Шөнийн тарифын хөнгөлөлтөөр нэг өрх 10 мянган төгрөг хэмнэнэ
- 2017-11-13
- Нийгэм
- 0

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрт Засгийн газар сард 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоог гаргасан байна. Харин гэр хорооллын нэг өрх сард 10 мянган төгрөг хэмнэх юм. Цахилгааны шөнийн тариф тэглэх шийдвэр гарснаас хойш нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдэж, 146 мянган өрхөд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Гэр хороололд шинээр шилжсэн өрхийн 45 хувь нь бизнесийн зорилготой байгааг анзаарч болохоор байна. Тухайлбал, шөнийн цагаар ажилладаг халуун усны газар, үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо Сонгинохайрхан дүүрэгт нэмэгджээ. Үүнээс гадна шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдэл бүхий бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн нэг жилд 22-оор нэмэгдсэн талаар МҮХАҮТ мэдээллээ. Эдгээрийн 18 нь импортын халаагуур худалдаалдаг бол дөрөв нь дотоодод үйлдвэрлэж байна. Дотоодод үйлдвэрлэсэн цахилгаан халаагуур 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй. Харин импортын дулаан хадгалдаггүй жирийн халаагуурын үнэ 49 мянган төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал, “Кореан кабль” компани дулаан хадгалах шалны халаалт худалдаалж байгаа бөгөөд нэг ам метр нь 25-45 мянган төгрөгийн үнэтэй аж. Одоогоор 45 өрхөд борлуулжээ. Харин “МББ” компани нано технологи бүхий цахилгаан халаагуур импортолж байна. Нано халаагуур нэг ам метр нь 68 мянган төгрөгийн үнэтэй. Сүүлийн гурван сард 50 орчим өрхөд суурилуулжээ. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчдийн нэг “Ach SVS” компани зөвхөн монгол гэрт ашиглаж болох шөнийн цагаар цэнэглээд өдрийн турш дулаанаа хадгалах халдаг шал үйлдвэрлэж байна. Шинэ бүтээгдэхүүн 1.9 сая төгрөгийн үнэтэй бөгөөд гурван өрх худалдан аваад байгаа аж.
Б.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)