“Оюу толгой”-д ажиллагсдын 93 хувь нь Mонголчууд гэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Армандо Торрес “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаа тэр дундаа хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд баримталж ажилладаг бодлогын талаар товч мэдээллийг өгсөн юм. Тэрбээр тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг бөгөөд монголчууд аюулгүй ажиллагааны соёлд сайн суралцсаны үр дүнд осол гэмтлийн хамгийн сайн буюу 0.24 үзүүлэлтийг авч, уул уурхайн салбартаа тэргүүлж буйг танилцууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын гол зорилго хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байдлыг хангах бөгөөд “Оюу толгой” компани энэ тал дээр хүчин чармайлт гаргаж ажилладгийг хэллээ. Өнөөдөр тус компанид 13 мянган хүн ажилладаг бөгөөд тэдний 93 хувь нь монголчууд, мөн удирдлагын 69 хувь, гүйцэтгэх удирдлагын гуравны нэгийг үндэсний боловсон хүчнээр хангасан байна. Энэ нь монголчууд аливаа шинэ зүйлийг амархан сурч, техник технологийг богино хугацаанд эзэмшиж олон улсын төвшинд өрсөлдөхүйц мэргэжилтэн болж чаддагтай холбоотойгоос гадна “Оюу толгой” компанийн боловсон хүчний бодлоготой ч холбоотой гэдгийг Армандо Торрес захирал онцолсон. Мөн самосвал ашиглалт, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын үзүүлэлтээр “Оюу толгой”-н монголчууд “Рио Тинто”-гийн компаниуд дундаа толгой цохидог гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн Армандо Торрес “Сайд таны хүчин чармайлтын хүчинд гүний уурхайд эмэгтэй ажилчид ажиллах боломжтой болсноор өнөөдрийн байдлаар гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж буй ажиллагсдын 18 хувь нь эмэгтэйчүүд байна” гэлээ. Мөн энэ онд “Оюу толгой” компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч эерэг үр дүнтэй гарч буй төдийгүй гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу амжилттай яваа бөгөөд цаашдаа сайжрах хандлагатайг онцоллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Оюу толгой” ХХК Монголын эдийн засагт хувь нэмэр оруулж, монголчуудыг дэлхийн хэмжээний том уурхайд ажиллах чадвартай мэргэжилтэн болгоход анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр “Оюу толгой” ХХК-ийг үйл ажиллагаа хөрөнгө оруулалт болон Монгол Улсын хүртэх ёстой ашиг орлогын талаар олон нийтэд байнга нээлттэй мэдээлж байхыг зөвлөлөө. Түүнчлэн “Оюу толгой” ХХК-аас бизнес эрхлэгчдэд зориулан компанийн засаглал, ХАБ, боловсон хүчнээ бэлтгэдэг арга гээд олон чиглэлээр туршлага хуваалцаж хамтран ажиллахад анхаарахыг хүслээ. Мөн хүмүүсийг ажилд авах, монгол залуусыг дэлхийн хэмжээний мэргэжилтэй боловсон хүчин болгон чадваржуулах ажлаа зөвхөн Өмнөговь аймгаар хязгаарлалгүй үндэсний хэмжээнд өргөжүүлэх, үүний тулд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллахыг С.Чинзориг сайд санал болголоо.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ОЮУТОЛГОЙН АЖИЛТАН БНА......... (202.70.34.115)

    2017-11-26

    ӨДӨРТ ГАРГАЖ БАЙГАА ЗЭСИЙН БАЯЖМАЛ, МОЛИБДЕНИ, АЛТ, БУСАД ДАГАЛДАХ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙГ НАРИЙН ХЯНАЖ ТАТВАР ТООЦОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ШҮҮ, ДААНЧ ХЯНАЛТ ТООЦОО АЛГА, ЭНЭ ХЭДЭН ГАДААД ДАВАРЧ ГҮЙЦЛЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗАСГИЙН ГАЗРАА, УИХ-АА .............. БИДНИЙ БАЯЛАГИЙГ ДААНЧ ХАРАМСМААР ҮНЭГҮЙ ЗӨӨЖ БНА ШҮҮ............. ХАРИН УЛС ОРОН МААНЬ УЛАМ ЯДУУРСААР..................