрбум төгрөг үүнээс өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад 20 тэрбум төгрөг зарцуулсан. Сүүлийн найман жилийн хугацаанд гадаад улс орон, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, олон улсын Хавирган сар нийгэмлэг, МУЗН болон иргэдийн зүгээс 60 гаруй тэрбум төгрөгийн тусламж үзүүлээд байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүднээс ЭМЯ түргэний 167 автомашиныг аймаг, сумдад олгосон. Цаашид 12 аймгийн сумдад 17 автомашин олгох шаардлагатай байгаа.
ЗАРИМ СУМЫН НУТГААР БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРСЭН ТУЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ
Цаг уур, орчны шинжилгээний газрын Ерөнхий технологич инженер Ч.Сарантуяа: -Дэлхийн дулаан, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны дулаан сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд хүчтэй эрчимжиж, 1940-2015 оны мэдээгээр газар орчмын агаарын температур 2.24 хэмд хүрч, хур тунадас аажмаар буурч байна. Арав хоног тутамд зуншлагын байдлыг үнэлсэн дүнгээр долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн арав гаруй хувь сайн, 80 орчим хувь дунд зэрэг, арав гаруй хувь буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Дундговь аймгийн зарим сумын нутагт гантай байв. Наймдугаар сард бороо ахиу орж, бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирч, нийт нутгийн 40 орчим хувь хэвийн зуншлагатай болсон учир нутгийн 30 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой болсон. Харин 70 орчим хувь нь хүндрэлтэй байгаа тул өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэрэг ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай байна. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь аймгийн ихэнх сум, Хөвсгөл, Булган, Хэнтийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгийн зарим сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул өвөл, хавар нөхцөл байдал хүндрэхээр байна.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)