Өмчлөх боломжтой орон сууцны хороолол барина
- 2017-11-15
- Нийгэм
- 0

Сонгинохайрхан дүүргийн газарт ирэх хоёр жилийн хугацаанд буюу 2017-2019 онд 1002 айлын орон сууц барих “Нийслэлийн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэхийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ. Тэргүүлэгчдийн хуралд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү төслийг танилцуулав. БНХАУ-ын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон автозам, машины зогсоолтой, 9-15 давхар бүхий 1002 айлын орон сууц барихаар дээрх төслийг боловсруулсан байна. Орон сууц нь 30-75 ам метр талбайтай байх бөгөөд түрээсийн төлбөр нь метр тутамдаа 7500 төгрөг байх аж. Ингэж тооцвол 30 ам дөрвөлжин орон сууцны түрээс сарын 225 мянган төгрөг байх юм. Мөн иргэд түрээсийн үндсэн төлбөрөөс гадна ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулааны мөнгөө төлнө. НОСК-аас дээрх орон сууцны түрээсийн гурван нөхцөл санал болгож байгаа аж. Тухайлбал, иргэн сонгосон байраа 15 жилийн хугацаанд түрээслээд өөрийн болгох боломжтой. Мөн урьдчилгаа 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний түрээс төлсний дараа найман хувийн зээлд хамрагдах, эсхүл өмчлөхгүйгээр тодорхой хугацаанд түрээслэх юм. Өмчлөх тохиолдолд нэг ам метр нь 1.1 сая төгрөг байхаар тооцсон байна. Төслийг хэрэгжүүлснээр 113 байнгын ажлын байр шинээр бий болно хэмээн төлөвлөжээ.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)