Ирэх онд цөөнгүй сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна

 Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИРООС зарим зүйлийг тодрууллаа. -Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2018 оны төсөв чамбай болж чадаж байна уу? -Зургаа гаруй их наядын орлого, найман их наяд төгрөгийн зардал, хоёр их наядын алдагдалтай төсвийг хэлэлцэж байна. Өмнөх жилүүдийн төсвийг бодвол ирэх оных нэлээд сайжирсан. Гэхдээ цаашид томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн өсөлт гарахгүй нь. -Тэргүүлэх буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон ямар ажлыг хийж, хэрэгжүүлэхээр санхүүжилтийг нь төсөвт тусгаж байна вэ? -Монгол Улсын эдийн засаг хүнд, иргэдийн амьжиргааны төвшин буурсан учраас 2018, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх хэрэгтэй л дээ. Энэ утгаараа салбар бүрт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж байгаа. Хамгийн гол нь, ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэдэг асуудлыг зохицуулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр УИХ, Засгийн газрын төвшинд шийдвэрлэсэн. Энэ бол маш зөв. Ирэх онд сургууль, цэцэрлэгийн олон барилгыг барих юм байна гэж ойлгож болно. -Төсвийн орлогыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулах ямар боломж байна вэ? -Үүний төлөө л явах хэрэгтэй. Төсвийг илүү чамбайруулж, сайжруулах хэрэгтэй. Юуны түрүүнд алдагдлыг багасгаж, хөрөнгө оруулалтад санхүүжилт тусгах нь зүйтэй. Төсвийг төлөвлөсөн зүйлд бодлоготойгоор зарцуулах нь улсын эдийн засагт хэмнэлттэй, хөгжилд тустай. Ингэхийн тулд хаа хаанаа хариуцлагатай хандаж, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Төсөвт тодотгол хийх хэрэггүй. Зөвхөн төсвийн хөрөнгөөр асуудлыг шийдэхгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, концессоор ямар нэгэн ажил хийж гүйцэтгэх боломж бий. Жишээлбэл, Энэтхэг улсаас олгож буй тэрбум ам.долларын санхүүжилтээр нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх ёстой. Энэ мэт санхүүжилтийг нь шийдвэрлэж, ТЭЗҮ нь бэлэн болсон том төслийг хэрэгжүүлэх цаг нь болсон. -Энэ онд төсвийн тодотгол хийж, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болсон. Үүнийг мөн ирэх онд олгохоор санхүүжилтийг нь төсөвт тусгасан юм билээ. Үүнд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна шүү дээ? -Манай улсын эдийн засаг сайжирч байна. Үүний үр шимийг хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин урамшууллаар дамжуулан хүн бүрт хүртээхээс өөр аргагүй. -Манай улсын эдийн засаг хасах заасан ч богино хугацаанд нэмэх рүү оруулж чадлаа. Харин ирэх онд эдийн засгийн төлөв байдал ямар байх бол? -Харьцангуй гайгүй байх болов уу. Жилийн хугацаанд бид Монголбанкинд тэрбум 700 сая гаруй төгрөгийн валютын нөөцийг бүрдүүллээ. Энэ мэт дэвшилттэй зүйл олон бий. Нүүрс, зэсийн үнэ ханш өсч, 800-аад тэрбум төгрөг улсын төсөвт орж ирсэн. Үүнийг халамжийн чиглэлд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, ахмадуудын тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмэх, “Цалинтай ээж” хөтөлбөрийн санхүүжилтэд төлөвлөсөн. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед иргэн, аж ахуйн нэгжийг ажил, орлоготой байлгах үүднээс хөрөнгө оруулалтад зориулж, ирэх оны төсөвт 700 гаруй тэрбум төгрөг суулгасан.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)